Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны сумдад хийж буй уулзалт зөвлөгөөн Өвөрхангай аймгийн Хужирт суманд үргэлжиллээ. Арван мянга гаруй хүн амтай тус суманд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 30-40 үйлдвэрлэгч байдаг бөгөөд халуун рашаан,Хужирт рашаан сувилал,Жем хужирт цэвэр усаараа алдартай Монголын брэнд болсон сум билээ.
Тус уулзалт зөвлөгөөнд Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр, холбооны Гүйцэтгэх захирал Н.Ганболд, Хужирт сумын Засаг дарга Т.Ариунболд нар оролцлоо.
Үйлдвэржилт хөгжсөн Хужирт сумын иргэд Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны удирдлагуудаас асуулт асуухын зэрэгцээ цаашид хийх ажилдаа өөрсдийнх нь саналуудыг тусгахыг хүсэж байлаа. Харин энэ бүгдэд орон нутгийн болон төрийн дэмжлэг хэрэгтэй. Үүнийг хамтдаа шийдвэрлэж, гарц хайх ёстой гэдгийг Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны удирдлагууд хэлсэн юм.
Хужирт сумын хувьд Баялаг бүтээгчдийг дэмжих төсөлд өрхийн үйлдвэрлэгч н.Отгонболд, “Шунхлай эгшиглэн” хоршоо, “Захиалгат” гутлын цех, “Өгөөмөр Шунхлай” ХХК, “Баянхангай нөхөрлөл”, “Буман сувд” зэрэг компаниуд оролцож өөрсдийн үйл ажиллагаагаа монгол орон даяар сурталчилсан билээ. Эхнээсээ сайн жишээ, сайн үр дүн гарч буйг сумын Засаг дарга Т.Ариунболд онцлов.
Уулзалт зөвлөгөөний үеэр яригдсан өөр нэг асуудал бол Сум хөгжүүлэх сангийн зээл хүртээмж, хэмжээ бага байгааг учирлаж байсан. Хужирт суманд Сум хөгжүүлэх санд 385 сая төгрөг эргэлддэг. Одоогоор дөч гаруй аж ахуй нэгж, иргэн авч ашиглаж байгаа бөгөөд удахгүй 2016 оны төслүүдийг сонгон шалгаруулах хуралдааныг хийнэ гэсэн мэдээллийг сумын удирдлагууд өглөө.
Ийн сумандаа үйлдвэрлэж баялаг бүтээж буй малчид, хөдөлмөрчдөө салбарын болон Монголын Залуучуудын холбооны шагналаар шагнасан юм.
Тодруулбал МЗХ-ны Тэргүүний залуу цол тэмдгээр Ц.Шинэбат, Тэргүүний малчин залуугаар Б.Батбаяр, Хөдөлмөрийн яамны жуух бичгээр С.Наранцэцэг, Хөдөлмөрийн тэргүүний ажилтан цол тэмдгээр Г.Нэргүй, Тэргүүний хоршоологч Ц.Баярцэцэг, Д.Дамдинтогтох, Аж үйлдвэрийн яамны Жуух бичгээр Р.Алтанхуяг, Худалдааны тэргүүний ажилтан цол тэмдгээр Л.Зориг нарын хүмүүс шагнагдлаа. Шагналыг Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Ерөнхийлөгч, Хөдөлмөрийн сайдын зөвлөх Ч.Даваабаяр гардуулан өгч,цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүслээ.
Хоёр удаа зохион байгуулагдсан Хужирт сумын уулзалт зөвлөгөөн ажил хэрэгч санал, баялаг бүтээгчдийн чин сэтгэлийн халуун дулаан уур амьсгал дунд өрнөлөө. Зөвлөгөөний үеэр Баялаг бүтээгчдийг дэмжих холбоонд шинэ гишүүд олноор элсэж үйлдвэржилтийн орон болох их үйлсэд хамтдаа зүтгэхээр боллоо.