Монголын кино урлаг сүүлийн хэдэн жил эрчимтэй хөгжиж буйн жишээг харуулж олон сайн уран бүтээлүүд дэлгэцэнд гарах болсон. Тэгвэл өнөөдөр зохиолч Ж.Буянтөгсийн зохиолоор бүтсэн "Төмөр нар" уран сайхны кино нээлтээ хийлээ. Тус кинонд Н.Ялалт, Б.Пүрэвжав, А.Мөнхсаруул, Г.Пүрэвбаатар нарын авьяаслаг жүжигчид гол дүрийг нь бүтээн, залуу жүжигчид оролцон тоглосон юм.
Зохиолч, найруулагч нар уг киногоороо насанд хүрээгүйчүүдийн хорих ангид хоригдож буй эрх нь зөрчигдсөн хүүхдүүдийн талаар өгүүлэх бөгөөд тэд чухам юунаас болж яагаад гэмт хэрэгт холбогдсон, торны цаана хүнд цаг хугацаанд хэрхэн даван туулж, өөртэйгөө тэмцэж өөрийгөө ялж, амьдралын үнэ цэнэ чухам юунд оршдогийг онц сонирхолтойгоор үзүүлэхийг зорьжээ.
Насанд хүрээгүйчүүдийн хорих ангид хоригдож буй эрх нь зөрчигдсөн хүүхдүүдийн талаар өгүүлнэ
Түүнчлэн нээлтийн үеэр тус киноны Ерөнхий продюсер, зураачаар ажилласан П.Бэрхээдэйг Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнасан юм. Энэ үеэр цөөн асуултанд хариулт авсан юм.
-Сайн байна уу, Соёлын тэргүүний ажилтан гэх эрхэм хүндтэй цол хүртсэнд тань баяр хүргэе?
-Баярлалаа.
-Тус киногоор хөндөхийг хүссэн сэдвээсээ уншигчидтай хуваалцвал?
- Манай кино хүүхдүүдэд гэхээсээ илүү эцэг, эхчүүдэд зориулсан уран бүтээл болсон. Тэгээд хүүхдүүдийг битгий алдаж оноосой, алдсан цаашид гэгээлэг ирээдүй байдаг шүү гэдгийг л ойлгуулахыг зорьсон.
-Тус кино таны өмнө нь ажиллаж байсан кинонуудаас арай өөр төрөл, жанрын уран бүтээл болсон юм шиг санагдлаа?
-Тийм ээ. Би өмнө нь арван хэдэн кинонд зураачаар ажилласан. Тэдгээр кинонууд ихэвчлэн инээдмийн төрлийнх байсан. Жишээ нь Жексон амьд, Найз, Улаан дөрвөлжин, Танхай тээгч, Ахлах сургууль гээд кинонууд дээр ажилласан.
-Баярлалаа. Таны цаашдын уран бүтээлд өндөр амжилт хүсье.
-Баярлалаа.