UEFA-гаас зохион байгуулдаг Европа лигийн тэмцээний шувтаргын тоглолт урд шөнө Италийн Турин хотын “Ювентус” цэнгэлдэхэд боллоо. Аваргын цомыг Португалийн “Бенфика”, Испанийн “Севилья” багууд булаалдсан юм. “Бенфика” өмнө нь энэ тэмцээнд түрүүлж үзээгүй ч үүнээс зэрэглэл өндөр тэмцээн болох Аваргуудын лигт хоёр удаа манлайлсан амжилттай. Харин тэдний өрсөлдөгч “Севилья” тус тэмцээнд 2005-06, 2006-07 онд дараалан түрүүлсэн билээ. “Бенфика”өнгөрсөн жил Европа лигийн финалд шалгарсан ч цаг дуусах мөчид гоол алдан “Челси”-д харамсалтай хожигдсон. Харин энэ жил даагаа нэхэхээр дахин финалд шалгарчээ. Тэд дотоодын лигтээ хол тасархай түрүүлж, форм сайтай байгаагаа харуулсан тул цомыг өргөх өндөр магадлалтай багаар нэрлэгдэж байлаа. Харин “Севилья”-гийн хувьд дээр өгүүлсэн хоёр түрүүнээс хойш амжилт нь буурсаар дундаж зэрэглэлийн баг болон хувирсан. Гэхдээ энэ жил дасгалжуулагч У.Эмеригийн мэдэлд очоод давгүй тоглож, хүчтэй өрсөлдөгчдөө шороодуулсаар финалд үлдсэн билээ.
Цомын тэмцээний финал болохоор хоёр багт алдаа гаргах эрх байгаагүй. Тиймдээ ч хамгаалалтдаа түлхүү анхаарч, юуны өмнө гоол алдахгүй байхыг чухалчилж байв. Үүнээс болж хоёр баг үндсэн болоод нэмэлт цагт хэн хэнийхээ хаалганд гоол хийж чадсангүй ээ. Эхний үед “Севилья” арай илүү тоглосон бол удаах 45 минутад “Бенфика” санаачилгыг авч, хэд хэдэн хурц довтолгоо зохион байгуулсан. Харин сунгасан 30 минутад гоол оруулах сайхан боломж аль алинд нь гарсангүй. Ингээд торгуулийн цохилтоор ялагчийг тодруулахад испаничууд 4:2-оор илүүрхэж чадлаа. Тус багийн эхний дөрвөн хүн цохилтоо амжилттай гүйцэтгэсэн бол “Бенфика”-гийн Кардосо, Родриго нар бөмбөгөө хаалгачид бариулчихав. Ялангуяа торгуулийн цохилтын мастер Кардосо бөмбөгөө алдсан нь португалчуудыг сэтгэл санаагаар унагаж орхисон гэж болно.
Ийнхүү “Севилья” хуучны UEFA-гийн цом, одоогийн Европа лигт гурав дахь удаагаа түрүүлж, ийм амжилтад хүрсэн цөөн хэдэн багийн нэг боллоо. Өмнө нь Английн “Ливерпуль”, Италийн “Интер”, “Ювентус” багууд цомыг гурван удаа гардсан түүхтэй.
Харин “Бенфика” хожигдсоноор үлгэр домог мэт яригддаг Гуттманны хараал үнэхээр байдаг юм болов уу гэсэн бодлыг хүмүүст төрүүллээ. 1961, 1962 онд еврей мэргэжилтэн Б.Гуттманн “Бенфика”-г тухайн үеийн Европын цом, одоогийн Аваргуудын лигт дараалан түрүүлүүлсэн юм. Үүний дараа багийн удирдлагуудаас цалингаа нэмүүлэхийг хүссэн ч татгалзсан хариу сонссон байна. Байгуулсан гавьяаных нь хариуд ийм өөдгүй зан гаргасанд тэрбээр гомдож, багийг орхисон юм. Явахдаа “Ирэх 100 жилд “Бенфика” Европын нэг ч цом авахгүй дээ” хэмээн хэлж. Үнэхээр түүний хэлсэн нөлөөлсөн үү, “Бенфика” тэр мөчөөс хойш Аваргуудын лиг болоод UEFA-гийн цомын финалд долоон удаа шалгарсан ч бүгдэд нь хожигдож, нэг ч цом авч чадахгүй байсаар өдийг хүрлээ. Хэрвээ хараал үйлчилсээр байгаа бол “Бүргэдүүд” 2062 оныг хүртэл Европын тавцанд одгүй байх нь. Гуттманны хараал хэзээ арилах бол?
Севилья (Испани)-Бенфика (Португал) 0:0 пенальти 4:2
Торгуулийн цохилт: Лима 0:1, Бакка 1:1, Кардосо 1:1 (хаалгач), М'Биа 2:1, Морено 2:1 (хаалгач), Коке 3:1, Луизау 3:2, Гамейро 4:2
Севилья: Бету, Фасио, Пареха, Альберто Морено, Коке, М`Биа, Каррису, Ракитич, Витоло (Диогу Фигейраш 110), Рейес (Марин 78, Гамейро 104), Бакка
Бенфика: Облак, Луизау, Гарай, Макси Перейра, Сикейра (Кардосо 99), Гомеш, Гаитан (Кавалейру 119), Рубен Аморим, Морено, Сулеймани (Алмейда 25), Лима
Шар хуудас: Фасио 11, Альберто Морено 13, Сикейра 30, Коке 98, Алмейда 100
Шүүгч: Брих (Герман)
Турин. "Ювентус" цэнгэлдэх. 33.120 үзэгч