m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.05.16 06:07
124
“Хориотой” боловсрол

Нигерийн оршин суугчдын эрүүл мэнд, амь насанд суулийн хэдэн жилийн турш заналхийлж буй тус бүлэглэлийнхэн 200 гаруй сурагч охиныг хулгайлан, зарахаа мэдэгдээд буй

Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд Нигер болон хөрш зэргэлдээ орнуудынх нь удирдагчдыг Парист болох дээд хэмжээний уулзалтад оролцохыг уриаллаа. Лалын шашны хэт даврагч “Боко Харам” бүлэглэлтэй хэрхэн тэмцэх талаар энэ уулзалтын үеэр хэлэлцэх юм. Нигерийн оршин суугчдын эрүүл мэнд, амь насанд суулийн хэдэн жилийн турш заналхийлж буй тус бүлэглэлийнхэн 200 гаруй сурагч охиныг хулгайлан, зарахаа мэдэгдээд буй.

Чибок хотод дөрөвдүгээр сарын 15-ны шөнө ачааны машин, мотоцикльтой, зэвсэглэсэн этгээдүүд ирж, харуулын ажилтныг буудан, дотуур байрнаас нь охидыг хулгайлсан аж. 16-18 насны 276 охины зарим нь зугтаж амжсан агаад 223 нь одоогоор хаана байгаа, амьд эсэх нь сураггүй. “Боко Харам” бүлэглэлийн удирдагч Абубакар Шекау охид сургуульд сурах бус нөхөрт гарах ёстой хэмээн үзэж буйгаа мэдэгдсэн.

Харин тавдугаар сарын 12-нд тэрбээр сурагч охидыг суллахад бэлэн, харин хариуд нь одоо шоронд хоригдож буй бүлэглэлийнхээ гишүүдийг суллахыг шаардсан билээ.

Үйлдсэн гэмт хэргээрээ мэдээний баатар болдог тус бүлэглэлийнхэн охидыг хулгайлсан нь, тэр тусмаа тэднийг 12 ам.доллараар хил давуулан зарна гэсэн нь нийтийн дургүйцлийг төрүүлж, “BringBackOurGirls” буюу “Бидний охидыг эргүүлж өг” нэртэй хөдөлгөөн цахим ертөнцөөр өрнөж, АНУ-ын Тэргүүн хатагтай Мишель Обама хүртэл нэгдлээ.

Барак Обама ч зүгээр суусангүй, охидыг суллахад туслах 18 хүнтэй багийг Нигер рүү илгээх шийдвэр гаргалаа. Канад, Франц, Израиль, Их Британид ч энэ тал дээр тусламж үзүүлэхээ илэрхийлэн, Нигерийн Ерөнхийлөгч Гудлак Жонатан охидын байгаа газрыг мэдээлсэн хүнд 300 мянган ам.долларын тусламж үзүүлэхээ илэрхийлсэн ч одоогоор тусыг эс олж байна.

Олзлогдсон охидыг суллах ажиллагаа амжилт олсонгүй, харин ч дахиад эмгэнэлт явдалд хүргэсэн бөгөөд энэ сарын 7-нд “Боко Харам” Гамбору-Нгала хот руу дайран, 300 гаруй хүний амь бүрэлгэв.

“Боко харам” бүлэглэлийн түүх 2002 оноос эхтэй. Борно мужийн Майдугури хотод номлогч Мохаммед Юсуф энэхүү хөдөлгөөнийг үндэслэсэн бөгөөд “Өрнөдийн боловсрол бол нүгэл” гэсэн утгатай үгээр бүлэглэлээ нэрлэсэн байна. Барууны соёл, боловсролыг үл таашаагч тэд хотдоо сүм байгуулан ядуу айлын хүүхдүүдийг сургаж эхэлсэн аж. Гэсэн ч энэ сүмийнхэн хүүхдэд лалын шашны номлол заахын сацуу хэт даврагч үзэлд багачуудыг турхирч буй нь төдөлгүй тодорхой болжээ.

Зөвхөн 2011 онд л гэхэд хэт даврагчдын гарт 465 хүн амиа алдсан юм. 

2009 онд тус бүлэглэлийнхэн бослого гаргасан нь бүтэлгүйтсэн билээ. Түүний дараа  Абубакар Шекау энэ бүлэглэлийг тэргүүлж, цуст халдлагуудыг удаа дараа үйлдэж эхэлжээ. Зөвхөн 2011 онд л гэхэд хэт даврагчдын гарт 465 хүн амиа алдсан юм.