m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.10 02:29
1083
Хөрсний доройтол, цөлжилтийн талаар эрдэмтэд санал солилцлоо

Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны энэ оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу газрын доройтол, цөлжилтийн чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг эрдэм шинжилгээний болон мэргэжлийн байгууллагууд, бие даасан судлаачдын мэдээлэл солилцох уулзалт боллоо. Тус уулзалт, семинарт Ус цаг уур орчны шинжилгээний газар, Геоэкологийн хүрээлэн, Газарзүйн хүрээлэн, Ботаникийн хүрээлэн, Ус цаг уурын хүрээлэн, ХААИС, МУИС, ШУТИС, Эко-Ази дээд сургууль зэрэг их дээд сургуулиуд оролцож, хөрсний доройтол, цөлжилтийн чиглэлээр хийж байгаа судалгаа шинжилгээний ажлуудаа танилцууллаа. Энэ үеэр УИХ-аас 2012 онд баталсан “Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай” хуулийн 5.1-д заасны дагуу боловсруулсан  “Хөрсний доройтол, цөлжилтийн төлөв байдлын зэрэглэлийн шалгуур үзүүлэлт, түүнийг тогтоох аргачлал”-ын төслийг танилцуулж санал авах бөгөөд энэ чиглэлээр сүүлийн үед хийгдэж байгаа судалгааны ажлын талаар мэдээлэл солилцсон. Монгол орон  эрс тэс уур амьсгалтай, газарзүйн байршлын хувьд далайн түвшнээс өндөр өргөгдсөн, хөрсний үржил шим ядуу,  тачир, сийрэг ургамлан нөмрөгтэй зэрэг онцлогоос шалтгаалж экологийн хувьд нэн эмзэг тогтоцтойд тооцогддог. Манай улс нутаг дэвсгэрийн хэмжээгээр дэлхийд 18 дугаарт, нэг хүнд ногдох талбайн хэмжээгээрээ тэргүүн байр эзэлдэг ч газрын нөөцийг зөв зохистой ашиглах, хамгаалах асуудал төрийн байгууллагуудын  анхаарлын төвд байнга оршсоор байна. Манай орны нөхцөлд цөлжилт, газрын доройтлыг үнэлэх аргазүйн судалгааны ажил одоо хүртэл янз бүрийн түвшинд хийгдэж байгаа бөгөөд цаашид боловсронгуй болгох зайлшгүй шаардлагатай юм. Газрын доройтлын хэмжээ түүний зэрэглэлийг тогтоох судалгааг ихэвчлэн гадаад дотоодын судлаачид хийсэн байна. Гэвч эдгээр мэдээлэл нь нэгдсэн арга зүй байхгүйгээс  судлаачдын баримталсан арга зүйгээр хийгдсэн байдаг. Энэ нь зарим талаараа учир дутагдалтай боловч цөлжилтийн тархсан бодит байдлыг тогтоосноороо ач холбогдолтой юм. Иймд хөрсний доройтол, цөлжилтийг тогтоох шалгуур үзүүлэлт, зэрэглэлийг тогтоох нэгдсэн аргачлалыг мэргэжлийн хүний оролцоотойгоор  хүн бүхэнд ойлгомжтой, энгийн хялбар байхаар боловсруулан гаргах шаардлагатай байгаа аж. Үндэсний хэмжээнд цөлжилтийн нэгдсэн үнэлгээ, зураглал үйлдэх, газрын доройтлыг үнэлэхдээ зайнаас тандан судалгааны мэдээлэлд суурилсан үзүүлэлтийн системийг сонгон авч НҮБ-ын ХХААБ-аас хэрэгжүүлж буй Гандуу бүс нутгийн газрын доройтлын үнэлгээ (LADA) хөтөлбөрт заасан үнэлгээний шалгуур үзүүлэлт, түүний зэрэглэлийн тогтолцоог үндэс болгох нь зүйтэй хэмээн үзжээ.

Н.Байгаль