Өвөрхангай аймгийн Богд сум аймгийн төвөөс 210 км-ийн зайд оршдог. Сумын бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэхийн тулд блокийг аймгийн төвөөс зөөвөрлөн авчирдаг байжээ. Харин Ш.Батнасан 2003 онд блокны цех байгуулснаар энэ байдал арилсан байна. Хайрган блок үйлдэрлэн сумандаа төдийгүй зэргэлдээх сумдад захиалгаар бүтээгдэхүүн нийлүүлдэг гэнэ. Энэ үйлдвэрийн блокоор сумын төвд гэхэд л 20 гаруй дэлгүүр, байшин сүндэрлэн босжээ.
Чанарын шаардлага хангасан, удаан эдэлгээтэй тоосго үйлдвэрлэдэг учраас хэрэглэгчид тэдний үйлдвэрийн блокийг түлхүү ашигладаг гэнэ. Зөвхөн блок гэлтгүй, сумын түлшний асуудлыг шийдвэрлэж хог хаягдлыг ашиглан шахмал түлш үйлдвэрлэн сумынхаа хэрэгцээг хангаж байна.
-Блок үйлдвэрлэх санааг анх олж авав. Хэдэн оноос блок үйлдвэрлэж эхэлсэн бэ?
-Анх блок үйлдвэрлэх цехийг 2003 онд байгуулсан. Эхэндээ гараар үйлдвэрлэдэг байсан. Гараараа зуураад, хэвэндээ хийгээд бүх ажиллагаа гараар явдаг байлаа. 2010 онд техник технологио сайжруулаад ажиллаж байна.
-Өдөрт хичнээн блок үйлдвэрлэх хүчин чадалтай вэ?
-Бид нар учиргүй хүчин чадлаараа ажиллаад байдаггүй. Өдөрт 400-500 ширхэг блок үйлдвэрлэдэг. Түүнээс илүү хийх шаардлага байдаггүй.
-Захиалга хэр байна. Энэ жилийн захиалгын хувьд ямар түвшинд байна вэ?
-Захиалга ерөнхийдөө гайгүй. Зэргэлдээ сумдаас бас захиалга ирдэг учраас сайн. Энэ жилийн хувьд захиалга бага байна.
-Хичнээн хүнийг ажлын байраар ханган ажиллаж байгаа вэ?
-Манай үйдвэрт дөрвөн хүн тогтмол ажилладаг. Урьд нь мал дээр байсан хүмүүс сумын төвд орж ирээд манай үйлдвэрт ажиллаж эхэлсэн. Өөрөөсөө гадна дөрвөн айлын амьжиргааг залгуулаад явж байна.
-Цаашид үйлдвэрлэлээ өргөжүүлж, шинэ техникийг нэвтрүүлэн ажиллах боломж байгаа юу?
-Дандаа хайрган блок үйлдвэрлээд байх боломжгүй. Хөдөөний саравч, хашаанд л гэхээс биш байшин, барилгад ашиглах нь цөөн болсон.
-Танай суманд гурван блокны үйлдвэр байдаг гэсэн. Бусад үйлдвэрээс ялгарах гол онцлог нь юу вэ?
-Бусад үйлдвэр гэр хороололд хашаандаа хийдэг. Манайх бол үйлдвэрийн байртай учраас ямар ч үед ажиллах бүрэн боломжтой. Мөн сүүдэрт хатдаг учраас бат бөх, эдэлгээ удаан байдаг. Нар, салхинд хатсан блок эвдрэл амархан байдаг.
-Аливаа үйлдвэрлэлд усны асуудал чухал байдаг. Хэдий говийн сум ч гэсэн инженерийн шугам сүлжээний асуудлыг 100 хувь шийдвэрлэж чадсан байна шүү дээ?
-Өмнө нь 2-3 км газрын зайнаас помпоор ус татаж авдаг байлаа. Инженерийн шугам сүлжээний асуудлыг шийдвэрлэснээр илүү зардал гаргалгүй, ойр газраас ус авах боломжтой болсон нь бидэнд том давуу тал болсон.
-Зөвхөн блокны үйлдвэр гэлгүй давхар шахмал түлшний машиныг зохион бүтээж түлш үйлдвэрлэж байна шүү дээ?
-Блокны үйдвэрлэлийн хажуугаар давхар ажил эрхлэх шаардлагатай байсан. Манай говьд түлшний асуудал их байдаг. Байгаль дээр байгаа нүүрсний хог, аргалын хөр, модын үртэс ашиглан шахмал түлш үйлдвэрлэж байна. Заг модоо түлэхгүйгээр хүмүүс шахмал түлшийг түлхүү авч хэрэглэдэг. Аргалыг бодвол илүү илчтэй, удаан шатдаг. Сумандаа тулгарч байгаа бэрхшээлийг шийдэж хэрэгтэй бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхийн төлөө ажиллаж байна.
Блокны үйлдвэрийн ажилтан Б.Ганбат
Энэ блокны үйлдвэрт дөрөв дэх жилдээ ажиллаж байна. Өмнө нь хөдөө мал маллаж ажилладаг байсан. Суманд орж ирээд энэ үйлдвэрт ажилласнаар амьдралд минь дээшилж багагүй өөрчлөлт орсон. Удаан ажиллаж байгаа учраас шинэ ажилчдад зааж зөвлөдөг.