Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ой энэ жил тохиож байна. MASS.MN сайтын хамт олон түүхэн ач холбогдолтой ойн хүрээнд УИХ-ын Тамгын газартай хамтран ажиллаж байгаа юм. Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент хэрхэн үүссэн, ямар түүхэн замналтай, хэрхэн хөгжиж буй талаар манай хамт олон цуврал мэдээ, ярилцлага хүргэх болно. Түүхэн гавьяатай хэмээх тодотоголтой Улсын баг хурлын талаарх анхны цувралаа хүргэж байна.
Ардын Их Хурлын 360 депутатаас сонгогдсон 50 гишүүнтэй Улсын Бага Хурал нь 1990-1992 онд бүрэн эрхээ хэрэгжүүлсэн түүхтэй.
Ардын Их Хурлын 360 депутатаас сонгогдсон 50 гишүүнтэй Улсын Бага Хурал нь 1990-1992 онд бүрэн эрхээ хэрэгжүүлсэн түүхтэй. Улсын Бага Хурал Монголын улс төр, эдийн засаг, нийгмийн байгууллыг шинэчлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэх талаар түүхэн гавьяа байгуулсан парламент юм. Юуны өмнө Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулан батлуулсныг тэмдэглэх хэрэгтэй.
Улсын Бага Хурлаас боловсруулж Ардын Их Хурлын чуулганд оруулан хэлэлцүүлсэн Монгол Улсын шинэ Үндсэн хууль 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр батлагдсанаар нийгмийн бүх хүрээнд ардчилсан зарчмыг тууштай хэрэгжүүлэх эрх зүйн харилцааны тулгуур эхлэл тавигдсан юм.
Иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эрх тэгш байдлыг хүлээн зөвшөөрч, түүний баталгааг хангах үүргийг төр хариуцах болсон
Тухайлбал, улс төрийн харилцааны хувьд олон намын тогтолцоог баталгаажуулсан ардчилсан дэглэмд шилжсэн. Иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эрх тэгш байдлыг хүлээн зөвшөөрч, түүний баталгааг хангах үүргийг төр хариуцах болсон. Өөрөөр хэлбэл олон ургалч үзлийг нийгмийн оюун санааны иш үндэс болгосон. Энэ бол ардчлалын чухал үнэт зүйлсийн нэг юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын Их Хурлын тухай, Үндсэн хуулийн Цэцийн тухай болон БНМАУ-ын шүүхийн байгууламжийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталж, төрийн байгууллын шинэ тогтолцооны эрх зүйн үндсийг бүрдүүлсэн. Эдийн засгийн харилцааны хувьд нийтийн өмчид суурилсан аж ахуйн социалист тогтолцоо дангаар ноёрхож байсныг халж, олон хэвшилт эдийн засагтай болох харилцааг хуульчлан баталгаажуулсан. Шударга өрсөлдөөнд үндэслэсэн зах зээлийн эдийн засгийн харилцааг тогтоож, түүнд төрийн оролцоог хязгаарлаж өгсөн. Хувийн ба нийтийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, төрийн өмчийг задлан хувьчлах, иргэд хувийн аж ахуй эрхлэх эрх зүйн үндсийг тогтоож, банк, гааль, албан татварын зэрэг хуулиудыг шинэчлэн баталжээ.
Улсын Бага Хурал нийт 27 хууль шинээр баталж, 19 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Мөн олон улсын 17 гэрээ, конвенцийг соёрхон баталж 11 хууль хүчингүй болгосон байна.
Бүрэлдэхүүний хувьд дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга, 50 гишүүнээс бүрдэж байв. Улсын Бага Хурлын даргаар Р.Гончигдорж, орлогч даргаар К.Зардыхан, нарийн бичгийн даргаар Б.Чимид нар сонгогдон ажиллаж байсан.
Улсын Бага Хурлын удирдлага буюу дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга нь намын суудалгүй, шууд Ардын Их Хурлаас нэр дэвшүүлэн сонгогдсон. Харин 50 гишүүний тухайд сонгогчдын тав, түүнээс дээш хувийн санал авсан намд Бага Хурлын гишүүний мандат буюу суудал хувь тэнцүүлэн хуваарилж намууд сонгуулиар авсан мандатынхаа тоогоор нэр дэвшүүлэн Ардын Их Хурлаас сонгосон юм.
Улсын Бага Хуралд МАХН 33, Монголын ардчилсан нам 13, Монголын социал-демократ нам 4, Монголын үндэсний дэвшлийн нам гурван суудал тус тус авчээ.
Улсын Бага Хурал нь бүтцийн хувьд таван Байнгын хороотой үйл ажиллагаагаа явуулж иржээ. Үүнд:
Ийнхүү байнгын ажиллагаатай парламент болох Улсын Бага Хурал нь шинэ Үндсэн хуулийн дагуу сонгогдон 1992 оны долоодугаар сарын 29-нд ажлаа эхэлсэн Монгол Улсын Их Хуралд эрх мэдлээ шилжүүлэн өгснөөр үйл ажиллагаа нь дуусгавар болсон юм.
Улсын Бага Хурлын дарга Р.Гончигдорж, орлогч дарга К.Зардыхан, Нарийн бичгийн дарга Б.Чимид нар
Улсын Бага Хурлын хуралдаан
Улсын Бага Хурлын хуралдааны үйл ажиллагаанаас
Улсын Бага Хурлын дарга, орлогч дарга, Нарийн бичгийн дарга нар Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдах үеэр
Улсын Бага Хурлын дарга Р.Гончигдорж АИХ-ын депутатууд, УБХ-ын гишүүдийн хамт