m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.09.16 04:21
727
Аялал жуулчлалын бүс Хархорин сум

Өвөрхангай аймаг Хархорин сум

Масс агентлагаас хэрэгжүүлж буй “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төслийн баг Өвөрхангай аймгийн Хархорин сумыг зорилоо. Өгэдэй хааны байгуулсан Их Монгол Улсын нийслэл Хархорин хот оршдог энэхүү сум нь өдгөө Өвөрхангай аймгийн аялал жуулчлалын гол бүс нутаг болоод буй. Үүнээс гадна жуулчид төдийгүй монголчуудын очих дуртай Эрдэнэзуу хийд, Боовон хад, Хархорин музей гээд үзэж сонирхох зүйл олон бий. Хамгийн олон буюу 12 мянга гаруй хүн амтай цөөхөн сумдын нэг Хархоринг жилдээ дотоод, гадаадын 30 гаруй мянган жуулчин үзэж сонирхдог байна.

Үүнийгээ дагаад тус сумын жижиг дунд үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүний борлуулалт нэмэгдэн, газар тариалан, тоосгоны үйлдвэр, оёдлын цех, шахмал түлш үйлдвэрлэгч гээд 20 гаруй компани, хоршоонууд Хархорин сумынхаа нүүр царай болсон брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

Сумын иргэд дан ганцаар бие дааж үйлдвэрлэл эрхлэхээс илүүтэй олны хүч оломгүй далай гэдгийн адил өрх айлаараа нийлж бизнесээ явуулах нь илүү амжилтад хүрч буйгаа ярьсан.

“Масс агентлаг”-ийн “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төслийн багийг  Хархорин сумын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид тэсэн ядан хүлээж сууснаа хэлэхийн сацуу сумынхаа брэнд болсон үйлдвэрлэгчдийг “Баялаг бүтээгчдийн дэмжинэ” төсөлд онцлон танилцууллаа.

Үүнд нийт 25 өрх нийлж хүнсний нарийн болоод өргөн хэрэглээний ногоо тариалж сумынхаа хэрэгцээг бүрэн хангаж, бусад сумаас хүнсний ногоо авахаа больжээ. Мөн монголчуудын сайн мэдэх эрүүл мэндэд тун сайн гэдэг айраг буюу гишүүнээр шүүс, чанамал хийж нутгийн иргэд цаашлаад нийт монголчууддаа түгээхээр “Хангайн хөгжил хоршоо”-ныхон ажиллаж байна.


Сумынхаа болоод аймгийнхаа явган хүний зам, машин зам барихад ашиглах бүтээгдэхүүнийг хийж гүйцэтгэсэн “Мөнгөн мод” ХХК өдгөө сумынхаа хүүхэд залуучуудад зориулан Хүүхэд залуучуудын чөлөөт бүсийг байгуулжээ.

Агаарын бохирдол ихсэж байгаа өнөө үед Хархорин сумын иргэн Г.Бат-Орших, П.Дашням нар эко түлш буюу үхрийн баасыг нүүрстэй хольсон шахмал түлш хийжээ. Мөн модны үртсээр хийсэн шахмал түлшийг хийж аймаг, сумдаа нийлүүлж буй нь хэн хүний санаа авах дэвшилтэд ажил болж буй юм.

 

Өвөрхангай аймаг жижиг бизнес эрхлэгчдээ дэмжих үүднээс сум бүртээ Бизнес хөгжлийн төв байгуулжээ. Хархорин сумын бизнес хөгжлийн төв нь 20 гаруй өрхийг ажлын байртай болгосон нь ажилгүйдлийн түвшинг бууруулж байгаа юм.

 

Суварга хайрхан уулаас эх авдаг Орхон голоо ашиглан “Цэнгэг орхон” компани цэвэр ус үйлдвэрлэжээ. Өдгөө тэдний бүтээгдэхүүнийг сумын иргэд төдийгүй жуулчдын сонирхлыг ч ихээр татдаг аж.