Өвөрхангай аймгийн Баян-өндөр сум
Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сум 1931 онд анх байгуулагджээ. Улсын нийслэлээс баруун урагш 303 км, аймгийн төв Арвайхээр хотоос зүүн хойш 122 км-ийн зайд тус сум оршдог бөгөөд уулын хар хүрэн, хужир, хужирлаг хөрс бүхий уулархаг нутаг юм.
Баян-өндөр сум нь 2011 онд аймгийнхаа анхны жишиг сумаар шалгарч байжээ. Тиймдээ ч жилээс жилд сумын хөгжил дэвшил ахисаар байгаа юм. Тус суманд үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрлэл эрхлэгчид сумандаа төдийгүй аймаг хотод хүлээн зөвшөөрөгдсөн баталгаат чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа аж. Иймээс “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төслийн багийнхан Баян-өндөр сумын баялаг бүтээгчдийг онцлон танилцуулж байна.
“Бүрэн баян хайрхан” компани өөрсдийн хийсэн гутландаа нүүр бардам 10 жилийн баталгаа өгдөг.
Сумандаа 17 жилийн турш гутлын үйлдвэрлэл эрхэлж буй “Бүрэн баян хайрхан” компани өөрсдийн хийсэн гутландаа нүүр бардам 10 жилийн баталгаа өгдөг. Үхрийн шир ашиглан тоноглон урладаг уг бүтээгдэхүүн хэдийнэ хот хөдөөгийн хэрэглэгчдийн таашаалд нийцээд амжжээ.
Анх 1998 оноос нохой гутлыг ханьтайгаа хамт гэрээр хийж эхэлсэн хоёр 2012 оноос эсгийн гутлыг томж тоноглож эхэлсэн байна. Эсгий гутал тоноглодог хүмүүс сум төдийгүй хотод ховор байдаг ажээ. Тиймээс “Бүрэн баян хайрхан” компани эсгийн гутлыг тоноглон нутгийн иргэд болон хот руу илгээж, Нарантуул зах дээр бөөнддөг байна. Үйлдвэрлэн гаргаж буй Памбагар цагаан гутлын онцлог нь уландаа байдаг аж. Гурван давхар ширэн оруулгатай учраас эдэлгээ урттайн дээр хөлд дулаан түшигтэй хэмээн худалдан авагчид ам сайтай байдаг байна.
Харин өрхийн үйлдвэрлэл эрхлэгч С.Ганхуягийнх гэх айлын үүдээр ороход л ажилч хичээнгүй гэдэг нь харагдаж байлаа. Тэрбээр энхэр хүүхдүүдийн хамт амьдардаг бөгөөд сумынхаа Гандантэгчилэн хийдийг удирдахын зэрэгцээ зундаа блок, тоосго, өнгөт хавтан хийж, өөрийн хувийн бизнесэээ эрхэлдэг байна. Амьдралаа өөдөн татахын төлөө хамтдаа зүтгэж буй тэд гэрээрээ цээж зураг угааж, бичиг хэргийн авсаархан цэг ажиллуулдаг нь амьдралд нь төдийгүй нутгийнханд нь хэрэгцээтэй үйлчилгээ болдог аж.
Өнгөрсөн жил сумынхаа захиргаа болон Гандантэгчилэн хийдийн гадна талбайг өнгөт хавтангаар “гоёод” амжжээ
Ганхуягийнх сумынхаа тохижолтод багагүй анхаардаг бөгөөд өнгөрсөн жил сумынхаа захиргаа болон Гандантэгчилэн хийдийн гадна талбайг өнгөт хавтангаар “гоёод” амжжээ. Блок болон тоосго нь нарийн орц нормын дагуу үйлдвэрлэдэг учраас чанарын хувьд баталгаатай, эдэлгээ урттай юм.
Мод тарина гэдэг нэг насны буян. Ийм л буянтай ажлыг долоон жилийн турш хийж яваа “Зүүн босго” компани “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөлд хамрагдсан юм. Тус хамт олон жилдээ 2000 гаруй суулгац үржүүлж худалдаалдаг. Мөн суулгацаа өөрийн хашаандаа бус байгальд тарьж ургуулсаар байгаа юм. Одоогоор чацаргана, шар хайс, бургас, хайлаас, улиас гэх мэт таван төрлийн мод тарьж байгаа бөгөөд жилдээ 2000 мод худалдаанд гаргадаг байна.
М.Цацрал