m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.05.19 02:27
174
Загас чимээ шуугианаас давж дуугаа өндөрсгөдөг

Хүмүүс аливаа дуу чимээнээс өрсөж дуугарахдаа дуугаа өндөрсгөж ярьдаг. Тэгвэл зөвхөн хүн дуугаа өндөрсгөдөггүй юм байна. Аварга том махчин загас, халим, дельфинд дуу чимээ хэрхэн нөлөөлдөг талаар хийсэн судалгаа цөөнгүй. Гүүрэн дээгүүр гарах автомашины чимээ, гол мөрний усаар явж өнгөрөх моторт завины хөдөлгүүрийн чимээ гэх мэт тэдний амгалан тайван байдлыг алдагдуулдаг зүйл бишгүй. Оберний их сургуулийн Дэниэл Холт, Кэрол Жонстон нар дутууг гүйцээхээр шийджээ. Ингээд тэд чимээ шуугиантай үед загасны авир хэрхэн өөрчлөгддөгийг судалж үзсэн байна. Судлаачид булуу цагаан загасны төрлийн cyprinella venusta гэгч жижгэвтэр загасан дээр судалгаа хийжээ. Эрэгчнүүд нь хоёр төрлийн дуу гаргадаг бөгөөд эмэгчнээ татахын тулд муурын хүржигнэхтэй адил чимээ, бас бусад эрэгчнээ айлгахын тулд чангаар тас няс гэсэн чимээ гаргадаг юм байна. Эдгээр загасны дуу чимээг бичих микрофон болон тусгай дуу өсгөгчөөр тоноглогдсон шилэн хоргонд хийжээ.Аудио бичлэгт дэлгэрэнгүй шинжилгээ хийж үзэхэд загас чимээ шуугианд хүнтэй адил хариу үйлдэл үзүүлдэг нь илэрсэн байна. Дуу өсгөгчийг асаасан үед тэд нам гүм байсныг бодвол илүү чанга дуу авиа гаргаж байжээ. Энэ бол дуу авиа загасны авир байдалд нөлөөлдөгийн баталсан анхны тохиолдол. Олон төрөл зүйл, ялангуяа цэнгэг усанд амьдардаг загаснууд дуу авиан дохионы тусламжтай өөр хоорондоо харилцдаг гэж Холт өгүүлсэн байна. Одоо эрдэмтэд гарсан үр дүнг байгалийн нөхцөлд шалгаж туршихаар зэхэж байгаа аж. Энэ нь чанга дуу чимээ загасны үржил болон бусад үйл ажиллагаанд саад болдог үгүйг мэдэхэд тусална.