Жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай “Монполимент” группын “Монцемент” цементийн үйлдвэрийн нээлтийн ажиллагаа боллоо. Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Барилга, хот байгуулалтын дэд сайд Г.Байгальмаа, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг нар оролцлоо.
Монгол улс жилд хоёр сая орчим тонн цемент хэрэглэдэг. Үүний нэг сая тонныг хуурай аргын технологиор үйлдвэрлэх хүчин чадалтай энэ үйлдвэрийн төсөлд Хөгжлийн банк “Чингис” бондоос 45 сая ам.долларын санхүүжилт олгосон байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг олон улсын стандартыг хангасан технологиор шинэ үйлдвэр барьж, олон хүнийг ажлын байраар ханган, эх орондоо том бүтээн байгуулалт хийсэн үндэсний үйлдвэрлэгч “Монполимент” групп, үйлдвэрийн хамт олонд баяр хүргэж, үг хэллээ.
Ерөнхий сайд хэлсэн үгэндээ Монгол Улсын эдийн засаг, аж үйлдвэр, барилгын салбарт түүхэнд тэмдэглэгдэх шинэ хуудас бичигдэж байгааг дурдаад Засгийн газар баялаг бүтээгчдээ дэмжиж, хамтран ажиллаж олон том бүтээн байгуулалтыг хийлээ. Монголчууд хамтдаа хөдөлмөрлөж зүтгэвэл амжилтад хүрч болохыг энэ үйлдвэр харууллаа.