m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.30 07:15
783
Соёл -Эрдэнэ хамтлаг “Алдрын од” шагнал хүртлээ

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор жил бүрийн долдугаар сарын 29, 30-ны өдрийг бүрэн эрхт байдал, чөлөөт сонгуулийн тэмдэглэлт өдөр болгохоор шийдвэрлэсэн. Энэ жилээс эхлэн жил бүрийн долдугаар сарын 30-ны өдөр рок, попын салбарт үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хамтлаг, дуучдыг “Алдрын од” шагналаар өргөмжлөхөөр болсон юм. Хамгийн анхны шагналыг “Соёл - Эрдэнэ” хамтлагт гардуулж, “Соёлын төв өргөө”-ний урд тус хамтлагийн "Алдрын од"-ын дурсгалын самбар байрлуулах ёслолын ажиллагаа боллоо.  Уг арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, нийслэлийн ИТХ – ын төлөөлөгч Г.Ганхүү, нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Б.Батцэнгэл, “Нийслэлийн Улаанбаатар чуулга” НӨҮГ – ын дарга Р.Мөнхсайхан, “Соёл-Эрдэнэ” хамтлагийн гишүүд оролцов.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл энэхүү ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Юуны өмнө “Соёл-Эрдэнэ” хамтлагийнхандаа гүн хүндэтгэл илэрхийлье. Гүн хүндэтгэл илэрхийлэх нь их утга учиртай юм. 1990 оны долдугаар сарын 29, 30-ны өдөр Монголчууд анх удаа эрх чөлөөгөө баталгаажуулж, хэний ч оролцоогүйгээр өөрсдөө төр засгаа байгуулж, үндэсний эрх чөлөөгөө жинхэнэ утгаар нь олсон. Монголын рок, поп урлагийнхан Монголчуудыг эрх чөлөө рүү хөтөлсөн юм. Тийм учраас Ерөнхий сайдтай зөвшилцөж, рок, поп урлагийнхандаа гүн хүндэтгэл үзүүлж, тус шагналыг олгож байна.  “Соёл- Эрдэнэ” хамтлаг бол эрх чөлөөт Монголын анхны дуучид байсан юм шүү. Нийслэлчүүдийнхээ өмнөөс гүн хүндэтгэл үзүүлж, Та бүхний нэрийг мөнхөд дурсах самбар дээр урласанд таатай байна. Энэ бүх үйл ажиллагааг зохион байгуулсан бүх хүнд талархал илэрхийлье” гэлээ"Алдрын од” тэмдгийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Соёл-Эрдэнэ” хамтлагийн үндсэн найман гишүүнд гардууллаа.