Монгол улс зах зээлийн харилцаанд шилжин, барилгын салбарын хөгжлийн шинэ үе шат эхэлж, барилга барих технологи бүрэн өөрчлөгдсөнөөр барилгын ажилд модыг их хэмжээгээр огтлон ашиглах болж, байгаль экологийн тэнцвэрийг алдагдуулах нөхцөл байдал бий болсонд дүн шинжилгээ хийж, экологид ээлтэй шинэ технологи нэвтрүүлж чадсан хамт олон бол "Хэв хашмал" ХХК байлаа.
2007 онд байгуулагдсан тус компани нь 30 гаруй ажилтантайгаар хэрэглэгчиддээ түргэн шуурхай, уян хатан, шинэлэг соёлтой үйлчилгээг хүргэхэд бүхий л хүч анхаарлаа чиглүүлэн, Монгол Улсын барилгын салбарын 60 гаруй хувьд нь өөрийн үйлчилгээг хүргэн ажиллаж байна. Ингээд "Баялаг бүтээгчдийг дэмжинэ" төслийн энэ удаагийн зочноор үндэсний үйлдвэрлэгч "Хэв хашмал" ХХК-г онцолж байна.
"Хэв хашмал"ХХК-ийн Ерөнхий захирал Р.Дүгэрсүрэн
-2007 онд анх барилгын хэв хашмал, тулгуур төмөр оруулж ирэн түрээслэх зарах үйл ажиллагаа явуулж түүнийг барилгын салбарт хэрхэн ашиглах талаар зааж заааварчилж өгдөг байлаа. Тэр үед барилга барихад шургааг мод ашигладаг байсан бөгөөд хүмүүс дараа нь түлээ болгочихдог учраас ашигтай байдаг гэх ойлголттой байсан юм. Ихэвчлэн залуу мод огтолж хийдэг учраас байгаль экологид ч ихээхэн хохиролтойн дээр ажиллагаа ихтэй, стандартын бус байсан тул бид үүнийг өөрчилж стандартын хэв хашмал, тулгуурыг анх нэвтрүүлж эхэлсэн. Тэгэхдээ юуны өмнө энэхүү стандартын хэв хашмал, тулгуурыг барилгад ашиглах нь ямар ашигтай болон барилгын чанарт хэрхэн нөлөөлөх талаар анхны тодорхой ойлголтуудыг өгөх хэрэгтэй байсан. Нэлээдгүй хугацааны уйгагүй оролдлого, хичээл зүтгэлийн ачаар одоо барилгын салбарт хэв хашмал тулгуур төмрийг хэрэглэж хэвшлээ.
Ингээд бид өөрсдөө үйлдвэрлэх боломжтой бүтээгдэхүүн байгаа талаар судалж үзээд хэв хашмалын арматур өндөрлөгч хуванцарыг өөрсдөө үйлдвэрлэхээр шийдэж 2013 онд анх хуучин хоёр машин оруулж ирэн үйлдвэрлэл явуулж эхэлсэн. Тэгсэн чинь тогны хэлбэлзэл, эвдрэл гарахад засах сэлбэг байхгүй гээд маш олон бэрхшээлүүд ар араасаа урган гэрч эхэллээ. Тэгээд ер нь бид ингэж ажиллахаар шинэ машин авья гэж зориглон БНСУ-аас таван шинэ бүрэн автомат машин бүх хэвтэй нь оруулж ирсэн. Үүнд маш их хөрөнгө оруулалт шаардсан. Энэ тал дээр тусламж авахаар ЖДҮ-ийг дэмжих төвд хандсан ч бүтээгүй. Тэгээд ХХБ-нд хандаж зээл авснаар энэхүү тоног төхөөрөмжөө худалдан авч чадсан. Үүний үр дүнд өнөөдөр энэхүү арматурын тулгуурыг улсын хэмжээнд 100 хувь үйлдвэрлэж хангах боломжтой болсон.
-Бүтээгдэхүүний онцлог, давуу талаа танилцуулахгүй юу?
-Манай компани өнөөдрийн байдлаар 45 төрлийн арматур өндөрлөгч үйлдвэрлэж байгаа. Өмнө нь барилга барихдаа арматур өндөрсгөгчийн оронд чулуу, хуванцар, мод ашиглаж цутгалтаа хийдэг байсан. Харин манай үйлдвэрлэж буй стандартын энэхүү өндөрлөгч арматураа яг хэмжээнд нь зөв барьж өгдөг. Ингэснээр барилгын чанарт асар их нөлөөлдөг. Мөн зай баригч гэж байдаг. Өмнө нь үүнийг хийхэд маш их цаг, ажиллагаа ордог байсан бол үйлдвэрийн стандартын зай баригч ашигласнаар ердөө хоёрхон секунд л ордог болсон. Үүнд цаг хугацаа, материал хэмнэсэн маш олон давуу талууд байдаг. Энэ бүхнийг хэрэглэснээр барилгыг олон улсын стандартын дагуу барихад чухал нөлөө үзүүлж байгаа юм.
-Цаашдын зорилгоо тодорхойлбол?
-Мэдээж бид үйл ажиллагаагаа илүү их өргөжүүлэх зорилготой. Барилгын ажил өвөл зогсдог учраас арматур өндөрлөгч өвөл зарагддаггүй. Тийм учраас жилийн дөрвөн улиралд хүмүүсээ ажилтай байлгах, үүднээс цана, чарга, цасны хүрз, барилгын шпател, шрупный тэлэгч гэх мэт бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготойгоор хэвнийхээ захиалгыг өгчихөөд хүлээж байна. Ер нь цаашдаа хуванцраар хийж болох бүхий л бүтээгдэхүүнийг хийхэд ямар ч хүндрэл байхгүй. Хамгийн гол нь зах зээл байдаг. Бид маш өндөр үнэтэй хэв захиалж авчруулаад бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд байдаг гэтэл борлогдохгүй бол үйлдвэрлэл цааш хөгжихөд хэцүү. Жишээ нь бид ахуйн хэрэглээний төрөл бүрийн хуванцар хувин үйлдвэрлэх гэтэл зах дээр жилд 1000 хувин л зарагддаг гэж байгаа юм. Гэтэл манай үйлдвэр өдөрт 300 хувин хийх хүчин чадалтай. Тэгээд бодоод үзэхэд л зах зээл маань үнэхээр бага байна. Тэгэхдээ бид өөр юу хийж болох талаар судалгаануудыг хийж, гадагшаа гарах зах зээлийг ч судалж байна.
"Хэв хашмал хуванцар" үйлдвэрийн дарга Э.Хүдэрбат
-Арматур өндөрлөгчийг бид өмнө нь импортоор оруулж ирдэг байсан бол одоо өөрсдөө үйлдвэрлэдэг болсон нь маш том ололт амжилт юм. Түүнээс гадна бүтээгдэхүүнийхээ түүхий эдийг хоёрдогч түүхий эд ашиглан өөрсдөө бэлддэг.
Боловсруулах машин хоногт таван тонн түүхий эд боловсруулах хүчин чадалтай ч бид одоогийн хэрэглээндээ тааруулаад өдөрт хоёр тонн орчмыг боловсруулж байна. Хэрвээ ийм түүхий эдээр хийж болох өөр хэрэгцээт бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж байвал тоног төхөөрөмжийн маань хүчин чадал хангалттай хүрнэ. Манайд байгаа зургаан машин яг бүрэн хүчин чадлаараа ажилбал зах зээлээсээ давж гарах бүтээгдэхүүн үйлдвэрлэх учраас одоогоор ажлын найман цагт л үйлдвэрлэл явуулж байна. Дээрээс нь хямрал болж байгаатай холбоотой өнгөрсөн жилийнхээс худалдан авалт 50 хувиар буурсан. Яг одоогийн байдлаар өдөртөө 30-40 мянган ширхэг найман төрлийн арматур өндөрлөгч үйлдвэрлэж байгаа.
Үндсэн бүтээгдэхүүний хувьд энэ жил борлуулалт, эрэлт хэрэгцээ нь багассан ч цаашдаа сайжрах, хандлагатай учраас бидэнд ирээдүй байна. Тэгэхдээ Хятадаас яг ижил төрлийн бүтээгдэхүүн орж ирдэг нь материалын хувьд нимгэн, даац муутай чанаргүй байдаг. Харин манай бүтээгдэхүүний чанар даац үнэхээр сайн байдгийг солонгосын мэргэжилтнүүд баталсан. Яг ижилхэн тоног төхөөрөмжөөр үйлдвэрлэсэн хэрнээ солонгосын арматур өндөрлөгч манай үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнээс даацын хувьд муу байсан. Энэ нь манай түүхий эд сайн байгаагийнх гэж үзэж байгаа юм.
-Ажилчдаа хэрхэн бэлтгэдэг вэ. Шинэ машин учраас ямар нэг доголдол саатал гарахад өөрсдөө засах уу?
-Манай үйлдвэрт БНСУ-аас мэргэжилтэн ирж ажилладаг. Солонгос мэргэжилтэн маань өөрөө энэ чиглэлээр 20 гаран жил ажилласан туршлагатай хүн байгаа. Машинуудын хэвийн ажиллагааг хангаж ажиллахаас гадна үйлдвэрийн ажилчдад зааж сургаад явдаг. Мөн бид ажилчдаа ээлж дараалан Солонгос улсад сургалтанд хамруулдаг. Ер нь бол машинууд маань БНСУ-ын хамгийн сүүлийн үеийн шинэ загварын техник учраас ямар нэг доголдол гарах нь бага байдаг.
Утас: 95159020, 96669020