United World Wrestling, Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос АНУ-ын Лас-Вегас хотод болсон ДАШТ-нд эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөх, сонгомол барилдааны төрлөөр багийн дүнгээр эхний найман байранд шалгарч ирэх оны Дэлхийн Цомын төлөө тэмцээнд оролцохоор шалгарсан багуудын дасгалжуулагч нарын сургалтыг зохион байгуулахаар боллоо.
Уг сургалтыг Япон улсын Токио хотод ирэх сарын 4-6-нд “Ajinomoto National Training Center” үндэсний бэлтгэлийн төвд хийхээр болж тэр сургалтыг удирдахаар ДБНХ-ноос томилогдсон дэлхийн шилдэг дасгалжуулагч нарын бүрэлдэхүүнд манай эмэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр багтсан байна.
Тэрээр АНУ-ын үндэсний эрэгтэй шигшээ багийн дасгалжуулагч Тэрри Стейнерийн хамт эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн дасгалжуулагч нарын сургалтыг удирдана, сонгодог барилдааны дасгалжуулагч нарын сургалтыг Болгарын иргэн, АНУ-ын дасгалжуулагч Иван Иванов явуулах юм байна. Тэрчлэн видео дүн шинжилгээг мехсикийн дасгалжуулагч Давид Лопес, ХБНГУ-ын дасгалжуулагч Гарольд Туннеманн нар хийнэ, ДБНХ-ны Шүүгчдийн зөвлөлөөс туркийн иргэн Ибрагим Кикоглю очихоор болжээ.