m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.10.30 05:27
443
Эрүүл мэндэд ноцтой хохирол учруулдаг бодисыг задгайгаар худалдаалж байжээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас  барилгын материалын худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг иргэн аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийжээ. Шалгалтанд Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороо  АБТЭМА 44 дүгээр зам, Сүхбаатар дүүргийн 11, 12 дугаар хороонд барилгын материалын худалдаа эрхэлж буй “Дөмөли” ХХК, “Мэнгкэфэнг” ХХК, “Юнен” ХХК, “Жэй Ти Эйч” ХХК, “Ви Еэ Гундо” ХХК, “Хурд”, “Санчир”, “Өсөх-1” барилгын материалын дэлгүүр, иргэн Э.Эрдэнэболд, Д.Дагвадорж нарын павилион зэрэг таван аж ахуйн нэгж, 10 иргэн хамрагдсан байна. 

Үүнээс гурван аж ахуйн нэгж, хоёр иргэн асбест болон асбест агуулсан бүтээгдэхүүн худалдаалж байсан аж. Асбест болон асбест агуулсан бүтээгдэхүүн худалдан борлуулж байсан аж ахуйн нэгж, иргэний 58 шуудай буюу 2,900 кг нунтаг асбест, 114 боодол торон асбест, хоёр боодол олсон асбест илрүүлэн, ажпын байранд нь лацдан битүүмжилжээ.

Хуулиар зөвхөн тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж асбест оруулж ирэх, борлуулах эрхтэй байдаг аж. Гэтэл дээрх байгууллага, иргэд хууль зөрчиж, хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулдаг уг бодисыг задгай худалдаалж байсан байна.

Олон улсын хавдрын эрдэм шинжилгээний агентлагаас асбестыг хүнд хавдар үүсгэдэг бодисын ангилалд оруулсан байдаг. Мөн зарим судалгаагаар асбест нь ходоод гэдэс, бүдүүн, шулуун гэдэсний хавдар үүсгэх төдийгүй бөөр, улаан хоолой, цагаан мөгөөрсөн хоолой, давсагны хавдар тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг аж.