Сэлэнгэ аймгийн Нийтийн номын сангаас “Үндэсний бичиг үсгийн баяр”-ын арга хэмжээг аймгийн төв Партизаны талбайд зохион байгуулан явуулжээ. Үндэсний босоо бичиг үсгээ түгээн дэлгэрүүлэх эрхэм зорилго бүхий тус арга хэмжээнд 15 сум, тосгодын номын санчид, иргэд, Сүхбаатар сумын ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн төлөөлөл оролцсон байна. Арга хэмжээний хүрээнд ном хурах ёслол, ховор, судар номын үзэсгэлэн, уран бичлэг буюу каллиграф үйлчилгээ, нийт оролцогчдын дунд “АХА” тэмцээн зохион байгуулагдав. Энэ үеэр “Монгол бичгээ эрхэмлэгч” байгууллагаар Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтэс, Сүхбаатар сумын 12 жилийн IV сургууль шалгаржээ. Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулсан “Зөв сайхан бичигтэн” уралдааныг Сүхбаатар сумын 12 жилийн II сургуулийн сурагчдын бүтээл тэргүүлсэн байна.