m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.09 01:35
604
Л.Отгонбаяр: Сур харваа бол оюуны спорт юм

Ховд аймгийн Булган сумын уугуул, Орхон аймгийн Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн Баяжуулах фабрик, Шүүн хатаах хэсгийн ахлагч, Монгол Улсын гоц мэргэн Л.Отгонбаяртай ярилцлаа. Тэрбээр Монгол Улсын даяар дуурсагдах дархан мэргэн, гавьяат дасгалжуулагч Ш.Даваахүүгийн гарын шавь бөгөөд Үндэсний их баяр наадмаар хоёр дараалж түрүүлэн гоц мэргэн цолыг хүртсэн билээ.

- Баяр наадмын өмнө тантай уулзаж байгаадаа баяртай байна. Өнгөрсөн жилийн наадмын сэтгэл догдлуулсан сайхан үе санагдаж байна?

- Юуны өмнө танай сайтьн уншигчдад наадмын мэнд хүргэе. Өнгөрсөн жилийн наадам миний хувьд үнэхээр сайхан,амжилт дүүэн болж өнгөрсөн.

- Таны намтрыг хараад байхад та сүүлийн долоон жилийн өмнөөс сураар харваж эхэлсэн санагдана?

- Тийм ээ. Би  2007 оноос хойш сур харваж байна.

- Үндэсний сур харваа руу ямар учраас татагдах болов?

- Сур харваа бол Монголын өв уламжлалыг өөртөө хадгалсан спорт. Цэвэр агаарт багагүй хөдөлмөр гаргаж байж байгаа онох нөхцөл бүрддэг. Мөн найман настай балчраас наян настай буурлууд хүртэл  насны хязгааргүй харвадгаараа бусад спортоос онцлог.  Миний хувьд сүүлийн хоёр жил Үндэсний баяр наадмын түрүүг авлаа. Өрсөлдөгч маань 60 шүргэж байгаа хүн бий. н.Батбаатар ахтай сүүлийн хоёр жил өрсөлдөж байна. Тэгэхээр нас бол тоо юм. Тэр утгаараа насны хязгааргүй спорт.

Сур харваа бол Монголын өв уламжлалыг өөртөө хадгалсан спорт

- Сур харвахад ямар чадварыг эзэмших хэрэгтэй вэ?

- Би сур харвааг оюуны спорт гэж хэлэх дуртай. Түүнчлэн хүч, эв дүй шаарддаг. Хүн бүр нум бариад сум тавьж чадна.  Харин байг ононо гэдэг маш их бэлтгэл сургуулилт, мэдрэмж шаарддаг. Учир нь Үндэсний сур харваа нь цаг агаарын нөхцөл байдлаас хараа нь хувирч байдаг.

Би сур харвааг оюуны спорт гэж хэлэх дуртай

- Үндэсний сур харваа олон төрөл байдаг. Жил ирэх тусам нэмэгдээд байх шиг?

- Тэгэлгүй яахав. Үндэсний сур дотроо урианхай, буриад, уламжлалт, бөмбөг намнах, үндэсний сур харваа гэх мэт төрөл бий. Сүүлийн үед харвааны төрөл олширч байна.

- Та сүүлийн хоёр жил наадмын түрүүг авлаа. Энэ жил бэлтгэлээ хэр хангасан бэ?

- Бэлтгэлээ чамгүй базаасан.

- Энэ жилийн наадмаар наадмын түрүүг дахин авбал цол ахих нь дамжиггүй?

- Үндэсний сур мэргэн, хошоо мэргэн, гоц мэргэн, гарамгай мэргэн, даяар дуурсагдах мэргэн, дархан мэргэн гэсэн зургаан цол байдаг. Ардын Хувьсгалын 93,94 жилийн түүхэнд дархан мэргэн цолыг эрэгтэй хүн аваагүй. Дархан мэргэн цолтой нэг эмэгтэй хүн байдаг. Тэрээр 2007 оноос хойш харваагүй гэдэг. Энэ олон жилийн хугацаанд ганцхан дархан мэргэн төрсөн гэсэн үг.  Дархан мэргэн цол нь хүнд шалгууртай гэдэг утгаараа зургаан цолыг дөрөв болгосон. Дөрөв болгохыг холбоон дотроо шийдсэн. Харин УИХ-аар нэмэлт өөрчлөлт орвол дөрөв болж өөрчлөгдөнө. Миний хувьд одоогоор гурав түрүүлсэн. Хэрэв энэ жил түрүүлбэл дархан мэргэн болно.

Дархан мэргэн цол нь хүнд шалгууртай гэдэг утгаараа зургаан цолыг дөрөв болгосон

- Таныг өөрөө сумаа хийдэг гэж сонссон. Хэзээнээс сум урлаж эхэлсэн бэ?

- Харваж эхэлснийхээ дараа буюу 2008 оноос хойш сум урлаж эхэлсэн. Сумыг хус модоор хийдэг. Эрэгтэй хүн 50 грамм жинтэй сумаар дээш сумаар эмэгтэй хүн 40 граммаас дээш харвадаг. Наадмын өмнө нум сумаа шалгуулж албан ёсны эрхээ авдаг.  

- Сэтгэлд үлдсэн наадмын дурсамжаасаа хуваалцаач?

- 2008 онд Орхон аймгийн наадамд анх сум харваж мөнгөн медаль хүртсэн. Тэр үед л мэргэн болсоны адилаар маш их баярлаж байлаа. Мөн бүсийн чуулга харваа гэж болж спортын дэд мастер цолонд хүрсэн. Дараа нь отог харваанд оролцож 33 харваснаар спортын мастер болсон.  2009 онд Улсын их баяр наадамд оролцож алдартай мэргэнүүдийг харж тэднээс олон зүйлийг сурч авлаа.

- Гэр бүлд тань нум сум харвадаг хүн бий юу?

- Миний дотнын хүмүүс дунд харваач байхгүй. Харин Галданбошигт хааны талаар яривал удам сударгүй гэж хэлэх эрхгүй юм.  Монгол хүн бүрийн цусанд нум сум харвах мэдрэмж байдаг. Тиймээс хүүхэд залуустаа үндэсний нум сумаар хичээллээрэй гэж хэлье. Өмнө нь үндэсний сур харваа айлын шоовдор хүүхэд шиг байсан үе бий. Гэтэл өнөөдөр сур харваа спортын төрөл рүү орсон. Жилийн дөрвөн улиралд харваачид бэлтгэлээ хийдэг. Тэр утгаараа сонирхсон хүн бүр сур харваагаар хичээллэж амжилт гаргах боломжтой.

Галданбошигт хааны талаар яривал удам сударгүй гэж хэлэх эрхгүй юм

- Хүсэлтийг минь хүлээн авч ярилцсанд баярлалаа.

- Баярлалаа. Нийт монголын ард түмэн минь сайхан наадаарай.