Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь “Эрдэнэс Тавантолгой” компани болон орон нутгийн “Тавантолгой” хувьцаат компаниийн үйл ажиллагаатай УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг сэтгүүлчдийн хамт өнгөрсөн өдрүүдэд танилцлаа. Тодруулбал, ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг “Эрдэнэс Тавантолгойн”-н Баруун Цанхийн ордтой танилцсан бөгөөд энэ үеэр тус компанийн удирдлагуудаас мэдээлэл сонссон юм.
Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний ажлын хэсгээс урьдчилсан дүгнэлт гарсан бөгөөд гэрээнд хэд хэдэн зөрчил байгааг ажлын хэсгээс мэдээлсэн билээ. Өнөөдрийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой”-д 1400 гаруй хүн ажиллаж байгаа аж. Тус компанийн агуулахад 2.3 сая тонн нүүрс, хуулж олборлоход бэлэн болсон хоёр сая тонн нүүрс байгаа бөгөөд нийт 140 сая ам,долларын үнэлгээ бүхий нүүрсний нөөцтэй юм байна. Энэ нь “Чалько”-гийн өрийг дарахад хүрэлцэнэ гэдгийг компанийн удирдлагууд онцоллоо. “Чалько”-ийн өрийг нүүрсээр болон бэлнээр төлж байгаа ба сард 600 мянган тонн нүүрс зөөвөрлөн авч байгаа аж. Одоогоор уурхайн Баруун цанхийн олборлолт хэвийн үргэлжилж байгаа бол Зүүн цанхийн үйл ажиллагаа зогсчээ.
“Эрдэнэс Тавантолгой”н агуулахад 2.3 сая тонн нүүрс, хуулж олборлоход бэлэн болсон хоёр сая тонн нүүрс байгаа бөгөөд нийт 140 сая ам,долларын үнэлгээ бүхий нүүрсний нөөцтэй юм байна
Түүнчлэн “Эрдэнэс Тавантолгой”-н удирдлагууд ”Чалько"-гийн өрийг төлөх нь “Эрдэнэс Тавантолгой”-н гол үүрэг биш. Гэхдээ бид ирэх оны эхний хагаст “Чалько”-гийн өрийг төлж барагдуулна” хэмээв.
“Эрдэнэс Тавантолгой” компани өнөөдрийн байдлаар өдөрт 200-250 машин нүүрс тээвэрлэж байгаа бол цаашид 800 машин болгох зорилготой.
Ирэх оны эхний хагаст “Чалко”-гийн өрийг төлж барагдуулна
Ийн УИХ-ын гишүүн “Эрдэнэс Тавантолгой”-н удирдлагуудаас мэдээлэл сонссоны дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
- “Тавантолгойн”н гэрээ олны анхааралд байгаа. Ажлын хэсгийн ахлагчийн хувьд компанийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа. Энэхүү гэрээ багагүй хүлээлт үүсгээд буй. Хэзээ шийдэгдэх вэ?
-“Эрдэнэс Тавантолгой” компанийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа эсэхтэй газар дээр нь танилцлаа. Тус компани нь 2011 онд үүссэн цагаасаа үйл ажиллагаа нь боломжийн явагдаж байгаа. Эдийн засгийн байдал хүндэрсэн ч “Эрдэнэс Тавантолгой”-н ажил хэвийн явагдаж байна. Уурхайн зүүн, баруун цанхи гэсэн хоёр хэсэг бий. Баруун цанхид гурван компанийн нэгтгэл олборлолт хийсэн. Нэг метр3 нүүрс олборлоход 6800 төгрөгийн өртгөөр үйл ажиллагаа явуулж уурхайн аман дээрээс борлуулалтаа хийж “Чалько”-гийн өрийг төлж байна. Нийт олборлосон нүүрсний тавин хувьд нь “Чалько”-гийн өрийг төлж, үлдсэн хувьд нь борлуулат хийдэг. Борлуулалт хийсэн мөнгөөрөө цаашид үйл ажиллагаа явуулах зардлаа гаргаж ажилладаг. Дотоодын компаниудын нэгтэл болсон “Монгол уурхайчин” компанийхантай уулзлаа. Тус компани зарласан тендерийнхээ хэмжээнд олборлолтоо хийж чадахгүй байгаа гэдгийг хэлсэн. Нийт хүчин чадлынхаа 40 хувийг ашиглаж.60 хувьд нь сул зогсолт хийж байгаа юм байна. Энэ нь “Эрдэнэс Тавантолгой” гэрээ зөрчиж байна гэсэн үг. Учир нь “Чалько” авах ёстой өрнийхөө хэмжээнд нүүрсээ авахгүй байгаа. Ер нь хангалттай нүүрс олборлосон байна. Нийт 2.3 сая тонн нүүрс зүүн, баруун цанхийнхаа агуулах дээр бэлэн гаргасан. Мөн хөрс хуулаад бэлэн болсон хоёр сая тонн нүүрс байгаа гэлээ. Үүнийг нийт өртгөөр тооцоход 140 сая ам.доллар болно. Хэрэв “Чалко” компани нүүрсээ татаад дуусгалаа гэхэд 2-3 сарын дотор 142 сая ам.долларыг төлөхөд бэлэн. Гэхдээ “Чалько” компани эцсийн хэрэглэгч биш Хятадад байгаа бусад нүүрс худалдан авагчдад зуучилж нүүрсээ зардаг учраас худалдан авагчаа олсон нөхцөлд тэр хэмжээгээр нүүрс татаж авдаг.
Эдийн засгийн байдал хүндэрсэн ч “Эрдэнэс Тавантолгой”-н ажил хэвийн явагдаж байна
- Тэгвэл цаашид ажил үргэлжлүүлэхэд тулгамдаж байгаа ямар асуудал байгаа бол?
- Мэдээж хамгийн гол нь замын асуудал тулгамдаж байгаа. Энд ирээд яригдсан бас нэгэн сэдэв бол автозамын асуудал байлаа. Шороон замаар тээвэрлэлт хийхэд байгаль орчинд хор хөнөөлтэй. Тиймээс “Энержи Ресурс” компани зам барьсан ч улс буцаагаад авсан. Энэ нь зам хүнд даацынх болж чадаагүйг харуулж байна. Орон нутгийн зам арай дээр боловч нэг машин 130 хүртэлх тонн нүүрс ачих боломжтой байхад энэхүү зам дээр 70 тонноос хэтрүүлэн ачих боломжгүй байдаг аж. Хуучин бол нэг удаа ачаад явуулдаг байсан өнөөдөр хоёр машинаар нүүрсээ зөөж байна. Энэ нь нүүрсний тээвэрлэлтийн зардлыг өсгөж байгаа юм. “Эрдэнэс Тавантолгой” уурхайн аман дээрээсээ нүүрсээ өгдөг учир алдагдалд ордоггүй. Харин худалдан авагч компани тээвэрлэлтээ хариуцдаг учир “Чалько” болон Хятадын бусад компаниуд алдагдал хүлээдэг. Нэг удаагийн зөөвөрлөлтөөс 4-5 ам.доллар алддаг. Энэ утгаараа худалдан авагч тал алдагдал хүлээгээд байгаа учраас тэд авах нүүрснийхээ хэмжээг багасгасан. Нэг талдаа автозам ашиглахгүйгээр 130 тонноор нь ачихын тулд шороон замаар явдаг байсан. Харин өнгөрсөн дөрөвдүгээр сард Шадар сайд У.Хүрэлсүх орон нутгийнхантай уулзсанаар заавал авто замаа ашигла гэсэн тушаал гаргаж шороон зам ашиглахаа больсон. Үүнээс хойш “Эрдэнэс Тавантолгой”-оос нүүрс авч байгаа компаниуд алдагдал хүлээсэн учир борлуулалт эрс буурсан гэсэн мэдээллийг өглөө. Миний зүгээс автозамаа бага хэмжээний хөрөнгө оруулалтаар даацыг нь нэмэгдүүлэх ямар боломж байгаа вэ хэмээн асуулаа. Гэтэл даацыг нэмэгдүүлэх боломжгүй гэсэн хариулт өгсөн. Учир нь суурьнаасаа даац сайтай зам тавих ёстой байдаг. Худалдан авагч тал өөрсдөө замаа барьж, нүүрсээр замынхаа өртгийг авах боломжтой гэсэн санал тавьж байгаа гэлээ. Мөн “Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлагуудын хэлж байгаагаар автозам гэхээсээ илүү төмөр замаа маш хурдан барих ёстой. Учир нь төмөр замаар нүүрсээ тээвэрлэснээр нэг тонноос арван ам,доллар хэмнэгдэнэ. Ингэснээр нүүрс 20-30 хувиар хямдарна гэсэн үг. Энэ утгаараа тухайн бүс нутагт хамгийн хямд нүүрс болж чадах юм. Хэрвээ “Эрдэнэс Тавантолгой” үйл ажиллагаагаа хэвийн явууллаа гэхэд төмөр замын асуудлыг яаралтай шийдэж өгөх шаардлагатай юм.
Автозам гэхээсээ илүү төмөр замаа маш хурдан барих ёстой
- Тавантолгой ордын гэрээний дүгнэлт хэзээ батлагдаж,шийдвэр нь гарах вэ?
- Гэрээ нь өөрөө олон хууль тогтоомжийг зөрчсөн талаар үргэлж мэдээлж байгаа. Тиймээс зайлшгүй хууль тогтоомжид нийцүүлэх шаардлагатай. Мөн нэг улсын зах зээлээс хамааралтай мухар төмөр замтайгаар “Тавантолгой” ордыг ашиглах нь Монгол Улсын ирээдүйд ач холбогдол бага. Төмөр замын хөрөнгө оруулалт нь уурхайн хөрөнгө оруулалтаас өндөр учраас төмөр замынхаа хөрөнгө оруулалтыг шийдсэн нөхцөлд Тавантолгойг тухайн хөрөнгө оруулагч талдаа 49 хувийг нь, Монголын төмөр зам компани 51 хувийг нь эзэмших боломжтой. Тиймээс энэ асуудлыг дэмжих хөрөнгө оруулагчийг бид олох ёстой гэдэг үүднээс тогтоолын төслийг боловсруулж УИХ-д өргөн барина. Харин Засгийн газраас нэгэнт хууль зөрчсөн гэрээ учир эргүүлэн татна гэж бодож байна. Буцааж УИХ-д өргөн барина. Ингэхдээ тогтоолын дагуу эдгээр өөрчлөлтүүдийг оруулчихаад оруулж ирэх болов уу гэж харж байгаа.
Нэг улсын зах зээлээс хамааралтай мухар төмөр замтайгаар “Тавантолгой” ордыг ашиглах нь Монгол Улсын ирээдүйд ач холбогдол бага
- Тэгвэл зайлшгүй тогтоолын төсөлд тусгах шаардлагатай ямар асуудал байгаа вэ?
- Тогтоолын төслөөр 1072 хувьцааг эргэлтэд оруулна гэдгийг хэлсэн. “Эрдэнэс Тавантолгой”-н үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа. Дүгнэлт хэлэхэд эрт байна. Бусад компаниудын нөхцөл байдалтай танилцсаны дараа дүгнэлт хэлэх нь зүйтэй болов уу. “Эрдэнэс Тавантолгой”-н ажил хэвийн явагдаж байгаа нь харагдлаа. Хэрэв улсаас төмөр зам бариад өгвөл “Тавантолгой”-н орд нь хөрөнгө босгох бүрэн боломжтой. Төмөр замтай гэдгээрээ Олон Улсын бирж дээр хувьцааны үнэ нэмэгдэх боломжтой.
Бусад компаниудын нөхцөл байдалтай танилцсаны дараа дүгнэлт хэлэх нь зүйтэй болов уу
- “Эрдэнэс Тавантолгой” компани хамтарсан концесст орох нөөц бололцоо нь хэр байгаа бол?
-“Эрдэнэс Тавантолгой” компани харьцангуй бага зардлаар үйл ажиллагаагаа явуулж байна. Түүнчлэн угаах үйлдвэр барих боломжтой болох байх. Эсвэл “Энержи Ресурс”-т бэлэн байгаа үйлдвэрийг ашиглаж нүүрсээ угааж болно. Дээрээс нь хуурай аргаар нүүрс угаах технологийг япончуудтай хамтран судалж байгаа гэсэн. Угаах үйлдвэрийн зардал их биш. Дэд бүтцээ бодохын бол тийм ч их биш. Яг энэ байдлаараа дахин хоёр жил ажиллахад ямар ч алдагдал хүлээхгүй. Тиймээс “Эрдэнэс Тавантолгой” компанид хөрөнгө оруулалт шаардлагагүй. Харин төмөр замдаа хөрөнгө оруулалтаа тавих шаардлагатай.