m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.05.15 02:58
1264
Алтан уулын домог

Эрт дээр цагт энэ сайхан орныг маань эзэрхий манжчууд эзэлж байх үед юм байх... өргөн уудам нутгийн маань өнцөг булан бүрт олз хайсан гадаадын тэнүүлчид ангамал хуурай говь цөлийг ч гатлан мөнгө л олж байвал амиа өгөхөөс ч буцдаггүй байсан тэр цагт Ар монголын говь нутагт алтаар бүрдсэн нэг уул байдаг тухай ам дамжсан цуу яриа нэгэн баян хужаад дуулдаж гэнэ. Ховдог шунахай баян холын их алтын авах юмсан гэхээс хоол цай нь хоолой руу нь явахаа больж хоногийн нойр нь хойд зүгт хулжиж өдрийн бодол шөнийн зүүдэндээ амар заяа үзэхээ байжээ. Баяжихын дон шүгэлсэн баян хужаа байж сууж чадахгүй болж барлаг зарц, бараа бологч нараа нэг удаа цуглуулж уулыг тэр хэвээр нь ачсан ч багтахаар урт гэгчийн гинжин цуваа бэлтгэж, алс холын Ар Монголд байгаа алтан уулыг нурааж ачаад ир гэж тушаажээ.
Ирэх цагт чинь хэрэг болно гэж их цэрэг дагуулан явуулжээ. Өчүүхэн ч гэсэн алтыг аминдаа ашигласан байвал өчиггүй цаазлана гэж өвгөн данжаад зарлигджээ. Баяны илгээсэн сүртэй цуваа баруун хойд зүгийг чиглэн явсаар бараг сар болж алт эрдэнэсээр гялалзсан нэг их өндөр уулын хормойд ирж буужээ. Холоос ирээд хот манайх, хотонд ороод хонь минийх гэгчээр өнөөх өндөр уулыг эргэн тойронд бүслэн аваад өдөр шөнөгүй ухаж гарчээ. Унтаж идэхээ мартсан шунахай хужаанууд уулын хажууг улам гүнзгийлэн малтаж байтал үхэр шиг хэлбэртэй үлэмжийн том алт гараад ирж гэнэ. Улан доор нь энэ эрдэнэ байхад ухаад авчихаа мэдэхгүй урагшгүй муу сайн мангуу нар ухаантай төрсөн бидэнд уул шиг алтаа алдах нь энэ дээ гэж уугуул ард түмнийг нь хүртэл басамжлан шуугилдаж уулыг улам цааш ухаж байтал өнөөх алтан үхрийн өөрсөн эвэр нь гараад ирж иржээ. Бусдаасаа урьтаж булга цохих санаатай алтанд шунасан нэг хужаа үхрийн эврийг дэлсээд авсан чинь Алтан уул бүхлээрээ доргин нижигнэж агшин зуур нуран өнөө олон хужаануудыг өчиггүй дарчихжээ.
Уулын нуралтаас болж шахагдсан хий тэдний өмссөн хар тоорцогнуудыг тал бүр тийш нь хийсгэхэд тоолшгүй олон хар хэрээ нийсээд явчих шиг болсон гэнэ. Тэр цагаас хойш өнөө үеийг хүртэл алтан үхэр уулан дотроо хадгалаастай байдаг юм гэнэ лээ. Арвин баялаг эрдэнээ хэвлийдээ хадгалсан тэр уулыг Алтан уул гэх болж, нэг үхрийн эвэр цохивол мянган үхрийн эвэр доргино гэдэг цэцэн үг үүнээс ч гарсан юм билүү. Юутай ч гэнэт идэх гэдсэнд гэмтэй, гэнэт баяжих насанд цөвтэй гэдэг үнэн шүү гэснээр домог төгсдөг