Цэнхэрмандал сумын дунд сургуулийн шинэ барилга өнгөрсөн 2013 оны 12 сард ашиглалтанд орж байсан бол энэ сарын 27-ны өдөр сургуулийн дотуур байрны барилга ашиглалтанд орж нээлтээ хийлээ. Нээлтийн тууз хайчлах ёслолын үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар, сумын Засаг дарга Л.Баатар, АЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэсийн мэргэжилтэн Д.Өнөрцэцэг, БСГ-ын мэргэжилтэн Хонгорзул, ЕБС-ын захирал н.Цэцэгмаа тэргүүтэй холбогдох албаны хүмүүс оролцсон юм. Энэхүү 40 хүүхдийн дотуур байрыг Японы засгийн газраас хэрэгжүүлдэг “Өвсний үндэс” хөтөлбөрийн 188 сая төгрөг, ОНХС-ын 50 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьсан бөгөөд орчин үеийн шийдэл бүхий душ, ариун цэврийн өрөөтэй, хүүхдийн амьдрах, сурч боловсрох орчныг бүрдүүлж чаджээ.
Мөн БСШУЯ-ны хөрөнгө оруулалтаар сургуулийнхаа хөгжим апартур, номын сан, зөөлөн эдлэл, сандал ширээг шинэчлээд байна. Цэнхэрмандал суманд статистикийн бүртгэлтэй 360 хүүхэд байдаг бөгөөд сургуулийн орчин нөхцөл тааруу, дотуур байргүйн улмаас 100 гаруй хүүхэд хөрш зэргэлдээх Багануур дүүргийн ЕБС-д шилжин суралцах болжээ. Харин 2013 онд сургуулийн шинэ байр ашиглалтанд орсоноор харьяалал бүхий сургуулийн насны хүүхдүүд төрөлх сургуульдаа шилжин ирж суралцах болсон байна.
Тус сумын хувьд одоогоор цэцэрлэгийн шинэ барилга нэн шаардлагатай байгаа бөгөөд 1949 онд баригдсан сумын цэцэрлэгийн байр нь улсынхаа хамгийн урт настай цэцэрлэгийн барилга болоод байгаа юм. Өмнө энэхүү цэцэрлэгийн байр барих асуудал олон удаа яригдаж байсан боловч цэцэрлэгийн анги дүүргэлттэй холбоотойгоор хойшилсоор өдийг хүрчээ. Харин аймаг орон нутгийн удирдлагууд энэ асуудлыг анхааралдаа авахаа мэдэгдлээ.