Монгол Улсын Засгийн газрын 2015 оны зургаадугаар сарын 15-ны өдрийн 242 дугаар тогтоолоор “Хубилай сэцэн хааны мэндэлсний 800 жилийн ой”-г орон даяар тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн билээ.
Энэхүү түүхэн ойн хүрээнд ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид “Хубилай хаан ба түүнийг залгамжлагчид” каталогийг хэвлүүллээ.
Уг бүтээлд Хубилай хааны намтар түүх, Монголын Юань улсын үеийн нийгэм, эдийн засгийн байдал, соёл, шинжлэх ухааны ололт амжилтын талаар судлан авч үзсэн байна. Мөн бүтээлд Хубилай хааны талаарх сурвалж, судалгааны бүтээлүүдэд хэрхэн үнэлж ирснийг тэмдэглэн дэлхийн түүхэнд оруулсан түүний хувь нэмрийг дурдан өгүүлсэн юм.
Мөн тус хүрээлэнгээс Хубилай сэцэн хаан, Монголын эзэнт гүрний түүхийн асуудлаар монгол судлаачид, өрнө, дорнын нэрт эрдэмтдийн бүтээлийг цуврал есөн боть болгон хэвлүүлж байна. Үүнд: Ш.Нацагдорж “Хубилай сэцэн хаан” -I, “Монголын Юань улс” -II, Ч.Далай “Монголын түүх” (1260-1388) -III, А.Пунсаг “Тэнгэрийн Их Юань усын түүхэн тэмдэглэл” -IV, Д.Төмөртогоо “Хубилай хааны зарлигууд” -V, Моррис Россаби “Хубилай хаан, түүний амьдрал, цаг үе” -VI, Михал Биран “Чингис хаан” -VII, Сүгияма Масааки “Монголын эзэнт гүрний мандал буурал” -VIII, Ж.Бойль “Дэлхийн Монгол гүрэн” –IX зэрэг болно.
Хубилай хааны 800 жилийн ойд зориулан хэвлүүлж буй эдгээр бүтээлүүдийн нээлт Интер ном дэлгүүрт болсон юм.