m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.05.15 09:03
145
"Байгальд ээлтэй технологи-2014" үзэсгэлэн нээгдлээ

БОНХЯ, МҮХАҮТ,  ШУА хамтран зохион байгуулдаг "Байгальд ээлтэй технологи-2014" үзэсгэлэн өнөөдөр МҮХАҮТ-д нээлтээ хийлээ.Үзэсгэлэнгийн гол зорилго нь:

-Байгаль орчинд ээлтэй, хаягдал, бохирдол, доройтлыг бууруулах техник, технологийн шийдлийн эрүүл хайгуул хийх, мэдээллийн сан бүрдүүлэх

-Үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах ус, эрчим хүчний хэрэглээний зарцуулалтыг багасгах, үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн технологийн өөрчлөлт, Монгол орны нөхцөлд тохирсон технологийг сурталчлан таниулах, бизнесийн хүрээг өргөжүүлэх

-Үйлдвэрлэлийн технологийн дамжлагаас гарч буй хаягдал түүхий эд, бохир усыг эргүүлэн ашиглах, дахин боловсруулах талаар гарч байгаа шинэ санал санаачлага, оновчтой шийдэл, дэвшилтэт технологи нэвтрүүлэх үйл ажиллагааг дэмжих, ард иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх оршиж байгаа юм.

Тус үзэсгэлэн 2 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд БОНХЯ-ны сайд С.Оюун хүрэлцэн ирж  тууз хайчиллаа.Тэрбээр хэлэхдээ,

-Энэ жил ногоон технологи нэвтрүүлэхэд аж ахйун нэгж байгууллагыг дэмжин ажиллахаар шийдвэрлэсэн. Байгаль орчинд ээлтэй техник технологийг оруулж ирэхэд дэмжлэг үзүүлэхээс гадна үйлдвэрлэлийн цэвэр ашгийн татвараас чөлөөлөх хүртэл олон арга хэмжээнүүдийг авахаар болсон. Харин эсрэгээрээ байгаль орчиндоо ээлгүй үйл ажиллагаа явуулсан аж, ахуйн нэгж, байгууллага, хүмүүст хатуу арга хэмжээ авч ажиллах болно гэлээ.

Үзэсгэлэнд оролцож байгаа "Цэвэр түлш" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Амаржаргалтай уулзаж ярилцсан юм.

-Танай компани ямар бүтээгдэхүүнээ танилцуулж байгаа вэ?

-Манай компани энэ үзэсгэлэнд анх удаагаа оролцож байна. Бид биодизель, түлшний үйлдвэрлэл худалдаа эрхэлдэг. Энэ үзэсгэлэнд ургамлын тосны хаягдлаас био түлш гаргаж аваад, хаягдлыг нь ашиглан ноос угаах саван гаргаж авсан байгаа. Энэ ноос угаах саванг манай улс гаднаас оруулж ирдэг. Бид харин үүнийг дотооддоо үйлдвэрлэх боломжтой гэдгийг танилцуулж байна. Харин манай био түлш аль хэдийн өөрийн гэсэн хэрэглэгчтэй болсон.

-Энгийн түлшнээс чанар бусад зүйлээр ялгарах юм байгаа юу?

-Ямар нэг ялгаа байхгүй харин ч хаягдал ашиглаж хийж байгаа тул байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн болсон. Энэ түлшийг нийтийн тээвэр болон том оврын автомашинуудад хэрэглэж байгаа.

Бид мөн нүүрс хурдан асаадаг түлш үйлдвэрлэснээ энд авчирсан. Энэ түлш бол гал сайн авалцдаг, нүүрсийг асаах гэж уугиулах, утаа гаргахгүй сайн талтай.