Герман (герм. Deutschland), албан ёсоор Холбооны Бүгд Найрамдах Герман Улс нь төв Европын улс юм. Умард талаараа Дани, зүүн талаараа Польш, Чех, өмнө талаараа Австри, Швейцари, баруун талаараа Франц, Люксембург, Бельги, Голланд улсуудтай хиллэдэг. Мөн баруун хойд талд нь Хойд тэнгис, зүүн хойд талд нь Балтын тэнгис оршдог. Герман нь 357,021 км² нутаг дэвсгэртэй бөгөөд сэрүүн уур амьсгалтай. Хүн амынхаа тоогоор Европын Холбооны гишүүд дотор тэргүүлдэг, мөн гадны оршин суугчдаараа дэлхийд гуравт орно.
МЭӨ 100 оноос өмнө Германиа гэгч нутагт Герман угсааны хүмүүс амьдарч байжээ. 10-р зуунаас 1806 он хүртэл Германы нутаг дэвсгэр нь Ариун Ромын эзэнт гүрний маш чухал хэсэг болж байв. 16-р зуунд Германы хойд хэсэг нь Протестант шинэчлэлийн төв болсон байна. 1871 оны Франц-Пруссын дайнд анх удаагаа улс болж нэгджээ. Дэлхийн хоёрдугаар дайны дараа 1949 онд Герман нь баруун, зүүн хоёр улсад хуваагдсан. Хоёр улс 1990 онд нэгджээ. 1957 онд Баруун Герман нь Европын Эвлэлийг байгуулсан орнуудын нэг болсон бөгөөд энэ байгууллага нь 1993 онд Европын Нэгдэл болсон байна. Герман нь Шенгений бүсэд орсон бөгөөд 1999 онд Еврог мөнгөн тэмдэгтээ болгосон.
Герман нь 16 мужаас (Bundeslдnder) тогтсон холбооны бүгд найрамдах парламентын засаглалтай улс юм. Нийслэл бөгөөд хамгийн том хот нь Берлин. Герман нь НҮБ, НАТО, Их Найм, G4 зэрэг байгууллагуудын гишүүн бөгөөд Киотогийн гэрээнд гарын үсэг зурсан. ДНБ нь дэлхийд тавд (худалдан авах чадвараар харьцуулсан), эсвэл гуравт (нэрлэсэн) ордог. Мөн дэлхийн хамгийн том экспортлогч орон юм. Германы гадаад орнуудад үзүүлэх тусалцаа нь дэлхийд хоёрт ордог бөгөөд цэрэг армийн зарцуулалт нь зургаад орно. Герман нь амьдралын чанар өндөртэй бөгөөд нийгмийн аюулгүй байдлыг хангах нарийн системийг бий болгожээ. Европын үйл ажиллагаанд чухал байр суурь эзлэдэг бөгөөд дэлхийн орнуудтай сайн хамтын ажиллагаатай. Герман нь шинжлэх ухаан, технологийн салбарт тэргүүлэгч орнуудын дунд жагсдаг.
Засаг захиргааны хуваарь
Герман улс нь орон гэх утгатай Герман хэлний Lдnder хэмээх үгээр нэрлэгддэг холбооны 16 мужаас бүрдэнэ. Тус бүрдээ үндсэн хуульт, өөртөө засах эрхтэй тул заримдаа муж улс гэж бас нэрлэдэг. Эдгээрээс Бавари, Саксон, Тюринг гурав нь албан ёсоор "чөлөөт улс" (Freistaat) хэмээгддэг бол, Берлин, Бремен, Хамбург гурван хот нь мужийн зэрэглэлтэй болсон тул хот улс гэж үздэг юм.