m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.16 02:20
617
Монгол наадам найруулах найруулагч хайж байна

 

Дэлхийд ганцхан монгол наадам өргөн дэлгэр сайхан болж өнгөрлөө гэдэг үгийг баярын өдрүүдэд хүн бүхэн хэллээ. Монголчууд амны билгээс ашдын билгийг дээдэлдэг учраас тэр. Жилдээ ганцхан болдог наадамд сайн сайхан зүйл олон байсан. Гэхдээ хэлэх ёстой, бид мэдсээр байж, чадах байж сэтгэл гаргахгүй байгаа хэд хэдэн зүйлийг дуугүй өнгөрч боломгүй санагдлаа.

Наадмын нээлт

Олон нийт яагаад нээлт үзэх гэж улайрч, 16 мянган төгрөгийн үнэтэй тасалбарыг 80-100 мянгаар авдаг юм бол. Жилд ганцхан болдог наадмын нээлт ямар болох бол, ямар сайхан зүйл үзэж, Монголынхоо урлаг соёлын хэн гээч, ямар гайхамшигтай бүтээлээ сонирхуулах бол гэсэн хүсэл нөгөө талдаа эх орноороо бахархах тэмүүлэл олныг нойр хоолгүй дугаарлах, өндөр үнээр тасалбар авахад хүргэдэг. Гэтэл 364 хоног хүлээсэн наадмын нээлт нэг л биш ээ.

Хүүхдүүд оролцуулах нь буруу  биш ч энэ бол төрийн, түмний наадам болохоос хүүхдийн спортын арга хэмжээ бус.

Өмнөх жилийн “солиорлыг” бодвол цэгцтэй, агуулга нь боломжийн ч ур чадвар, үзүүлж буй тоглолт нь хүний сэтгэлд хүрсэнгүй. Энэ жилийн наадмын нээлтийн үйл ажиллагааны 80 хувийг хүүхдүүд гүйцэтгэлээ. Хүүхдүүд оролцуулах нь буруу  биш ч энэ бол төрийн, түмний наадам болохоос хүүхдийн спортын арга хэмжээ бус. Өнөө цагт дэлхий бидэнд нээлттэй болж, хэн ч хүссэн үедээ долоон тэрбум хүнийг байлдан дагуулсан том арга хэмжээг үзэж болдог болсон цаг. Наян онд бол бөмбөр цохисон, туг барьсан залуус, ажилчны хувцас өмссөн хөдөлгөөнт гимнастикийн үзүүлбэр бидэнд сонин байсан.

    

Харин өнөөдөр хэдэн он билээ, хэддүгээр зуун билээ. Урлаг соёлын салбарынхны ихэнх нь наадмын нээлтэд яагаад оролцоогүй юм бэ. Яагаад вэ,  найруулагч аа. Санал тавихад татгалзах хүн урлагийнхан дунд бараг л үгүй болов уу. Тэдэнд та санал тавьсангүй юу, эсвэл...

“Толин хулгүй” наадам давсгүй хоолтой адил гэсэн сэтгэгдэл цахим хуудсаар нэг хөвөрч байна.

“Толин хулгүй” наадам давсгүй хоолтой адил гэсэн сэтгэгдэл цахим хуудсаар нэг хөвөрч байна. Энэ нь Харангын Лхагвааг заавал оролцуул гэсэн үг биш шүү дээ. Монгол хүн, монголчууд юунд омогшиж, юунд сэтгэл нь хөдөлдөг гэдгийг наадам найруулсан найруулагчид нэг л ухаарахгүй байх шиг. Тэд монгол хүмүүс биз дээ. Лхагвааг жил бүр дуулуулахаас цааргалсан бол өөр сонголт бас байсан. Адаглаад л нээлтийн арга хэмжээндээ “Толин хул” дууны аянд морьтон эрс салхи татуулан давхиж, монгол морьтны гайхамшгийг үзүүлсэн бол монгол хүний сэтгэл баясахгүй гэж үү.

Энэ жилийн наадмын нээлтийг үзсэн хүнд тэр дундаа гаднын жуулчдад Монголын соёл урлаг ийм ядуу гэж үү гэх бодол төрсөн гэдэгт эргэлзэхгүй байна. Хуруу дарам цөөн дуучин энэ арга хэмжээнд оролцлоо. Ядаж байхад дэлхийд гайхагдаад ирсэн МУГЖ  Ариунбаатар, Амартүвшин нар Төрийн дууллыг дуулж байхад микрофон нь асаж, унтраад байх юм. Гавьяат Наран, ҮАДБЧ-ын хэдэн уртын дуучин, Хүүхдийн ордны нэг хүүхэд дуулаад энэ жилийн наадмын нээлт дууссан. Ардын гэх цол энгэртээ гялалзуулсан алдартнууд яасан бэ, дэлхийн тавцанд гайхагдаад буй урлагийн одод хаана байна. Моринд хайртай монголчуудын бахархал болсон дуунууд яагаад энэ үеэр эгшиглэхгүй байна вэ.

Нэг хэсэг хүүхэд хөдөлгөөнт гимнастик хийж байгаад нөгөө хаалга руу орон ортол голын цэнгэлдэх хов хоосон. Дараагийн үзүүлбэр нь хаана байна вэ

  

Нэг хэсэг хүүхэд хөдөлгөөнт гимнастик хийж байгаад нөгөө хаалга руу орон ортол голын цэнгэлдэх хов хоосон. Дараагийн үзүүлбэр нь хаана байна вэ. Уг нь гурав, дөрвөн зуун мянгахан хүний багтаамжтай стадионд байтугай гурван сая хүнд юу үзүүлж болдгийг бид дэлхийн томоохон арга хэмжээнээс олон удаа харсан даа. Үнэндээ энэ жилийн наадмын нээлтэд хэдэн машины жагсаалаас өөр хүн гайхаад байх зүйл байсангүй. Ийм зүйл үзэх гэж олон өдөр дугаарлан, хэдэн зуун мянган төгрөгөө зориулсан гэж бодохоор үнэндээ утга алга. Монгол хүний омогшил, эх орноо хайрлах, бахархах сэтгэлийг өдөөх тийм утга агуулга бүхий гайхалтай үзүүлбэр, хамгийн шилдгүүдээ наадмын нээлтэд оролцуулдаг баймаар юм. Гэтэл ......хэлэх ч үг алга.

Моринд хайртай монголчуудын бахархал болсон дуунууд яагаад энэ үеэр эгшиглэхгүй байна вэ.

 Монгол наадам найруулах найруулагч хайж байна гэсэн зар толгой дээрээ бариад суумаар санагдаж билээ. Наадам найруулах эрхийг нэг хоёр хүнд биш, салбар бүрийн жинхэнэ од болон гялалзаж буй хүмүүстээ өгдөг больё. Зөвхөн үндэсний бус сонгодог урлаг, драм, хошин шогийнхон, цирк, рок попынхон цаашлаад сэтгэл зүйч, түүхчид ч оролцох ёстой бус уу. Социалимзмийн хүмүүжлийг өвөлсөн цөөхөн хүнд найруулах эрхийг өгчихөөр тэр хүмүүс сэтгэл зүрхээ зориулаад ч олон нийт хүлээж авахгүй байна, тэдний бүтээлийг. Түмний наадам түмэндээ л таалагдах ёстой. Дараа жилийн наадмын нээлт хэрхэн болох бол, хүлээлт, хүлээлт, горьдлого....

Төрдөө хүндэтгэлтэй хандъя

Энэ үгийг төрийн түшээдэд хэлмээр санагдлаа. Наадмын нээлтэд эрх мэдэлтнүүд, түмэн олон  зэрэг шахуу ирдэг болохоор аль байдгаараа гоёсон түшээд олноороо цагтаа ирэх нь бий. Харин хаалт ямар байгааг нэг анзаараарай. Төрийн гурван өндөрлөгөөс өөр бараг хүнгүй болсон асар. Төрийн эрх ямба эдлэн тусгай тасалбар хүссэнээрээ авдаг эрх мэдэлтэн, төрийн түшээд  хаачив. Төрт их ёстой Монгол түмний есөн хөлт цагаан туг хов хоосон шахуу цэнгэлдэхээс гарч буй дүр зураг биднийг хэн болохыг харуулах шиг. Зүй нь томчуудын суудаг асар болон төв цэнгэлдэх дүүрэн хүнтэй байж Төрийн есөн хөлт цагаан тугаа үдэх ёстой бус уу.

Бас нэгэн зүйл. Энэ жил Төв цэнгэлдэхийн дээр олон бөмбөлөг байршуулж. Тэдний ихэнх нь DHL гэсэн бичигтэй байсан. Энэ нь юу өгүүлээд байгааг ойлгосонгүй. Бодвол наадмын гол ивээн тэтгэгч бололтой. Хүн тэргүүндээ юу өмсөж буйгаа хамгаас их анзаардагдаа. Түмэн олны дээр мандуулаад байгаа тэр бөмбөлөг нь ядаж төрийн далбааны өнгө бүхий, Монголын бахархал болсон их хаадын дүр зурагтай байж яагаад болоогүй юм бол.

Яаралтай шинэ ордонтой больё

Наадмын өмнөх өдрүүдэд нээлтийн тасалбар болон машины зөвшөөрлийн эрэлд хатсан хүмүүс нийслэлээр дүүрэн. Өдөр шөнөгүй дугаарлан зогсох хүмүүсийг  эрх мэдэлтнүүд шагчид байх гэсэн таамаг дэвшүүлсэн байна билээ. Шаглаж ашиг олох гэсэн нэгэн байхад үнэхээр үзэхсэн гэсэн хүмүүс ч байх нь гарцаагүй. Ямар ч бай монгол хүн төрийн наадмаа үзэх гэж хонон өнжин гудманд зогсох ёстой гэж үү. Ирэх жил цахимаар тараадаг болно гэсэн яриа тасалбар дуусах тэр мөчид яригдав. Энэ шийдвэр зөв ч бас найдвартай арга биш. Тасалбар дууссан гэх үгийг хэдхэн кноп дараад л байршуулчихна, дарга нар. Ингээд л олон нийт үзүүр нь үл олдох эрлийн араас явж эхэлнэ. Энэ бүх асуудлыг шийдэх ганцхан гарц нь нийслэлчүүд бултаараа багтах том стадион барих. Суудал нь зэрэглэлтэй байж хүн өөрийн халаасан дахь мөнгөний хэмжээндээ тааруулж сонголтоо хийдэг байг л дээ. Машины зөвшөөрөл ч мөн адил.

Суудал нь зэрэглэлтэй байж хүн өөрийн халаасан дахь мөнгөний хэмжээндээ тааруулж сонголтоо хийдэг байг л дээ

Харин эрх мэдэл нь байгаа хэрнээ шийдэхгүй, хийхгүй байгаа хүмүүсийг шийтгэвэл зохилтой.

А гэдэг зөвшөөрөл наадмын өдрүүдэд ямар үнэд хүрсэн бол. Гоёж гангалан, өндөр өсгийт угласан бүсгүйчүүдэд хоёр км шахуу алхана гэдэг амаргүй. Тэгээд өндөр настан, хүүхдүүдээ дагуулна. Тиймээс стадионд хамгийн ойр зогсох эрх бүхий А зөвшөөрөл хэрэг болдог юм. Стадионы эргэн тойрны зай талбай хэт бага, тэнд машины тавихыг хүсэгчид хэд дахин олон учир  А зөвшөөрөл нүдний гэм. Үүнийг мөн л том стадионоо тойрсон том талбайтай байж л шийдэх боломжтой. 100, 80, 50, 20 мянган төгрөгийн үнэ бүхий зөөвшөөрлийн эрх авах нь нээлттэй, хүн хүссэнээ сонгодог байя л даа. Монгол хүн төрийн наадмаа үзэхийн тулд таньдаг хүний хаалга сахиж, ар өврөөр нь гүйн, гарт нь хэдэн төгрөг атгуулах гэж зүдрэхийн хэрэг юу байна вэ. Төсвийн мөнгөөр бишгүй л “тоглодог”. Түмэн олныгоо сайхан наадах боломж олгож, том стадион барих тийм хэцүү зүйл биш. Харин эрх мэдэл нь байгаа хэрнээ шийдэхгүй, хийхгүй байгаа хүмүүсийг шийтгэвэл зохилтой.

Дараа жилийн наадам ямар болох бол, бид хонон өнжин дугаарлахгүй үзэж чадах болов уу....