УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталсан. Энэхүү хуулийг баталснаар замын хөдөлгөөний аюулгүй байдал болон замын хөдөлгөөний дүрэмд нэлээд өөрчлөлт орсон. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль нь энэ сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлээд буй. Тэгвэл хуулийн хэрэгжилт хэрхэн явагдаж байгаа талаар Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх,олон нийттэй харилцах хэлтсийн дарга,цагдаагийн хурандаа Э.Бөхбатаас тодрууллаа.
Цагдаагийн хурандаа Э.Бөхбат:Хөдөлгөөний шинэ хууль гараанаасаа амжилттай гарсан
- Замын хөдөлгөөний шинэ хууль хэрэгжээд долоо хонож байна. Энэ хугацаанд авсан арга хэмжээний талаар. Мөн жолооч хуулийн дагуу замын хөдөлгөөнд соёлтой оролцож чадаж байна уу?
- Замын хөдөлгөөний шинэ хууль хэрэгжиж эхлэхээс өмнө гарч байсан зам тээврийн осол болон илэрсэн зөрчилтэй харьцуулалт хийж үзэхэд өмнө нь өдөрт 4000-5000 зөрчил илэрдэг байсан. Эдгээр зөрчлүүд эцсийн бүлэгтээ зам тээврийн осол болж төгсдөг. Үүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авдаг байсан. Ингэснээр энэ хэмжээний зам тээврийн ослын таслан зогсоодог байсан гэсэн үг. Харин хууль хэрэгжиж эхэлснээс хойш энэ зөрчил 50 хувь буурсан. Өөрөөр хэлбэл 2000 гаруй зөрчил илэрч байна. Мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолооддог үзэгдэл гаригаасаа шалтгаалан янз бүр байдаг. Тухайлбал амралтын өдрүүд дөхөөд ирэхээр буюу ялангуяа баасан гаригт нэмэгддэг хандлага бий. Өмнө нь 120-150 согтуу жолооч цагдаагийн байгууллагын шалгалтаар илэрдэг байсан бол өнөөдөр өдөрт 30-35 болж буурсан. Тэгэхээр хууль хэрэгжиж эхэлсэн эхний алхам юм. Өөрөөр хэлбэл замын хөдөлгөөний шинэ хууль гараанаасаа амжилттай гарч байгаагийн илрэл.
Замын хөдөлгөөний шинэ хууль гараанаасаа амжилттай гарч байгаагийн илрэл
- Долоо хоногийн хугацаанд ямар зөрчил хамгийн их илэрсэн бэ?
- Анхааруулах олон зүйл байна. Жолооч нар хамгаалах бүсийг хэрэглэж сурч байгаа ч хэрэглээгүйн улмаас бэртэж гэмтэх тохиолдол бий. Нийт зам тээврийн осолд өртсөн иргэдийн 86 хувь нь хамгаалалтын бүс хэрэглээгүй.Хууль хэрэгжиж эхэлснээс хойш хамгаалалтын бүс хэрэглээгүй зөрчил цөөнгүй хувийг эзэлж байна. Хоёрдугаарт нийтийн үйлчилгээнд явж байгаа том оврын тээврийн хэрэгслүүдийн жолооч нарын хариуцлагагүй байдал жин дардаг. Тэгэхээр эрхэм жолооч нар торгуулын хэмжээ өндөр гэж ярихаасаа өмнө Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм болон бусад хууль тогтоомжоо биелүүлэх хэрэгтэй байна. Ингэснээр зам тээврийн осолд өртөхгүй. Мөн өндөр хэмжээний торгууль таньд нөлөөлөхгүй юм.
Тэгэхээр эрхэм жолооч нар торгуулын хэмжээ өндөр гэж ярихаасаа өмнө Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм болон бусад хууль тогтоомжоо биелүүлэх хэрэгтэй байна
- Жолооч тус бүрт арван оноо өгнө. Оноо өгсөнөөр ямар үр дүн гарах бол. Зарим иргэд энэ талаар ташаа мэдээлэлтэй байгаа нь ажиглагдлаа. Хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?
- Онооны систем нь замын хөдөлгөөний дүрмийг биелүүлдэггүй жолооч нарт зориулагдсан систем. Гэхдээ замын хөдөлгөөний дүрмийн бүх зүйл заалтуудыг зөрчсөн үйлдэл дээр биш. Зөвхөн зам тээврийн осолд өртөхөд хүчин зүйл болдог 17-18 заалтад үйлчилнэ. Одоогоор онооны систем хэрэгжиж эхлээгүй байна. Гэхдээ удахгүй хэрэгжээд жолооч нарын оноо хасагдана. Мэдээж зөрчил гаргасан тохиолдолд. Тэгэхээр жолооч нар хариуцлагаа нэмэгдүүлэх шаардлагатай болж байна. Өмнө нь жолооч нарын талоныг гурав цоолдог байсан системийг боловсронгуй болгож байгаа юм. Тухайн жолооч тодорхой оноо хасууллаа гэж бодоход замын хөдөлгөөний ямар нэг зөрчил гаргахгүй бол хасагдсан оноо нь автоматаар сэргээгдэнэ. Мөн сүүлийн нэг оноотой үлдсэн тохиолдолд хоёр жил зөрчил гаргаагүй бол арван оноо нь эргэж сэргээгдэх нөхцөлтэйгөөр хэрэгжинэ.
Онооны систем нь замын хөдөлгөөний дүрмийг биелүүлдэггүй жолооч нарт зориулагдсан систем
Тэгвэл замын хөдөлгөөний шинэ хуулийн талаар жолооч нарын байр суурийг сонслоо.
- Жолооч болон явган зорчигчдын аль аль нь дүрмээ билүүлээд явахад болно. Замын хөдөлгөөний хуулийн шинэ заалтуудыг би дэмжиж байгаа. Торгуулын мөнгөн дүн нэмэгдсэн гэж байгаа ч тэр хэмжээгээр жолооч нарын хариуцлагыг нэмэгдүүлж байгаа юм. Тухайлбал жолооч болон зорчигчид хамгаалалтын бүсээ зүүж хэвшиж байгаа нь ажиглагдлаа. Өөрсдийн болон өрөөлийн төлөө хуулиа дээдлэх хэрэгтэй болов уу,
- Замын хөдөлгөөний шинэ хууль зүгээр санагдсан. Жолооч явган зорчигчийн хариуцлагыг дээшүүлсэн хууль болсон. Миний хувьд халтууранд явдаг.Гэтэл нэгдүгээр эгнээнээс зорчигч авахаар торгуулах тохиолдол байдаг.Үүнийг уян хатан болгох хэрэгтэй.
Ингээд жолооч болон иргэд замын хөдөлгөөнд оролцохдоо юунд анхаарч, хууль зөрчвөл ямар торгуул төлөхөөр заасныг товчлон хүргэе.
Согтуугаар анх удаа жолоо баривал 384 мянган төгрөгөөр торгоно
Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон этгээд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 384 мянган төгрөгөөр торгож, жолоодох эрхийг зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хасах шийтгэл хүлээлгэхээр тусгажээ. Харин согтуугаар жолоо барьж тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй болсон буюу эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, зөрчлийг давтан үйлдсэн бол эрүү үүсгэж 30 хоногийн хугацаатай баривчлах, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасах шийтгэл хүлээлгэх юм байна.
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эрхээ хасуулсан, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн этгээдээр тээврийн хэрэгсэл жолоодохыг шаардсан, нөлөөлсөн иргэнийг 48 мянгаар хуулийн этгээдийг 960 мянган төгрөгөөр торгох юм.
Жолоогоо согтуу хүнд шилжүүлбэл 96 мянган төгрөгөөр торгоно
Хэрвээ согтууруулах ундаа хэрэглэсэн, мансуурсан хүнд жолоог шилжүүлсэн бол тухайн шилжүүлсэн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх 96 мянган төгрөгөөр торгох шийтгэл хүлээнэ. Мөн согтуу жолоо барьсан этгээдэд торгуул ногдуулж, жолоодох эрхийг зургаан сараас нэг жил хүртэл хасна.
Бие эвгүйрхсэн үедээ жолоо баривал 48 мянгаар торгоно
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ гэж тусгасан байна. Энэ тохиолдолд 48 мянган төгрөгөөр торгоно гэсэн үг.
Мөн тээврийн хэрэгслийн жолооч автомашины жолоодлогоо өвчтэй, биеийн байдал нь хэвийн бус байгаа хүнд шилжүүлвэл мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувь буюу 19200 төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэх юм байна.
Жолооны үнэмлэхгүй жолоо баривал 48 мянгаар торгоно
Замын хөдөлгөөний дүрэмд заасан баримт бичиггүй тээврийн хэрэгсэл жолоодсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэх юм байна. Өөрөөр хэлбэл, жолооны үнэмлэхгүй, жолоодох эрх аваагүй тээврийн хэрэгсэл жолоодвол 48 мянган төгрөгөөр торгох юм байна. Харин баримт бичиггүй этгээдэд тээврийн хэрэгслийг шилжүүлсэн бол 19200 төгрөгөөр торгох юм байна.
Бүртгэлгүй тээврийн хэрэгсэл жолоодвол 96 мянган төгрөгөөр торгоно
Улсын бүртгэлд бүртгүүлээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх буюу 96 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг 192000 төгрөгөөр торгох юм байна. Харин тухайн жолоодож буй тээврийн хэрэгслээ техникийн хяналтын үзлэгт оруулаагүй, тэнцээгүй байхад нь замын хөдөлгөөнд оролцсон иргэн, хуулийн этгээдийг мөн дээрх хэмжээгээр торгохоор заажээ.
Хуурамч дугаар ашигласан хуулийн этгээдийг 960 мянган төгрөгөөр торгоно
Улсын бүртгэлийн дугаар нь арилсан, бүдгэрсэн зэргээс үзэгдэх байдал нь муудсан, эсхүл дугаараа буруу байрлуулсан тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол улсын дугаарын тэмдгийг хурааж, иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх 48 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ. Харин улсын бүртгэлийн дугааргүй буюу дугаараа нуун далдалсан тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол 96 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг 348 мянган төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэх юм байна. Харин хуурам дугаар ашигласан иргэнийг 192 мянга, хуулийн этгээдийг 960 мянган төгрөгөөр торгох юм байна.
Жолооч, зорчигч бүсээ зүүгээгүй бол 9000 төгрөгөөр торгоно
Тээврийн хэрэгслийн жолоочоос гадна зорчигч хамгаалах бүс хэрэглээгүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний таван хувьтай тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэхээр төсөлд тусгажээ. Өөрөөр хэлбэл, ганц жолоочид ч биш зорчигчийг торгоно гэсэн үг. Энэ тохиолдолд есөн мянган төгрөгөөр торгохоор заажээ.
Утсаар яривал 9000 төгрөгийн торгуултай
Тээврийн хэрэгсэл жолоодох үед хөдөлгөөнт утас хэрэглэсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний таван хувьтай тэнцэх 9000 төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэх юм байна.
Бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодвол 48 мянган төгрөгөөр торгоно
Жолооч хориглосон бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол 19200 төгрөгөөр торгож, ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэх орчин хязгаарлагдмал үед гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл нь бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцвол 48 мянган төгрөгөөр торгох юм байна. Мөн хуулиар хориглосон тусгай дуут болон гэрлэн дохио суурилуулсан тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцвол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувь буюу 96 мянган төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.
Гэрлэн дохио зөрчвөл 19200 төгрөгөөр торгоно
Жолооч гэрлэн дохио болон цагдаагийн албан хаагчийн хориглосон дохиог зөрчин замын хөдөлгөөнд оролцсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувь буюу 19200 төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ. Мөн Замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн дуут дохио өгөх журам зөрчсөн бол 19200 төгрөгөөр торгоно
Зам тавьж өгөх шаардлагыг биелүүлээгүй бол 19200 төгрөгөөр торгоно
Замын хөдөлгөөний дүрэмд заасан жолооч давуу эрх бүхий тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх шаардлагыг биелүүлээгүй бол 19200, жолооч хөдөлгөөний чиг өөрчлөхдөө эгнээ байр эзлэх журам зөрчсөн, хориглосон газарт буцаж эргэх буюу ухрах үйлдлийг хийсэн бол мөн 19200 төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэх юм байна.
Урсгал сөрвөл 96 мянган төгрөгөөр торгоно
Замын хөдөлгөөний дүрэмд хориглосон нөхцөлөөр жолооч эсрэг урсгал сөрсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх төгрөгөөр торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хасах шийтгэл хүлээлгэхээ заажээ.
Хэт удаан явбал 19 мянган төгрөгөөр торгоно
Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч шаардлагагүй үед огцом тоормослох, аюултай нөхцөл үүсгэх, эсхүл хүндэтгэх шалтгаангүйгээр хэт удаан явж бусдын хөдөлгөөнийг саатуулвал захиргааны хариуцлага хүлээнэ. Энэ нөхцөлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувь буюу 19200 төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэхээр боловсруулжээ.
Хурд хэтрүүлбэл жолоодох эрхийг зургаан сараар хасна
Замын хөдөлгөөний дүрэмд заасан жолооч тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас тавь хүртэл хувиар хэтрүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ. Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар жолооч тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас тавиас дээш хувиар хэтрүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх төгрөгөөр торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан сарын хугацаагаар хасах шийтгэл хүлээлгэнэ.
Удаан зогсвол 19200 төгрөгөөр торгоно
Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар жолооч тээврийн хэрэгслийг зорчих хэсэг дээр түр буюу удаан зогсоох журам зөрчиж бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулсан, эсхүл явган хүний гарц дээр буюу замын тэмдгээр зөвшөөрөгдөөгүй явган хүний зам дээр зогсоож явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулсан 19200 төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.
Замын тэмдэглэгээ зөрчиж эргэсэн бол 48 мянган төгрөгөөр торгоно
Жолооч замын тэмдэг, тэмдэглэлийн заалтыг зөрчиж зүүн гар тийш буюу буцаж эргэсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувь буюу 48 мянган төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ. МӨН жолооч тээврийн хэрэгслийн бодит жин буюу тэнхлэгийн ачааллын хязгаарлал тогтоосон хориглох тэмдгийн заалтыг зөрчвөл 48 мянган төгрөгөөр торгох, хуулийн этгээдийг 192 мянган төгрөгөөр торгох шийтгэл хүлээх юм байна.
Явган зорчигч дүрэм зөрчвөл торгоно
Явган зорчигч Замын хөдөлгөөний дүрэм зөрчвөл 19200 төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ. Харин явган зорчигч согтуугаар Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол 48 мянган төгрөгөөр торгох шийтгэл хүлээнэ. Иргэн, хуулийн этгээд оршин байгаа газарт хамаарах замын бохирдол, цас мөсийг цэвэрлэлгүй замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөрчилд хүргэсэн бол эцэг эх, асран хамгаалагчийг 19200 төгрөгөөр торгох юм байна.
Энэ мэтчилэн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг зөрчсөн зүйл бүрээр иргэн, хуулийн этгээдэд торгуул ногдуулах юм.