Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өчигдөр Монгол Улсын Их Хурлын даргын 2015 оны 08 тоот захирамжаар байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр “Ард нийтийн санал асуулга явуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн барилаа.
Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ”, Жаран наймдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-д “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард нийтийн санал асуулга явуулж болно” гэж заасныг баримтлан Монгол Улсын хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцэх эсэх асуудлаар ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоолын төслийг боловсруулсан болохыг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Н.Батбаяр Улсын Их Хурлын даргад танилцуулсан юм.
Ард нийтийн санал асуулгыг 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр буюу Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр явуулахаар тогтоолын төсөлд тусгасан бөгөөд энэ өдөр нь 1924 оны Монгол Улсын анхны Үндсэн хууль батлагдсан түүхт өдөр юм байна. Энэхүү ард нийтийн санал асуулга нь Монгол Улсын тусгаар тогтнолыг батлан зөвшөөрөх асуудлаар 1945 оны 10 дугаар сарын 20-нд явуулсан анхны бөгөөд цорын ганц санал асуулгын 70 жилийн ойн жил тохиож байгаагаараа онцлогтой аж хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.