Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар Нийслэлийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Замын цагдаагийн газраас мэдээлэл өглөө.
Нийслэлийн Цагдаагийн газар энэ сарын 2-16-ний өдрүүдэд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 22676 мэдээ, мэдээлэл хүлээн авсан байна. Энэ нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 1169 нэгж буюу 5.4 хувиар өсч, 641 гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл бүртгэгдсэн нь 33 нэгж буюу 4.8 хувиар буурсан үзүүлэлт байна. Амиа хорлосон болон золгүй явдлын улмаас 76 хүний амь нас хохирчээ. Шалтгаан нөхцөлийг авч үзвэл 45 буюу 59.2 хувь нь өвчний улмаас, 10 буюу 13.1 хувь нь боомилж, хоёр хүн явганаас унаж, тоосго нурж, мотоциклээс унаж, осгож 16 буюу 21.0 хувь нь ил харагдах шарх сорвигүй нас барсан байна.
Амиа хорлосон болон золгүй явдлын улмаас 76 хүний амь нас хохирчээ.
Нийслэлийн Онцгой байдлын газар гамшиг ослын 98 удаагийн дуудлага хүлээн авснаас, объектын гал түймрийн 81 дуудлага, техникийн болон ахуйн холбогдолтой ослын 17 дуудлага байна. Зам тээврийн болон ахуйн осолд бэртэж гэмтсэн гурван хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, болзошгүй гамшгийн аюулаас 30 хүний амь биеийг авран хамгаалжээ. Энэ сарын 10-нд 10:47 цагт Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай “МВС” ХХК-ний “Барс-2” худалдааны төвийн Цайны газарт хийн түлш- нээс гарсан галыг НОБГ-ын Аврах гал унтраах 18, 26, 10, 30 дугаар ангиуд худалдааны төвийн урд хэсэгт байрлах өргөтгөлийн зэргэлдээх повьлионы дээвэр, хана шатаж байсныг нийт 68 алба хаагч, гал унтраах зориулалтын 13 автомашинтай 2 цаг 30 минут ажиллан бүрэн унтраасан байна. Тус худалдааны төв нь худалдаа үйлчилгээний төв, ногооны агуулах бүхий хоёр давхар өргөтгөлийн барилга, тэдгээрийг холбосон хүзүүвчинд байрлах цайны газар, контор зэрэг барилга байгууламжаас бүрдсэн бөгөөд худалдаа үйлчилгээний төвийн барилгын бичиг баримт, зураг төсөл нь байхгүй байжээ. Мөн энэ сарын 17-нд 18.54 цагт Чингэлтэй дүүргийн III хороо, хуучнаар Улсын их дэлгүүрийн баруун жигүүрийн 3-5 дугаар давхаруудын агааржуулалт, техникийн өрөөний 380 вольтын цахилгаан дамжуулах босоо цахилгааны утас шатаж байсныг Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 1 дүгээр тасаг ажиллан унтрааж, үйлчилгээний заалны утааг гарган, хайгуулын ажиллагаа явуулж Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн болон харуул хамгаалалтын албанд хүлээлгэн өгсөн байна. Аж ахуйн нэгжүүд цахилгааны аюулгүй байдлыг хангаагүйгээс гал гарч их хэмжээний хохирол учрах тохиолдол нэмэгдэж байгаа тул анхаарал хандуулж, холбогдох журмыг баримтлан ажиллахыг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулсан.
Харин Нийслэлийн Цагдаагийн газрын харъяа Замын цагдаагийн газрын Шуурхай удирдлага зохицуулалтын хэлтэст зам тээврийн ослын нийт 372 дуудлага бүртгэгджээ. Үүнээс хүн гэмтсэн хэргийн шинжтэй 161, осол, зөрчлийн шинжтэй 211 дуудлаганд очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулсан байна. Зам тээврийн хэргийн улмаас хүний амь нас хохирсон хэрэг 6 бүртгэгдсэн байна. Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хүүхэд өртсөн осол 40 бүртгэгдсэн байгааг урьд оны мөн үеийн үзүүлэлттэй харьцуулахад 29.8 хувиар буурчээ.