Жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-ныг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Үүнтэй холбогдуулан Хөдөлмөрийн яамнаас нийслэл, аймаг бүрт ХАБЭА-н сарын аяныг өрнүүлдэг билээ.
Тэгвэл Дорноговь аймагт тус аяны нээлтийг хийжээ. Тус нээлтийг Аймгийн Засаг дарга П.Ганхуяг нээж, ХАБЭА- н салбар зөвлөлийн дарга, Аймгийн Засаг даргын орлогч Б.Төмөрхуяг сарын аяны хүрээнд зохион байгуулагдах ажлуудын талаар мэдээлэл өглөө.
Аяны хүрээнд :
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, дүрэм, журмын талаар гарын авлага, танилцуулга хийж, ААН, байгууллагуудаар тараах
- Холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран барилгын салбар, сургууль, цэцэрлэгийн багш, ажилчдын дунд сургалт зохион байгуулж, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх
- ААН, байгууллагуудын ХАБЭА хариуцсан ажилтнуудын дунд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” сэдэвт АХА тэмцээн зохион байгуулах
-МСҮТ-д ХАБЭА-н кабинет байгуулах
- Барилгын компаниудын ХАБЭА-н байдалд хяналт хийх
- Мандах, Хатанбулаг, Хөвсгөл сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудад ХАБЭА-н хяналт шалгалт хийх
- Үйлдвэрлэлийн ослоор нас барагсдын дурсгалыг хүндэтгэх өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх зэрэг ажлуудыг Онцгой байдлын хэлтэс, Эрүүл мэндийн газар, ҮЭХ, АОЭХ, ХАБЭА-н гурван тал салбар хороо, Аймгийн Засаг даргын тамгын газар гэх мэт холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулах юм байна.
Нээлтийн үеэр Дорноговь ЦШС ХХК-аас өөрийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой үзүүлэх сургуулилт ,эмнэлгийн анхан шатны тусламж , үйлчилгээг хэрхэн үзүүлэх талаар үзүүлэх тоглолт хийлээ.
Мөн Улаан загалмайн нийгэмлэгээс түргэн тусламж ирээгүй үед үзүүлэх анхны тусламжийн талаар зөвлөгөө өглөө. Тус нээлтийн ажиллагаанд Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулдаг 10 гаруй ААН, байгууллагууд оролцож ажлынхаа онцлогт тохирсон хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэглэлээр үзэсгэлэн гаргаж танилцууллаа.