Хэвлэмэл үйлдвэрийн зах зээлд хэдийнэ танигдсан “Мөнхийн үсэг” групп 2010 онд монголын анхны бүрэн автомат сав баглаа боодлын үйлдвэрийг байгуулсан нь өнөөдрийн бидний “Баялаг бүтээгч” буландаа онцолж буй “Eco Pack” ХХК юм. Тус компанийн сав, баглаа боодлын үйлдвэрт гурван ээлжийн 90 гаруй ажилчид ажиллахын зэрэгцээ өдөрт 80.000 орчим ширхэг хайрцаг, сав үйлдвэрлэдэг байна. Ингээд тус компанийн захиалгын менежер Э.Баянжаргалтай ярилцсанаа хүргэе.
-Танай байгууллагын хувьд хэзээнээс үйл ажиллагаагаа явуулж эхлэв. Яагаад чухам сав баглаа боодлын үйлдвэрлэлийг сонгох болов?
-Манай компани 2010 онд байгуулагдсан. Биднийг анх үйлдвэр байгуулж байхад бүрэн автомат үйлдвэр байдаггүй байсан. Үүнтэй холбоотой сав, баглаа боодлыг импортоор оруулж ирэх явдал цөөнгүй байсан. Иймээс бид дотооддоо үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих зорилгоор Монголын анхны дотоодын хөрөнгө оруулалт бүхий бүрэн автомат цаасан хайрцаг, сав баглаа боодлын үйлдвэрийг байгуулсан юм.
-Нийт хэчнээн төрлийн хайрцаг, баглаа боодол үйлдвэрлэдэг вэ. Мөн танай бүтээгдэхүүнийг хэрэглэдэг хамтран ажиллагч байгууллагуудаасаа дурьдвал?
-Одоогоор бид 15 нэр төрлийн хайрцаг үйлдвэрлэж байгаагийн дотор хүнсний хайрцаг, нэгтийн хайрцаг, бор хайрцаг, аюулгүйн хайрцаг, архивын хайрцаг, бэлэг дурсгалын хайрцаг, дугтуй тор зэрэг хайрцаг сав баглаа боодлыг үйлдвэрлэж байна. Бид АПУ, Батбайгаль, НВЦ зэрэг 200 орчим үндэсний үйлдвэрлэгчидтэй хамтран ажилладаг.
-Үйлдвэрийн хүчин чадлын тухайд?
-Анх байгуулагдаж байхдаа өдөрт 20-30 мянган ширхэг хайрцаг үйлдвэрлэдэг байсан. Өнгөрсөн таавн жилийн хугацаанд техникийн шинэчлэлт нэлээд хийсний дүнд одоо өдөрт 80-100 мянган ширхэг хайрцаг үйлдвэрлэх хүчин чадалтай болсон байна.
-Одоо зах зээлд бүрэн автомат үйлдвэрүүд олон болсон шүү дээ. Тэдгээр үйлдвэрээс ялгарах танай онцлог гэвэл?
-Манай компанийн нэр “Eco Pack”. Тиймээс бид Мэргэжлийн Хяналтын Газраас баталгаажсан түүхий эд материалаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Өөрөөр хэлбэл нөхөн төлжүүлсэн ой модноос гаргаж авсан болохоор хүний биед хоргүй гэсэн үг. Бүтээгдэхүүндээ ашиглаж байгаа будаг маань ч хүнсний бүтээгдэхүүн хадгалах, савлахад ямар нэг хор нөлөөгүй. Үүнээс гадна хэрэглэгч офсет хэвлэлтэй хайрцаг захиаллаа гэхэд зарим байгууллагад хэвлэлийн тоног төхөөрөмж дутмаг байх үе бий. Харин манайх сав баглаа боодлын бүхий л асуудлыг цогцоор нь шийддэгээрээ онцлогтой юм л даа.
-Гол түүхий эдээ хаанаас авдаг вэ. Сав баглаа боодлын материалын өөрийн стандарт гэж байдаг байх?
-Манай үйлдвэрийн гол түүхий эд бол цаас. Одоогоор бид цаасаа БНХАУ-аас авч байна. Шаардлагатай нарийн хийц бүхий цаасыг Солонгос улсаас оруулж ирдэг. Стандартын хувьд ямар бүтээгдэхүүн савлахаас шалтгаалаад өөр өөр байдаг ч бид 3-5 давхар, жижиг, том үелээ бүхий цаасан хайрцгийг захиалагчдад нийлүүлж байна. Жишээлбэл, торт, пиццаны хайрцаг нь даацын хувьд бүрэн баталгаажсан байхын зэрэгцээ тос нэвтэрдэггүй, бүтээгдэхүүний шинэлэг байдлыг удаан хадгалах шаардлагатай байдаг.
-Сав, баглаа боодлын 3D хэвлэлт гэж ярьж байсан. Тэр талаараа тайлбарлахгүй юу?
-Манай компани 2014 оноос бүтээгдэхүүндээ нэмэлт ажилбаруудыг хийдэг болсон нь гадна бүрэлт, лак, эмбосс, фольга зэрэг төрөл бүрийн зүсэлт юм. Эдгээр нь хайрцагны гаднах өнгө үзэмжид нөлөөлөөд барахгүй өөрийн гэсэн төрхтэй болох боломжийг захиалагчиддаа олгож байгаа хэрэг юм.
Ярилцсанд баярлалаа.
Харилцах утас: 98007050, 98097050
Г.Гангамаа