Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо байгуулагдаад удаагүй байгаа ч өнөөдрийн байдлаар хорин мянга гаруй гишүүнийг эгнээндээ элсүүлжээ. Тус холбоо энэ өдрүүдэд 21 аймгийн 60 гаруй суманд уулзалт зөвлөгөөнөө зохион байгуулж буй. Тэгвэл Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо говь хангай хосолсон өврийн сайхан нутаг болох Өвөрхангай аймгийн 19 суманд үйлдвэрлэл явуулж буй баялаг бүтээгчид буюу жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзалт зөвлөгөөн хийсэн юм.
Тус уулзалт зөвлөгөөн Баянгол омгийн хониороо алдартай Баянгол суманд үргэлжилсэн бөгөөд энэ үеэр 200 гаруй хүн оролцож санал бодлоо хуваалцахын зэрэгцээ тулгамдаж байгаа асуудлаа хамтдаа ярилцаж, ямар гарц байгаа талаар харилцан хэлэлцлээ.
Уулзалт зөвлөгөөнд Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны удирдлагуудаас гадна тус сумын засаг дарга А.Мөнхбат,Тамгын газрын дарга Д.Чинбат,Иргэдийн хурлын дарга Ч.Чулуунцэцэг,Салбар хорооны дарга Ц.Бадамсүрэн нар оролцлоо.
Орон нутагт өрхийн болон жижиг дунд бизнес эрхэлдэг баялаг бүтээгчдэд санхүүгийн болон борлуултын зах зээл асуудал болдог нь тус сумын үйлдвэрлэл эрхлэгчдийн саналаас харж болохоор байлаа. Харин тэдэнд Сум хөгжүүлэх сангийн зээлийн нөхцөл үйлдвэрлэлд нь тус нэмэр болдгийг сайшааж байсныг онцлох нь зүйтэй болов уу. Ямартай ч иргэд жижиг дунд бизнзс эрхлэгчдийн дуу хоолой тулгамдаж байгаа асуудлыг төрд хүргэх гүүр болж байгаа Баялаг бүтээгчдийг дэмжих холбоонд талархлаа илэрхийлж байсан юм.
Баянгол сум нь мал аж ахуйд түшиглэсэн үйлдвэрлэл хөгжсөн нь мах ноосны чиглэлийн баянгол омгийн хоньтой салшгүй холбоотой. Тус суманд өнөөдрийн байдлаар хорин мянга гаруй баянгол омгийн хонь байгаа аж.
Мөн энэ Баялаг бүтээгчдийг дэмжих холбоонд тус сумаас 10 гаруй хүн гишүүнээр элсэж үнэмлэхээ гардлаа.