М.Бямбаа: Иргэдийн хамгийн их хүсдэг зүйл бол хүүхдийн тоглоомын талбай, гэрэлтүүлэг, тав тухтай орчин
Аймаг болон сумынхаа явган хүний зам, замын хашлага, цаашлаад өнгөлгөөний тоосго, хээтэй бетонон хашаа зэргийг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж буй “Мөнгөн мод” компани баялаг бүтээгч үйлдвэрийн тоонд зүй ёсоор орно. Учир нь өдгөө нийт 5600 м.кв явган хүний зам тохижуулж, өнгөлгөөний тоосго нь сумандаа хаус хороолол болон сүндэрлэж байна.
“Мөнгөн мод” ХХК-ийн захирал М.Бямбаа: Иргэдийн хамгийн их хүсдэг зүйл бол хүүхдийн тоглоомын талбай, гэрэлтүүлэг, тав тухтай орчин
Утас: 99084699, 94084699
- Үйлдвэрлэлийн ажлаа хэзээнээс эхэлж байв?
- 2013 онд Сум хөгжүүлэх сангаас 28 сая төгрөгийн зээл авсан. Тэгээд зээлийнхээ мөнгөөр явган хүний замын хавтан үйлдвэрлэх машин оруулж ирсэн. Түүгээрээ Хархорин суманд хавтан үйлдвэрлэж, мөн өнгөрсөн жилээс шинэ хэвээр өнгөлгөөний тоосго хийж эхэлсэн. Үүгээр Хархорин хотод хаус хороолол барьж байна. Ингэснээр манай компани Хархорин сумынхаа өнгөлгөөний тоосго, явган хүний замын хавтан, хашлага, төмөр бетон эдлэлийн асуудлыг бүрэн шийдэж өгсөн гэж хэлж болно. Дотоодынхоо үйлдвэрлэлийг дэмжихээс гадна бусад сум руу ч бараа, бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломж бололцоо бий болж байгаа юм.
- Хавтан гэхэд зөвхөн нэг төрлийнхийг хийж байна уу, эсвэл дотор нь төрөлжүүлдэг үү?
- Явган хүний хавтан гэхэд хараагүй хүнд зориулсан гэж байдаг. Мөн бордурийг ч бас төрөл бүрээр нь манай компани үйлдвэрлэж байна. 2012-2013 оны Хархорин сумын дэд бүтцийн ажилд тодорхой хэмжээгээр гар бие оролцож, бохир, цэвэр усны систем, дулаалгын системийг хийсэн компаниуд манайхаас кольцо, хоолой, таг зэргийг худалдан авч байсан.
- Өнгөлгөөний тоосго жирийн тоосгоноос юугаараа давуу талтай вэ?
- Өнгөлгөөний тоосгоны давуу тал нь орон нутагт байдаг хүрмэн чулууг ашиглаж, түүнийгээ үнстэй хольж хийдэг. Өөрөөр хэлбэл, хаягдал бүтээгдэхүүнээр үйлдвэрлэсэн гэсэн үг юм. Дээр нь маш бат бөх, хөнгөн, дулаан зэрэг олон давуу талтай. Мөн энэ нь Улаанбаатараас тээвэрлэж авчирсан тоосгоноос хямдхан.
- Танай үйлдвэрийн бүтээгдэхүүнээр тохижуулсан бүтээн байгуулалтын ажлууд хаа сайгүй юм аа?
- Тийм шүү. 2013 оноос Хархорин сумын явган хүний зам, машины зогсоол, хамгийн сүүлд гэхэд хүүхэд залуучуудын чөлөөт бүсийг барьж тохижууллаа. Өдгөө хүүхэд шуугисан сайхан орчин бүрдүүлсэндээ маш баяртай байна. Нийт 5600 м.кв явган хүний зам хийсэн байна. Ер нь явган хүний зам, бетонон хашааг манайх шиг технологиор хийдэг үйлдвэр өөр байхгүй.
Бетонон хашаа нь төмөр суурьтай учраас маш чанартай буюу 60-80 жилийн баталгаатай ч байж болно.
- Жижиг дунд үйлдвэрлэгчдийн хувьд зээл тусламжийн тал дээр тулгамддаг ямар асуудал байна?
- Орон нутгийн хөгжлийн сангаас зээл авсан жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч маш олон байдаг. Хамгийн гол нь орон нутгийн хөгжлийн сангийн зээлийн хэмжээг жил ирэх тусам өсгөж байгаасай гэж хүсдэг. Учир нь орон нутгийн хөгжлийн сангаас зээл авч бизнес эрхлэх, баялаг бүтээх хүсэлтэй хүмүүс маш олон байдаг. Үүгээр ч бизнесээ өргөжүүлэх маш том боломж гардаг. Жилээс жилд зээлийн мөнгө нь багасаж байгаа учраас орон нутгийн бизнес эрхлэгчид цөөрч, худалдан авах чадвар ч буурч байна.
- Танай үйлдвэрээс гарч байгаа хээтэй блокон хашаа, энгийн бетонон хашаа хоёрт ялгаа бий юү?
- Чанарын хувьд маш ялгаатай. Бетонон хашаа нь төмөр суурьтай учраас маш чанартай буюу 60-80 жилийн баталгаатай ч байж болно. Харин блокон хашаа тийм биш ч үнийн хувьд хоёулаа ойролцоо байдаг. Өөрөөр хэлбэл, дөрвөн метр хашаанд 100 блок ордог гэвэл нэг блок нь мянган төгрөг. Тэгээд нэг хашаа нь 100 мянган төгрөг болно гэсэн үг. Тэгэхээр бид дөрвөн метр бетонон хашаагаа 400 мянган төгрөгөөр борлуулж байгаа юм. Дээрээс нь бид өөрсдөө кранаараа суурилуулж өгдөг.
- Мэдээж аливаа компани цаашид үйл ажиллагаагаа тэлж, улам өргөжихийг боддог байх. Танай компанийн хувьд цаашид ямар төлөвлөгөөтэй ажиллаж байна?
Бид хот руу бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэх төлөвлөгөө бий.
- Манай бүтээгдэхүүн хөдөө орон нутагтаа борлогдох боломж маш муу болж байгаа. Яагаад гэвэл, эдийн засаг доройтсонтой холбогдож хөдөө орон нутагт төмөр бетон эдлэл, хавтан, замын бордурь авах хүн ховор болсон. Гэхдээ бид хот руу бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэх төлөвлөгөө бий. Уг нь орон нутагт хийх ажил их байгаа ч эдийн засгийн байдал, худалдан авах чадвар муу байгаа учраас яалт ч үгүй нийслэл рүү бүтээгдэхүүнээ зарах болж байгаа юм. Ард түмний хамгийн их хүсдэг зүйл гэвэл хүүхдийн тоглоомын талбай, гэрэлтүүлэг, тав тухтай орчин. Харин үүнийг бүрдүүлж өгье гэхээр мөнгө, санхүүгийн асуудал нэн түрүүнд тулгамдаж байгаа юм.
- Д.Тэмүүлэн