Монгол Улсын Их Хурлын хоёр дахь удаагийн сонгууль манай улс төр, нийгэм, эдийн засагт өөрийн үр өгөөжөө үлдээсэн билээ. Эл сонгуулийг нэг мандат бүхий 76 тойргоор явуулахад МҮАН, МСДН, НН-ын "Ардчилсан холбоо" эвсэл 50, МАХН 25, МУНН нэг суудал авч сонгогч олон шинэ залуу ардчилсан хүчнийхэнд итгэл найдвар хүлээлгэн төрийн эрх мэдэл анх удаа улс төрийн шинэ хүчинд шилжсэн онцлогтой парламент байгуулагдсаныг олон судлаач тэмдэглэдэг.
Олон жил төрийн эрх барьсан, туршлагатай улс төрийн том хүчин болох МАХН анх удаа цөөнх болж, засгийн эрх барих нам, хүчний байр суурьт эргэлт болсон гэж болно. Бяцхан түүх сөхвөл, 1996-2000 оны УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд УИХ-ын даргаар Р.Гончигдорж, дэд даргаар 1996-1998 онд Ц.Элбэгдорж, 1998-2000 онд Д.Ганболд нар сонгогдон ажиллаж байсан юм.
Улсын Их Хурал бүрэн эрхийнхээ хугацаанд шинээр 173 хууль баталж, давхардсан тоогоор 255 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулжээ
УИХ-ын бүтцийн хувьд таван байнгын хороотой үйл ажиллагаагаа эхэлж байж. Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар С.Зориг, Төсөв, санхүү, мөнгө зээлийн бодлогын байнгын хорооны даргаар А.Ганбаатар, Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар Х.Хулан, Хууль зүйн байнгын хорооны даргаар С.Батчулуун, Хөдөөгийн бодлого, байгаль орчны байнгын хорооны даргаар Ц.Баярсайхан нар тус тус ажиллаж байсан юм.
Харин 1997 онд Байнгын хороодын бүтцийг шинэчлэн нийт долоон байнгын хороотой болж, Аюулгүй байдал, гадаад бодлогын, Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн, Нийгмийн бодлогын, Төрийн байгуулалтын, Төсвийн, Хууль зүйн, Эдийн засгийн байнгын хороог тус тус байгуулжээ.
24 гишүүний гаргасан саналыг УИХ хэлэлцэн олонхийн саналаар Ерөнхий сайд М.Энхсайханы Засгийн газарт итгэл хүлээлгэжээ.
Энэ удаагийн парламентын үед Засгийн газрыг огцруулах тухай хоёр удаа санал гарч, 1997 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн нэр бүхий 24 гишүүний гаргасан саналыг УИХ хэлэлцэн олонхийн саналаар Ерөнхий сайд М.Энхсайханы Засгийн газарт итгэл хүлээлгэжээ. Харин 1998 онд УИХ дахь ардчилсан хүчний олонхийн нэр бүхий 11 гишүүний гаргасан мэдэгдлийг үндэслэн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох тухай Монгол Улсын Ерөнхий сайдын мэдэгдлийг УИХ хэлэлцэн гишүүдийн 98.3 хувийн саналаар Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах тухай УИХ-ын тогтоолыг баталсан байна. Энэ нь Монголын төрийн түүхэн дэх ардчилсан засаглалын тогтолцооны хариуцлагын нэгэн хэлбэр болж тогтсоноороо онцлог байв. 1996-2000 оны Улсын Их Хурал бүрэн эрхийнхээ хугацаанд шинээр 173 хууль баталж, давхардсан тоогоор 255 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан, 32 хуулийг хүчингүй болсонд тооцжээ. Мөн олон улсын гэрээ, конвенци 71-ийг соёрхон баталсан тоо баримт байдаг.
Улсын Их Хурал бүрэн эрхийнхээ хүрээнд энэ удаа Банкны тухай, Дампуурлын тухай, Даатгалын тухай, Компанийн тухай, Төрийн бус байгууллагын тухай, Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай, Ашигт малтмалын тухай, Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн тухай, Орон сууц хувьчлалын тухай зэрэг эдийн засаг, нийгмийн шинэчлэлийг гүнзгийрүүлэн бататгахад зарчмын ач холбогдол үзүүлсэн олон хууль батлан гаргасныг хуульчид онцолдог. Мөн иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг хэрэгжүүлэхэд зохих нөлөө үзүүлсэн Төрийн бус байгууллагын тухай хуулийг ч баталжээ.
Д.САРУУЛ
“Өдрийн сонин”