Дүүргийн хоёрдугаар Прокурорын газраас ШШГЕГ-ын харьяа хорих 429 дүгээр ангийн харуул хамгаалалт, ахуй нөхцлийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчийг оролцуулан шалгахад дараах зөрчил дутагдал илэрсэн байна.
Ялтныг эрүүл ахуй, ариун цэврийн тусгайлан тогтоосон байр, ахуй нөхцлөөр хангасан эсэхийг шалгахад ажлын байрны харьцангуй чийглэгийн хэмжээ зөвшөөрөгдөх нормоос 50%-иар бага, гэрэлтүүлэгийн хэмжээ 151-211 люксээр бага, нэг ялтанд ноогдох талбайн хэмжээ хүрэлцээгүй, ялтны байрлаж байгаа өрөө болон лабораторийн хана, тааз мөөгөнцөртсөн ханын өнгө будаг нь эрүүл ахуйн шаардлагад тохироогүй агаар сэлгэлтийн механик системгүй зэрэг илэрчээ.
Ажлын байрны орчин. Эрүүл ахуйн шаардлага” MNS 4990:2000 стандартын шаардлага хангахгүй нөхцөлд ажиллаж байна” гэсэн хяналтын улсын байццагчийн дүгнэлт гарснаас гадна ялтанд шүүхээс оногдуулсан дэглэм зөрчигдсөн буюу чанга болон жирийн дэглэмтэй ялтнууд нэг тасагт хэвтэн эмчлүүлдэг, дэглэмийн ялгаа гэж байдаггүй, хорих ангийн харуул хамгаалалтын бүсийн хашаа хууль журмаар тогтоосон стандарт шаардлагыг хангаагүй зэрэг зөрчил илэрсэн ба тус хорих анги нь 81 албан хаагчийн орон тоотой ажиллахаас 68 албан хаагч үүрэг гүйцэтгэж орон тоо дутуу байжээ.
Мөн албан хаагчийн орон тоо дутуу байгаагаас хорих ангийн хоногийн жижүүрлэлтийн бүрэлдэхүүнд зайлшгүй байх шаардлагатай шалган нэвтрүүлэгч хянагчийг томилгоонд оруулахгүйгээр жижүүрийн бүрэлдэхүүнийг хорих ангийн дарга томилсон нь “Хорих ангийн харуул хамгаалалт болон ялтанд хяналт тавих журам”-ын 6.2-т заасан заалтыг зөрчсөн, улмаар ялтнаар гадна шалган нэвтрүүлэх байранд харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгүүлж байгаа зэрэг хууль журам зөрчсөн зөрчил илэрсэн байна. Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар ШШГЕГ-ын харьяа хорих 429 дүгээр ангид Дүүргийн прокурорын шаардлага хүргүүлэн биелэлтэнд нь хяналт тавин ажиллажээ.