Онцгой байдлын Ерөнхий газраас гамшгаас хамгаалах команд штабын сургалтыг Дорнод аймагт есдүгээр сарын 17,18-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Өмнө нь 2011 онд тус аймагт зохион байгуулагдаж байсан энэхүү сургалт нь дөрвөн жилд нэг болдог бөгөөд энэ удаагийн сургалтыг Дорнод аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулж байгаа аж.
Сургалтын удирдагчаар ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяр удирдан ажиллана. Команд штабын сургалтыг сум орон нутаг, аж ахуйн нэгж, албан байгууллагуудын удирдлагуудад хийдгээрээ онцлогтой. Сургалтад Дорнод аймгийн 14 сум, агентлаг хэлтэс, аж ахуй нэгжийн удирдлагууд оролцохоор бэлтгэл ажил нь хангагдаад байгаа юм. Өнөөдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд сургалтад оролцох сум, байгууллагууд, аж ахуй нэгжийн удирдлагууд танхимын сургалтад хамрагджээ.