m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.10.02 02:34
2053
Гар хийцийн монгол гутал маш чанартай болдог

Монголын өв соёл, үндэстний онцлогийг тээсэн монгол гутал урлаач Д.Мөнхбат албаны ажлынхаа хажуугаар ийм үйлдвэрлэл эрхэлдэг хөдөлмөрч нэгэн юм. Түүний хамаатнууд бүгд монгол гутал оёдог бөгөөд ур хийцээрээ Өвөрхангай аймаг даяар алдартай гэнэ. Д.Мөнхбат бөх хүн болохоор барилддаг залуучууд түүнд захиалга өгч гутал хийлгэдэг юм билээ.

Монгол гутал үйлдвэрлэгч Д.Мөнхбат

-Монгол гутлыг анх яаж хийж сурч байв?

-Анх өөртөө гутал хийж өмсөж үзэж байгаад 1994 оноос хойш захиалгаар монгол гутал урладаг болсон. Одоо ажлынхаа зав зайгаар хийдэг. Би 2013 оноос сумыг нэгдсэн халаалт, эрчим хүчээр хангадаг “Хүлгийн дээд” ХХК-ийн орон нутаг дахь захирлаар ажиллаж байна. Монгол гутлаас гадна буриад гутал болон хүүхдийн гутал, эмээлийн гөлөм хийдэг. Монгол гутал манай үндэсний гутал гэдгээрээ их онцлог. Мөн өвөл зуны улиралд алинд нь ч өмсөж болдог. Чийг татахгүй, хөлд их эвтэйхэн, зөөлөн байдаг. Өвөл дулаахан, зун нь сэрүүхэн байлгадаг шинж чанартай.

Монгол гутал чийг татахгүй, хөлд их эвтэйхэн, зөөлөн байдаг. Өвөл дулаахан, зун нь сэрүүхэн байлгадаг шинж чанартай

-Гутлаа ганцаараа хийдэг үү?

-Ихэвчлэн ганцаараа хийдэг. Захиалга ихтэй үед хамаатныхаа 4-5 хүнийг дуудаж, цалин өгч ажиллуулдаг. Би гутлаа дандаа гараараа хийдэг. Яагаад гэвэл үйлдвэрийн гутал чанар муутай, өнгө үзэмж ч тааруу болдог. Гар хийцийн монгол гутал маш чанартай болдог. Бүх зүйлээ гараар хийдэг болохоор хугацаа их ордог. Тийм учраас 5-6 хүн нийлээд сард 3-4 монгол гутал гаргадаг. Ганцаараа хийвэл 14 хоногт нэг гутал бэлэн болгоно. Нарийн оёдолтой болохоор хийхэд хэцүү л дээ.

-Материалаа хаанаас авдаг вэ?

-Улаанбаатар хотоос бүх материалаа авдаг. Монгол гутлын материал их үнэтэй. Нэг гутал хийхэд 150-160 мянган төгрөгийн материал орно. Тэгээд ажлынхаа хөлсийг шингээгээд нэг гутлыг 350-400 мянган төгрөгөөр зардаг. Гэхдээ ур хийцээсээ шалтгаалаад янз бүрээр үнэлдэг.

-Таны хийсэн гутлуудаас хамгийн өндөр үнэ хүрсэн нь ямар гутал вэ?

-Хээтэй монгол гутал маань таван сая төгрөгөөр зарагдаж байсан. Өвөрхангай аймгийн төвийн нэг хүн бэлэн мөнгөөр худалдаж авсан.

-Сумынхаа бүх бөхчүүдийн гутлыг урласан гэж сонссон юм байна. Бөхийн өмсдөг гутал бусдаас өөр байдаг уу?

-Монгол гутал ганц төрөлтэй боловч хэв загвар нь өөр байдаг. Бөх хүний гутлын улыг зөөлөн материалаар хийдэг. Сумынхаа бараг бүх бөхчүүдийн гутлыг хийж өгсөн дөө /инээв/. Манай суманд монгол гутал хийдэг хүн надаас өөр байхгүй болохоор их захиалдаг болов уу.

Хээтэй монгол гутал маань таван сая төгрөгөөр зарагдаж байсан

-Захиалга ер нь хэр их байдаг вэ?

-Ерөнхийдөө их шүү. Манай аймгийнхнаас гадна Хөвсгөл, Архангай, Баянхонгороос захиалга өгдөг. Би 2010 онд аймагт болсон үзэсгэлэн худалдаанд оролцож, бүтээлээрээ Тэргүүн байрт шалгарч байсан юм. Түүнээс хойш захиалга эрс нэмэгдсэн.

-Сум, орон нутгаасаа санхүүгийн туслалцаа авч байв уу?

-Сум хөгжүүлэх сангаас зургаан сая төгрөгийн зээл авч, гутал хийх материал авсан. Манай сум жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдээ их сайн дэмждэг юм. Даанч үндсэн зээлийнх нь хэмжээ бага, зарим үед яг зээл шаардлагатай үйлдвэрлэл эрхлэгчийг олж, онож өгөхгүй байх шиг санагддаг.

-Төр засгаас жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд ямар төрлийн дэмжлэг хэрэгтэй байна вэ?

-Ер нь татвар төлөгчдийн мөнгийг зөв зүйлд зарцуулах хэрэгтэй. Одоо өгч буй зээлийн хүү, хугацаа боломжийн боловч хэмжээ нь бага байна. Тиймээс энэ тал дээр анхаарвал зүгээр болов уу.

Утас: 88216128

С.Мөнхжаргал