m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.08 06:07
499
Ц.Цэрэндорж: Монголын ард түмний эгшиглэн болсон морин хуурандаа мөргөе

Эзэмшсэн мэргэжлээрээ бусдыгаа манлайлж салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүст өнөөдөр Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон медаль хүртээлээ.  

Тухайлбал,

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор АЖ.Б.Зангадыг

Монгол Улсын Ардын жүжигчин цолоор Төрийн хан хуурч Ц.Цэрэндоржийг

Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор дуучин Л.Болдбаатарыг

Монгол Улсын гавьяат тамирчин цолоор С.Мияарагчааг

Гавьяат багш цолоор СЭЗДС-ийн багш Б.Зууннаст, ХСИС-ийн багш С.Бадарч, Булган аймгийн багш Г.Банзрагч, МУБИС-ын салбар сургуулийн захирал Д.Цэцэгээ нарыг,

Гавьяат малчин цолоор Дорнод аймгийн Дашбалбар сумын малчин Д.Долгор, Ховд аймгийн Чандмань сумын малчин Ж.Дулам нарыг,

Гавьяат уурхайчин цолоор Л.Батсуурийг,

Гавьяат зүтгэлтэн цолоор орчуулагч, яруу найрагч, Ж.Нэргүй

Хүний гавьяат эмч цолоор Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн тасгийн эрхлэгч Ч.Лхамсүрэн, Клиникийн II нэгдсэн эмнэлгийн их эмч Д.Санжаа, Увс аймгийн эмч Н.Чадраабал нарыг,

Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын их эмч Д.Ичинноров нарыг шагналаа.

Энэ үеэр Төрийн дээд олон медаль хүртсэн хүмүүсийн сэтгэгдлийг сонслоо.

Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Б.Зангад: Урлагт олон жил ажилласныг минь Төр засаг өндрөөр үнэллээ

- Төрийн дээд одон медаль хүртэж Хөдөлмөрийн баатар гэсэн эрхэм цолоор энгэрээ мялаасанд баяртай байна. Урлагт олон жил ажилласныг минь Төр засаг ийнхүү өндрөөр үнэллээ. Энэ дашрамд гэр бүл, найз нөхөд, хамт олон, шавь нар болон үзэгч сонсогчиддоо баярлалаа.  

 

Төрийн Их хан хуурч Ардын жүжигчин Ц.Цэрэндорж: Монголын ард түмний эгшиглэн болсон морин хуурандаа мөргөе

- Эх орныхоо ардын урлагийг судлан сурталчилж, зааж сургах үүргийг надад өгсөн та бүгдэд баярлалаа. Ард түмэндээ зориулж ардын урлагийн шүтээн болсон морин хуурыг тоглож явсан минь өнөөдрийн хүндтэй шагнал авахад хүргэлээ. Монголын ард түмний эгшиглэн болсон морин хуурандаа мөргөе.

Монгол Улсын гавьяат тамирчин С.Мияаррагчаа: Гэр бүлийн минь нэг хэсэг болсон жудо бөхийн хамт олондоо талархъя

- Монгол Улсын гавьяат тамирчин цолоор энгэрээ мялаасанд баяртай байна. Гэр бүлийн минь нэг хэсэг болсон жүдо бөхийн хамт олондоо талархаж байна. Мөн Цагдаагийн Ерөнхий газрын хамт олон болон бүх найз нөхдөдөө баярлалаа. Цаашид илүү их хичээх болно. Нийт монголчууд минь сайхан наадаарай.

Киргиз улс дахь Консулын газрын жолооч Д.Баасанжав:Гадаад хэргийн яамны үе үеийн удирдлагууд болон албан ажилтан албан хаагчдад баярлалаа

- Би Гадаад хэргийн яаманд 32 жил ажилласан. Одоогоор Киргиз улсын Консулын газарт жолоочоор ажилладаг. Өнөөдөр Алтангадас одонгоор энгэрээ мялаасандаа баяртай байна. Энэ дашрамд амжилтын минь эх үүсвэр болсон аав ээж,хань,үр хүүхэд, ажлын хамт олондоо талархъя. Гадаад хэргийн яамны үе үеийн удирдлагууд болон албан ажилтан албан хаагчдад баярлалаа.

 

Монгол Улсын гавьяат жүжигчин Л.Болдбаатар: Түмэн олондоо маш их баярлалаа

- 2005 онд СУИС-ийг төгсөөд 10 гаруй жил дуулж байна. Энэ хугацаанд нийт есөн цомог гаргаж, арван бие даасан тоглолт хийлээ. Юуны өмнө түмэн олондоо маш их баярлалаа. Төрүүлж өгсөн аав ээж, халамжит хань,үр хүүхэд, найз нөхөд хамт олондоо баярлалаа. Цаашид олон сайхан уран бүтээлийг ард түмэндээ хүргэнэ.