Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Ерөнхийлөгч Ч.Даваабаярын санаачилсан Баялаг бүтээгчдийг дэмжинэ төслийг"МАСС" агентлагийн хамт олон хэрэгжүүлж байгаа билээ. Есөн сарын хугацаанд 120 уран бүтээлч нийслэл, орон нутгийн 280 баялаг бүтээгч иргэдээ сурталчилж байна. Манай төслийн хамт олон аймаг бүрийг төсөлдөө хамруулж, сумын баялаг бүтээгчдээ онцлон хүргэх ажлаа Өвөрхангай аймгаас эхэлж байна. Бид 21 аймгийн бүх сумдаар явж, баялаг бүтээж иргэн тантай уулзан, ур ухаанаа шингээж хийсэн бараа бүтээгдэхүүн, бүтээлийг тань олны хүртээл болгох болно.
“Масс aгентлаг”-ийн ТУЗ-ийн дарга Ч.Даваабаярын санаачлан хэрэгжүүлж буй “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төслийн багийнхан Өвөрхангай аймгийн 19 суманд ажиллахаар хүлгийн жолоог залсан юм. Санаа нийлсэн уран бүтээлчид маань Улаанбаатараас хөдлөн Монгол Улсын төв цэг болох Өвөрхангай аймгийн Бүрд сумыг зорихдоо түүх соёлтой нь танилцахыг ихэд хүсэж байлаа. Ийнхүү бид зорьсон газраа саадгүй хүрж аймагтаа малынхаа тоогоор тэргүүлдэг залуу мянгат малчин Г.Золжаргалыг онцлон мянгат малчин хэмээх эрхэм цолыг хүртсэн арга туршлагаас нь хуваалцсан юм.
Багаасаа л малд нүдтэй байсан хүү 11 настайдаа өөрийн хүслээр мал маллаж, одоог хүртэл 22 жил болжээ. Тэрбээр 2003 онд гэргийтэйгээ танилцаж хоёр талаас нийлсэн 305 толгой малтай айл болсон гэдэг. Харин одоо Г.Золжаргал 4000 хол давсан сүрэгтэй, улсын мянгат малчин хэмээх хүндтэй цолны эзэн болсон юм. Ийнхүү нутаг усандаа нэрээ дурсгаж яваа залуу малчинг бид баялаг бүтээгчээр сонгон танилцсан юм.
Мөн нутгийнхаа иргэдийг эрээлсэн гэр, тавилгаар хангаж буй уран гартай Ч.Чинбаатар гуай ч бидний бэлтгэж буй нэвтрүүлгийн нэг баатар болж бичигдсэн.
Өрхийн үйлдвэрлэл эрхлэгч тэрбээр 1990 оноос хувиараа модон эдлэл хийж эхэлсэн бөгөөд зах зээлийн хүнд үеийг үл ажран зүтгэсээр өнөөдрийг хүрчээ. ыНутгийн иргэдийн захиалгаар хаалга, цонх, унь, тооно гэх мэтчилэн гэр ахуйн модон эдлэлийг голцуу хийдэг. Мөн бүрэн тавилгатай гэр хийж борлуулдаг байна. Чинбаатар гуайн баримталдаг гол зарчим нь чанар бас дахин чанар.
Тэрбээр “Манай хоршоо хамгийн гол нь чанарыг эрхэмлэдэг. Зарим үйлдвэрүүд хийц, гоёл чимэглэлдээ илүү анхаараад чанарын асуудлаа орхигдуулаад байдаг. Харин манайх ямагт чанарыг нэгт авч үздэг юм. Модны чанараас эхлээд өөрийн сэтгэл, ур ухаанаа шингээсэн сайхан бүтээл гаргахыг зорьж ажилладаг” хэмээн ярьж буй түүнийг бүтээлдээ хэрхэн бие сэтгэлээ зориулж буйг илтгэж байлаа.
Бүрд сумаас онцлох бас нэгэн үйлдвэрлэгч бол сумынхаа хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж буй нэгэн байлаа.
Өөрсдийн хэрэгцээг хангахаар анх блок хийхээр зорьж байсан Цогоо гуй одоо Бүрд сумынхаа иргэдийн хэрэгцээг хангах хэмжээний үйлдвэрлэл эрхэлдэг болсон байна. Орон нутагт тэр дундаа жижиг сумдад үйлдвэрлэл эрхлэж, нутгийнхаа иргэдийн хэрэгцээг хангана гэдэг амаргүй ажил. Гэвч тэрбээр гэр бүлийнхэнтэйгээ хамтран өдөрт гурван цаг ажлаад л 400 блок гаргачихдаг юм гэж ярьж байлаа. Мөн блокны үйлдвэрлэл явуулахын зэрэгцээ гар аргаар хийсэн ноос сэмлэгч машинаар нутгийн иргэдийн ноосыг төвөггүй гаргачихдаг аж. Бид ийнхүү Бүрд сумын баялаг бүтээгчдээр бахархаж, ажилд нь амжилт хүссэн юм.
М. Цацрал