Орон нутагт газар тариалан, өвлийн бэлтгэл ажил өрнөж байна. Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатараар ахлуулсан ажлын хэсэг Өлзийт, Хурх, Биндэр, Баян-Адарга сумдын намрын тариа хураалтын ажил байдалтай танилцав. Тус аймгийн хувьд энэ жил 30 мянган га талбайд үр тариа тариалсан юм. Гэвч зуны эхэн сар гандуу, хуурайшилттай байсны улмаас тариалсан үр тарианы тал хувь нь ганд нэрвэгдэж, ургац алдсан байдалтай байна. Энэ жилийн хувьд аймгийн хэмжээнд 27 мянган га талбайд улаан буудай тариалсаны 14 мянган га талбайгаас улаан буудай хураах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Аймгийн хэмжээнд газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй компани ажиллаж байгаа бөгөөд цаг агаарын нөхцөл байдлын улмаас есдүгээр сар гаргаж, тариа хураалтын ажлаа эхэлжээ.
Энэ жилийн хувьд хэдийгээр ургац бага авч байгаа боловч хураасан улаанбуудайн чанар маш сайн байгаа юм.
Одоогоор тариа хураалтын ажил дундаа орж, ажил жигдэрсэн байдалтай байна. Үүнээс үзэхэд энэ сарын 15 гэхэд аймгийн хэмжээнд ургац хураалтын ажил дуусах юм. Энэ намрын хувьд тариаланчид га-аас дунджаар 6- 7 центнер ургац хураан авч байна. Аймгийн хэмжээнд нийтдээ 7000 орчим тонн үр тариа хураан авахаар ажиллаж байгаа юм. Энэ жилийн хувьд хэдийгээр ургац бага авч байгаа боловч хураасан улаанбуудайн чанар маш сайн байгаа юм. Лабораторийн шинжилгээгээр улаанбуудайн цавуулаг дунджаар 28-33 хувь байгаа нь улаанбуудайн чанар өндөр байгааг илтгэж байна.
Тухайлбал: Өлзийт тосгоны нутагт үйл ажиллагаа явуулж буй “Өлзийт-Энсада” ХХК энэ жил 5500 га талбайд тариалалт хийснээс 2500 га-г уриншилж, 3000 га-аас 2000 тонн ногоон тэжээл бэлтгэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Харин “Атар чандгана сүү” ХХК-ны хувьд 150 гаруй саалийн үнээтэй бөгөөд 400 гаруй тонн хадлан бэлтгэжээ.
Лабораторийн шинжилгээгээр улаанбуудайн цавуулаг дунджаар 28-33 хувь байгаа нь улаанбуудайн чанар өндөр байгааг илтгэж байна.
“Энсада Истерн” ХХК нь намрын тариа хураалтын ажлаа наймдугаар сарын 20-ноос эхэлсэн бөгөөд тариа хураалтын ажил 30 хувьтай явагдаж байна. Нийтдээ 5000 га-д үр тариа тариалсанаас буудайн болц гүйцээгүйн улмаас ногоон тэжээл бэлтгэхээр ажиллаж байлаа. Мөн Хурх сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Эвийн хүч” ХХК энэ жил 1600 га-д арабас, улаанбуудай, хөх тариа, арвай тариалжээ. Гэвч цаг агаар хүйтэн, хяруу, нойтон цас орсон зэргээс шалтгаалж зарим ургацаа алдсан ч ногоон тэжээл бэлтгэхээр ажиллаж байна. Түүнчлэн намрын тариа хураалттай зэрэгцэн тарианд мал орох хүндрэлээс сэргийлэн Хурх тосгонд аймгийн ЦГ-өөс төлөөлөгч томилогдон ажиллаж байна. Харин “Энх ногоон тал” ХХК 2000 га-д овьёос, арабас, улаанбуудай тариалсан бөгөөд 50 тонн овьёос хураан авчээ. “Алтан Хурх” ХХК-ний хувьд энэ жил “Алтайский 100” сортоор улаанбуудай тариалж, хураалтын ажил жигд явагдаж байна. “Өндөрхаан тариа” ХХК энэ жил нийт 1000 га-д тариалсан ч ургацынхаа 70 хувийг алдах нь тодорхой болжээ.
Одоогоор ургац хураалтын ажил 15 хувьтай явагдаж байна. Биндэр сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй “Амжилт” ХХК, “Биндэрьяа буудай” ХХК болон Баян-Адарга сумын нутагт орших “Дацан Агро” ХХК –иудын ургац хураалт мөн л жигдэрсэн байдалтай байлаа. Энэ үеэр ажлын хэсэг Баян-Адарга сумын фермерч Д.Мөнх-Алдарын хотоор зочилсон юм. Эднийх гахайн фермдээ 160 гаруй гахайтай бөгөөд 3 жилийн өмнөөс бэлчээрийн гахайн үүлдрийг гаргаж авахаар зэрлэг гахайг гаршуулжээ. Энгийн гайхайг зэрлэг гахайтай хоршуулж гаргасан төл нь Монголын цаг агаар, бэлчээрийн аж ахуйд тун сайн зохицсон, амьдрах чадвар сайтай байдаг ажээ. Тус фермд зэрлэг, ландарс, макао зэрэг үүлдрийн гахайг үржүүлж байгаа бөгөөд ирэх жилээс цэвэр зэрлэг гахайн төлийг гаргахаар ажиллаж байгаа юм. Д.Мөнх-Алдар нь гахайн фермерийн аж ахуй эрхэлхээс нутагладаг газартаа 20 гаруй тарвага нутагшуулж, тарваганууд одоо 60-70 толгой болтлоо үржсэн ажээ. Энэ жилийн хувьд аймгийн хэмжээнд ургац хураалтын ажил ийнхүү жигдэрсэн байдалтай байна.