"Шилмэл мал-2015" үзэсгэлэн яармаг энэ сарын 18-20-ны өдрүүдэд зохион байгуулагдсан бөгөөд өнгөрсөн ням гарагт шилдгүүдийг шалгарууллаа. Гойд ашиг шимт сүү, мах, үржлийн чиглэлийн үхрийн үзэсгэлэн худалдаанд таван аж, ахуй нэгж, 18 иргэний 76 үхэр, гурван сарлаг оролцсоноос сүүний чиглэлийн шилмэл хээлтэгчээр Улаанбаатар хотын Сонгинорхайрхан дүүргийн 21 дүгээр хорооны иргэн Б.Төмөрбаатарын долоон настай хар тарлан үнээ шалгарсан юм. Энэ үнээ нь саалийн 305 хоногт 8587 литр сүү өгдөг. Харин шилмэл хээлтүүлэгчээр Сонгинохайрхан дүүргийн иргэн Б.Түмэндэмбэрэлийн 710 килограмм жинтэй шар тарлан бух тодорсон юм.
Энэ жил гаднаас оруулж ирсэн болон сүүний чиглэлийн эрлийз үнээ шалгаруулах номинаци нэмэгдэж 21 төрлөөр сонгон шалгаруулалт явуулсан байна.
Дуудлага худалдааны хувьд дөрвөн тэмээ оролцож шилмэл үржлийн тэмээгээр Өмнөговь аймгийн Ханбогд сумын малчин Ш.Мягмарын зургаан настай улаан буур тодорсон юм. Харин гойд ашиг шимт хонийг нарийн болон нарийвтар ноостой, бүдүүн, бүдүүвтэр ноостой гэх мэтээр тэргүүн, дэд байруудыг шалгарууллаа.
Өмнөговь аймгийн Ханбогд сумын малчин Ш.Мягмарын зургаан настай улаан буур тодорсон юм.
Адууны дуудлага худалдаанд Хэнтий аймгийн Галшар сумын уяачид 40 орчим буюу хамгийн олон адуу оролцуулсан байна. Нэг адуу нь дунджаар 3-4 сая төгрөгийн ханштай байсан бөгөөд дөрвөн хүн найман саяын худалдаа хийжээ.