Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах бодлогын баримт бичгийг хэлэлцэхийг дэмжив
Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2015.20.22/ үдээс хойшх нэгдсэн хуралдааны эхэнд “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явууллаа. Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд үдээс өмнөх хуралдаанаар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 83.9 хувь нь дэмжлээ.
Үүний дараа "Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан танилцууллаа.
Энэхүү төслийн анхны хэлэлцүүлгийг тус байнгын хорооны хуралдаанаар хийх үед гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр батлах нь зүйтэй хэмээн тус Байнгын хорооны гишүүдийн олонх үзжээ. Байнгын хорооны энэхүү саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин, уг тогтоол 83.1 хувийн саналаар батлагдлаа.
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй
Дараа Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.
Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн М.Батчимэг танилцуулсан юм. Тэрбээр, “Монгол Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагааг боловсронгуй болгох, тасралтгүй, түргэн шуурхай, үр дүнтэй явуулах нөхцөлийг үе үеийн УИХ бүрдүүлэхээр ажиллаж ирсэн.
УИХ-аас гарах шийдвэрийг чанаржуулах үүднээс салбарын мэргэшсэн эрдэм шинжилгээний байгууллага, судлаачаар судалгаа хийлгэх, хуралдааны ирц хүрэлцэхгүйн улмаас УИХ-ын үйл ажиллагаа удаашрах, завсарлах, хэлэлцэж байгаа асуудлын ач холбогдол буурах зэрэг сөрөг үзэгдэл гарч байгааг шийдвэрлэх зорилгоор УИХ-д суудал бүхий нам, эвслийн бүлгийн хариуцлагыг нэмэгдүүлэх, үүнтэй холбогдуулан УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд хууль болон УИХ-ын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэх үе шатыг боловсронгуй болгохтой холбоотойгоор зарим зүйл заалтыг тодруулах, утга агуулгыг шинэчлэх болон зарим асуудлууд дээр шинээр зохицуулалт хийх шаардлагатай болж байгаатай холбогдуулан эдгээр асуудлыг шийдвэрлэх зорилгоор Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсрууллаа”хэмээн танилцуулсан.
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь 5 зүйлтэй, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь 7 зүйлтэй бөгөөд хуулийн төслүүдэд Хууль тогтоомжийн эмхэтгэлийн цахим хувийг гаргах асуудлыг хуульчлах, Байнгын хороод, УИХ-ын гишүүдээс УИХ-ын чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслийн талаар болон хууль санаачлах эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлаар гаргасан хүсэлтийг УИХ-ын даргын Зөвлөлөөр хэлэлцүүлж, шаардлагатай гэж үзсэн асуудлаар УИХ-ын захиалгаар салбарын мэргэшсэн эрдэм шинжилгээний байгууллага, судлаачаар судалгаа хийлгэх, хэлэлцүүлгийн шатанд гарч буй зарим тодорхойгүй зохицуулалтыг тодруулах, техник, технологийн дэвшил, хууль зүйн орчны өөрчлөлттэй уялдуулан нэр томьёоны зарим өөрчлөлтийг тусгажээ.
Ингэснээр УИХ-аас гарч буй шийдвэр нь илүү судалгаа, шинжилгээний үндэслэлтэй, хууль тогтоох үйл ажиллагаа илүү боловсронгуй болж, УИХ-аас батлан гарч буй хууль, тогтоомжийн чанарт сайнаар нөлөөлнө гэж хууль санаачлагчид үзэж байгаа юм байна.
Төрийн байгуулалтын байнгын хороо хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн тухай УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл танилцуулсан.
Энэ хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Нэг асуудлыг хоёр байнгын хороогоор хэлэлцэх тохиолдол гардаг. Тэгээд нэг байнгын хороон дээр асуудлыг хэлэлцээд санал, дүгнэлтээ хүргүүлэхэд нөгөө байнгын хороон дээр санал өөрчлөгдөх нь бий. Төсвийн хүрээний мэдэгдэл хэлэлцчихээд дараа нь төсөв хэлэлцэх үеэр төсвийн хүрээний мэдэгдэл эвдэгдээд явчихдаг. Энэ мэт орхигдсон асуудлыг төсөлд хэрхэн тусгах вэ хэмээн асуусан.
Хууль санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн А.Бакей, Зарим чухал асуудал орхигдсон тал бий гээд хуулийн төслөө боловсронгуй болгон, чухал саналуудыг тусгаад явах боломж байгаа гэсэн. Тэрбээр, Төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын тайлан, Үндсэн чиглэлийн хэрэгжилтийг Засгийн газраас тус тусад нь өргөн бариад тусад нь хэлэлцэн цаг авдаг байсан. Харин хуулийн төсөлд эдгээрийг хамтад нь өргөн бариад, чиглэл чиглэлээр нь хэлэлцээд явахаар тусгасан байгаа гэж хариулсан юм.
Хуулийн төслүүдтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Ж.Батзандан, Д.Лүндээжанцан нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн. Ингээд хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжсэнгүй.
УИХ-ын дарга З.Энхболд чуулганы нэгдсэн хуралдааны үйл ажиллагаатай танилцсан Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэд мэндчилгээ дэвшүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Монгол Улсад ажлын айлчлал хийж буй Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны үйл ажиллагаатай танилцлаа. Улсын Их Хурлын дарга З.Энхболд эрхэмсэг зочин Шинзо Абэд мэндчилгээ дэвшүүлэн, амжилт хүссэн юм.
Эрчим хүчний хэмнэлтийн тухай болон холбогдох хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ
Мөн өдрийн хуралдаанаар Эрчим хүч хэмнэлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Эрчим хүчний сайд Д.Зоригт танилцуулав.
2012 оноос Монгол Улс эрчим хүчний эх үүсвэрийн дутагдалд орж байгаа нь хурдацтай өсөж байгаа барилга, уул уурхайн салбарын өсөлтийг сааруулж, эдийн засгийн өсөлтийг удаашруулах сөрөг хүчин зүйл болж байна. 2013 оны байдлаар Улаанбаатар хотод 14 мянган айлын орон сууц, оффисын барилга шинээр баригдсан бөгөөд тэдгээрийн заримыг нь дулаан, цахилгаанд холбох боломжгүй байна хэмээн сайд танилцуулгынхаа эхэнд дурдсан.
Тэрбээр, Иймд өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэглээг хангахад эрчим хүчний шинэ эх үүсвэр барихын зэрэгцээ бүтээгдэхүүн үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний эрчим хүчний зарцуулалтыг үндэслэл сайтай тооцож, үр ашигтай, хэмнэлттэй хэрэглэх нь хамгийн үр өгөөжтэй арга хэрэгсэл мөн гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч байна.
Эрчим хүчийг үр ашигтай хэрэглэх нь улс орны эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлэх, зүй зохистой хэрэглээг төлөвшүүлэх, ард иргэдийн ая тухтай амьдрах орчныг сайжруулах зэрэг эдийн засаг, нийгмийн суурь салбаруудад хамааралтай асуудал юм.
Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн төсөлд УИХ, Засгийн газар, төрийн захиргааны төв байгууллага, эрчим хүч хэмнэлтийн талаар нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх, зохицуулах чиг үүрэг бүхий эрчим хүч хэмнэлтийн зөвлөл, эрчим хүчний мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх байгууллага /аудитын байгууллага, аудитор, эрчим хүчний үр ашгийн үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн байгууллага/, үүрэг хүлээсэн хэрэглэгч, эрчим хүч хэмнэлтийн менежер болон тэдгээрийн хоорондын харилцааг зохицуулахаар тусгалаа гэлээ.
Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Тлейхан танилцууллаа.
Хуулийн төслүүдийг Байнгын хороогоор хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн А.Тлейхан, эрчим хүчний хэмнэлтийн талаар олон жил яригдаж, судлагдаж байгаад орж ирсэн энэхүү хуулийн төсөл нь гадаадын олон орны туршлагыг шингээсэн, олон улсын загварт нийцсэн байна хэмээгээд хуулийг хэрэгжүүлэх шатанд нь онцгой анхаарч ажиллах нь зүйтэй гэсэн саналыг Байнгын хорооны хуралдааны үеэр хэлжээ. Харин УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан эрчим хүчний хэмнэлтийг хэрэгжүүлэхэд оролцох гол салбар бол барилгын салбар, тиймээс Улаанбаатар хотын 1,3,4 дүгээр хорооллын угсармал барилгуудын дулааны алдагдлыг багасгах арга хэмжээ авах, сэргээгдэх эрчим хүчийг барилгадаа хэрэглэх замаар дулаан, цахилгааны тодорхой хувийг барилга өөрөө гаргадаг нөхцөлийг бүрдүүлэх, цахилгаан бага зарцуулдаг, хэмнэлт гаргадаг гэрэл чийдэн хэрэглэх талаар хэрэглэгчдэд сургалт, сурталчилгаа явуулах нь зүйтэй гэсэн бол УИХ-ын гишүүн Г.Батхүү эрчим хүчний үйлдвэрлэлийг аль болох байгаль орчинд сөрөг нөлөө багатай, эдийн засгийн хувьд үр ашигтай, хэрэглээнд тохирсон бодлого явуулах гэж байгааг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан, С.Оюун, О.Содбилэг, С.Одонтуяа, Л.Эрдэнэчимэг нар асуулт асууж, УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Д.Сарангэрэл, А.Тлейхан нар байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуулийн төслүүдийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 94.9 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
Эрүүл ахуйн тухай болон холбогдох хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив
Эрүүл ахуйн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг мөн хэлэлцлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба танилцуулав.
Ариун цэврийн тухай хуулийг Эрүүл ахуйн тухай хууль болгон шинэчлэн найруулах болсон шалтгаан нь хотжилт, бүтээн байгуулалт, үйлдвэржилт, техник, технологийн дэвшилтэд хөгжил өсөн нэмэгдэж байгаа өнөөгийн нөхцөлд одоогийн мөрдөж байгаа Ариун цэврийн тухай хууль нь цаг үеийн шаардлагыг бүрэн хангахгүй байгаад оршиж байгаа аж.
Иймд хүний эрүүл мэндэд нөлөөлж болох сөрөг хүчин зүйлийг арилгах, түүнээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг цогцоор нь шийдвэрлэх зарчмыг баримтлан Эрүүл ахуйн тухай хуулийн төслийг боловсруулсан байна.
Улаанбаатар хот, зарим суурин газрын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрч азотын давхар исэл, хүхэрлэг хий, хар тугалга болон нарийн ширхэглэгт тоосонцорын хэмжээ эрүүл ахуйн зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр байгаа нь хүн амын дунд амьсгалын замын өвчлөл, түүн дотроо уушигны цочмог, архаг үрэвсэл, хорт хавдар, зүрх судасны эмгэг, харшлын өвчин нэмэгдэх, хүний дархлааны түвшин буурах, хүүхдийн бие бялдрын өсөлт, хөгжилт саарах зэрэг сөрөг нөлөө үзүүлж байна. Тухайлбал, агаар бохирдуулагч хүхрийн давхар исэл, азотын давхар исэл, тоосонцор болон харьцангуй чийг, агаарын даралт нь зүрх судас, амьсгалын замын өвчлөлд шууд нөлөөлж байна. Улаанбаатар хотын хүүхдийн цусан дахь хар тугалгын түвшин 10 мкг/дл илэрч байгаа нь хүүхдийн дархлалын хариу урвалд сөрөг нөлөө үзүүлж өвчлөл нэмэгдүүлэх нөхцлийг бүрдүүлж байгааг сайд онцолсон.
Үйлдвэрийн болон ахуйн хог хаягдал, эрүүл ахуйн шаардлага хангаагүй энгийн бие засах газар, бохирын цооногийн тоо нэмэгдсэнээр хөрсний өөрөө цэвэрших чадварыг алдагдуулж, суурин газрын хөрсний бохирдлын түвшин нэмэгдэж, хүн амын дунд гэдэсний халдварт өвчин гарахад нөлөөлж байгаа аж. Тухайлбал, улсын хэмжээнд хөрсний бохирдлын байдалд мэргэжлийн хяналтын байгууллагаас 1993 онд хийсэн хяналт шинжилгээний дүнг 2012 оны дүнтэй харьцуулахад нянгийн тоо 457 дахин нэмэгдсэн, хар тугалганы агууламж хүн ам ихээр төвлөрсөн, автомашины хөдөлгөөн ихтэй газруудад хүлцэх хэмжээнээс 6 дахин их гарсан байна. Улсын хэмжээнд 2012 онд бүртгэгдсэн вирүст хепатитынөвчлөл дотор А вирүст хепатит 58.9 хувийг эзэлжээ.
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороогоор хуулийн төслийг хэлэлцэх үеэр зарим гишүүд боловсруулалт дутуу, амьдралд нийцэхгүй зүйлс байна хэмээн шүүмжилж байсан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжээгүй юм. Харин нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх орчны бохирдол, хөрсний бохирдол, гэр хорооллын бие засах газар, цэвэрлэх байгууламжийн асуудал анхаарлын төвд байгаа энэ цаг үед хуулийн төслийг хэлэлцэн батлах нь зүйтэй хэмээн үзсэн бөгөөд гишүүдийн 98.3 хувийн саналаар хуулийн төслүүдийг хэлэлцэхээр болж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүллээ.
Малын генетик нөөцийн тухай, Тариалангийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр тогтлоо
Үүний дараа хэлэлцсэн асуудал нь Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх тухай байлаа. Хууль санаачлагчийн илтгэлийг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа танилцууллаа.
Монгол Улсын Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хууль нь анх 1993 онд батлагдсан. Түүнээс хойш тус хуульд 4 удаа нэмэлт, өөрчлөлт орж, 2 удаа шинэчлэн найруулсан ч хуулийг хэрэгжүүлэх явцад холбогдох байгууллагуудыг нэрчлэн хуульчилсан, тэдгээрийн зарим эрх, үүрэг давхцсан, мал эмнэлгийн болон малын үржлийн ажил, үйлчилгээний зааг ялгаа нарийвчлан тусгагдаагүй, эсхүл холилдсоноос салбарын байгууллагууд хуулийг хэрэгжүүлэх талаар зарчмын өөр өөр байр суурьтай байдаг, зарим ажил, үйлчилгээг гүйцэтгэдэггүй зэрэг хүндрэлүүд гарсаар байгаа аж.
Түүнчлэн малчид, мал бүхий иргэн, хуулийн этгээдүүд төрөл бүрийн үүлдрийн мал, үр, хөврөлийг импортлон хяналтгүй ашиглах, удам зүйн ямар нэгэн үнэлгээ хийгдээгүй эцэг малыг дур мэдэн хээлтүүлэгчээр тавих зэрэг нийтлэг дутагдал их байгаагаас улбаалан монгол малын үүлдэрлэг байдал алдагдан эрлийзжих, тэсвэр хатуужил нь буурч давжаарах, сүргийн бүтэц алдагдах, бүс нутгийн онцлогт нийцсэн үржлийн ажлыг явуулж чадахгүйд хүргэж буй юм байна. Мал сүрэгт эзлэх хээлтэгч малын тоо хэвийн хэмжээнд хүрэхгүй, жил бүр 1.3 саяорчим хээлтэгч мал сувайрч, шаардлагат хээлтүүлэгч малын тоо 1.5 дахин дутагдалтай зэрэг нь энэ хэмжээний эдийн засгийн ашиг олох боломжийг алдагдуулж байгаа талаар танилцуулгад дурдсан.
Дээрх нөхцөл байдал нь мал аж ахуйн үйлдвэрлэлийн зарим харилцааны эрх зүйн орчинг тодорхой болгон хуульчлах, шинэчлэх зайлшгүй шаардлагыг бий болгожээ.
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Су.Батболд танилцуулсан бөгөөд УИХ-ын гишүүн О.Содбилэг, С.Оюун, Д.Сарангэрэл нар асуулт асуун, УИХ-ын гишүүн А.Бакей, Д.Лүндээжанцан, Д.Оюунхорол нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 89.7 хувь нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Мөн өдрийн хуралдаанаар Тариалангийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 81 хувь нь хэлэлцэхийг дэмжлээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.