m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.10 03:23
61
Ж.Мөнхбат: З.Энхболдыг огцруулах, УИХ-ыг тарах хүртэл хариуцлага ярина

Residential buildings stand in the Grange Road area of Singapore. -МАН гишүүдийн давхар дээлийг тайлах ёстой хэмээн  үзэж байгаа. Энэ байр суурь өнөөдрийг хүртэл  хэвээр  байна уу?

-Энэ тухай бид 2-3 хоногийн өмнө  хэвлэл, мэдээллийнхэнд хандан тайлбар өгсөн. УИХ-ын  хаврын чуулганы  хэлэлцэх асуудлын жагсаалтад Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах Ерөнхийлөгчөөс санаачилсан хуулийн төсөл орж байгаа.

Маргааш /өнөөдөр/ бидний ярьж буйгаар давхар дээлийг тайлах асуудлыг ярина. Манай намын УИХ дахь бүлэг намрын чуулган  завсарлахаас  өмнө хуралдаж  гишүү­дийн давхар дээлийг тай­лах ёстой гэсэн байр суурьт хүрсэн шүү дээ. Энэ үндэслэлийг сэтгүүлчид болоод олон нийт мэдэж байгаа. Тиймээс энэ л асуудлаар  манай нам  байр суурьтаа хатуу зогсч байна. Маргааш/ өнөөдөр/ энэ асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэхэд яриад зогсохгүй, сөрөг хүчний хувьд  төв талбайд эсэргүүцлийн жагсаал, цуглаан зохион байгуулахад санал нэгдээд байна.

-Давхар дээлийг дан болгосноор бий бо­лох давуу талыг ямар үндэслэлүүдээр тайлбарлаж байна вэ?

-Нэгдүгээрт, ардчил­лын хамгийн үнэт зүйл,  гол зарчим болсон  засаглал хуваах зарчим бүрэн утгаараа хэрэгжих боломж бүрдэнэ. Хоёр­дугаарт, иргэд  сонгогчид, иргэний нийгмийн байгууллага, парламентад суудалгүй улс төрийн намуудын зүгээс ярьж буй нэг чухал зүйл нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан төрийн эрх барих дээд байгууллага УИХ  бие даасан  үйл ажиллагаа явуулах  ямар ч чадамжгүй болсон. Өөрөөр хэлбэл, УИХ энэ удаагийнх шиг дампуурсан, Засгийн газрынхаа шаардлага, шахаанд орж толгой дээрээ зайдлуулсан түүх өнгөрсөн 20 гаруй жилийн түүхэнд байхгүй. Тиймээс өнөөдөр ярьж буй гишүүдийн давхар дээлийг тайлах асуудал  нь монгол төрийн харилцан үүргээ биелүүлэх, Их хурал нь Засгийн газартаа үүрэг, чиглэлээ өгдөг, гүйцэтгэх засаглал нь хяналт тавьдаг , алдаа дутагдал гаргасан тохиолдолд хариуцлага тооцож чаддаг зарчмыг  бүрэн утгаар нь  хэрэгжүүлнэ гэж үзэж байна. Гуравдугаарт,  нэг зүйлийг онцолж хэлье. Энэ тухай асуудал  хэвлэл, мэдээллийн аль ч хэрэгслээр хөндөгдөхгүй байна. Энэ бол яагаад шинэчлэлийн Засгийн газар Их хурлынхаа толгой дээр гарч суух боломж бүрдсэн бэ гэдэг асуудал юм. Энэ удаагийн Их хурлыг хамгийн чадамж муутай гэж байгаагийн нэг шалтгаан  бол гүйцэтгэх засаглал  өмнө нь  хамгийн дээд тал нь 11 сайдтай явж ирсэн. Гэтэл өнөөдөр Ерөнхий сайд, Шадар сайдыг оролцуулаад Монгол Улсын Засгийн газар  19 сайдтай байгаа. 19 сайдын 17 нь давхар дээлтэй байна. Засгийн газрын 17 гишүүн парламентад сууж байгаа гишүүдэд нөлөөлөхөд тухайн чуулганы хуралдаанд сууж байгаа гишүүдийн олонх болж асуудлыг шийдэж байна. Энэ нөхцөл байдал нь өөрөө парламентад эрс­дэл дагуулж эхэлж байгаа юм.

-Давхар дээл­ний асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэхэд давхар дээлтэй гэж байгаа 17 сайд санал хураалтад оролцох эрхгүй гэж танай нам шаардлага тавьж байгаа. Энэ нь хэрэгжих боломжтой юу?

-Тэр хүмүүс  чуулганы нэгдсэн хуралдаанд оролцох эрхзүйн үндэс­лэлгүй. Хэрэв  энэ асуудлыг хэлэлцэж байгаа бол тэр хүмүүс санал хураалтаас түдгэлзэх  юм уу, татгалзсан тохиолдолд түүнийг ирцэд бүртгэж авахгүй гэсэн хуулийн заалт бий. Энд нэг зүйлийг зориуд нэхэн сануулахад, та бүхэн санаж байгаа байх МАН-ын хоёр гишүүнийг санал хураалтаас хөөж гаргаж байсан шүү дээ. Оюутны 70 мянган төгрөгийн тэтгэлгийн асуудлыг ярьж байхад УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Б.Бат-Эрдэнэ нарыг хувьдаа дээд сургуультай гэдэг үндэслэлээр чуулганы нэгдсэн хуралдаанаас гаргаж байсан. Гэтэл тэр асуудал нь тухайн их, дээд сургуулийн асуудал биш,  Монголын нийт оюутны тэтгэлгийн асуудал байсан. Гэтэл УИХ-ын дарга тухайн үед та хоёр гар гээд шахаж, шаардан хуралдаанд оролцуулалгүй гаргаж  байсан. Тийм учраас бид УИХ дахь  намын бүлэгтээ  чиглэл өгч, З.Энхболд даргад албан ёсны  шаардлагаа гардуулсан. Шаардлагад давхар дээлтэй нэр бүхий 17 сайдыг УИХ-ын нэгдсэн чуулганд оролцуулахгүй, санал өгүүлэхгүй байхыг шаардсан. Их хурлын дарга өөрөө ажлаа хийхгүй, асуудлаа хэрэгжүүлэхгүй бол дараагийн удаа З.Энхболд даргыг огцруулах, нэгэнт чадамжгүй болсон УИХ-ыг тарах хүртэл хариуцлагын асуудал ярих боломж бидэнд бий.

-МАН сөрөг хүчний хувьд энэ асуудлаар жагсаал, цуглаан хийнэ гэсэн мэдээлэл байна?

-Энэ асуудалтай хол­богдуулж  манай намаас маргааш /өнөөдөр/ өглөө  09 цагаас эсэргүүцлийн жагсаал, цуглааныг  сөрөг хүчний хувиар зохион байгуулна. Өнгөрсөн долоо хоногт бид улс төрийн намуудын Ерөнхий нарийн бичгийн дарга нартай  уулзсан. Мөн иргэний, Эх оронч хөдөлгөөнүүдийн төлөөл­лийг урьж уулзсан. Тэр уулзалтуудаар ярьсан нэг чухал асуудал нь Засгийн газартай  хариуцлага тооцох, давхар дээлийг тайлуулах асуудал  бол зүй ёсны юм гэдэгт санал нэгдсэн байгаа. Сөрөг хүчний хувиар хийж байгаа МАН-ын жагсаал, цуглаанд бусад намуудын оролцох эрх нээлттэй. Тэнд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх  эрх хэний ч өмнө нээлттэй. Тэр хүмүүсийг Сүх жанжны талбайд хүрэлцэн ирэхийг бид хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан  урьж байгаа.

-Давхар дээлийг тай­луулж чадвал цаашид бий болох гарцыг хэрхэн харж байна?

-Дор хаяж л Үндсэн хуулийн дордуулсан долоон заалтын нэг чухал зүйл болох Их хурлын гишүүн давхар дээлтэй байх асуудлыг цэгцэлнэ. Их хурлын гишүүн нь засагт давхар эрх эдэлдэг  зарчмын гажуудалд бага ч гэсэн засвар хийх, алдааг засах боломж гарч ирнэ.

-Хэрэв, 17 сайд санал хураалтад оролцвол та бүхний цаашдын алхам юу байх вэ?

-Энэ тохиолдолд Мон­гол Улсад хууль алаг­чилж хэрэгждэг болжээ   гэж үзэхээс аргагүй. Өөрөөр хэлбэл, энэ нь өөрөө нэг хэсэгт нь хууль хэрэгждэг, эрх баригч, дарга сайд нарт  хууль хэрэгжихээ больсон гэсэн дүгнэлтэд  хүргэж  байна. Хууль дээдэлдэг зарчмаа баримтлахгүй юм бол  МАН  дараагийн улс төрийн хариуцлагыг Засгийн газарт тавина.

-Тэр нь юу байх вэ? 

-Мэдээж  тэр  бол Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах тухай байх болно. МАН сөрөг хүчний хувьд энэ асуудлыг сөхнө гэдгээ бүлгийн хурлаараа ярьж нэгдсэн байр суурьт хүрсэн байгаа.  Бид эрх баригчдыг ёс зүйтэй байхыг, хэлсэндээ хүрдэг байхыг, хуулиа дээдэлдэг, хэрэгжүүлдэг байхыг харъя гэж байгаа. Асуудлыг хүч түрж авч үлдэх юм бол   26  гишүүн  УИХ-ыг тараах  асуудлаар бүх ард түмний санал асуулга, нээлттэй хэлэлцүүлэг орон даяар зохион явуулахыг шаардах болно. Өнөөдөр сайд нар болоод мөнгөтэй хүмүүсээ   толгой дээрээ суулгасан тохиолдол Монгол Улсын түүхэнд байхгүй. Өнгөрсөн 21 жилийн түүхэнд тавигдсан өрийн хэмжээтэй тэнцэх  өр ширийн асуудлыг нэгхэн жилийн дотор бий болгож, түүнийг нь УИХ хянаж чадахгүй, салбарын сайд нь тайланг нь авч чадахгүй, нэгдсэн мэдээлэл хийж чадахгүй байсан тохиолдол байхгүй. Чингис бонд, Самурай бонд гэхчлэн их хэмжээний мөнгийг ганц сайдын үзэмжээр гарын салаагаар урсгасан, Засгийн газраа толгой дээрээ гаргасан УИХ-ыг тараахаас өөр арга алга. Дахин УИХ-ын ээлжит сонгууль зарлахаас өөр гарц алга. Энэ тухай  санал асуулгыг орон даяар зарлахаас  өөр замгүй гэдгийг  онцолж хэлье. Өнөөдөр давхар дээлээ  байтугай дан дээ­лээ ч даахгүй сайд нарт хариуцлага ярих цаг  нэгэнт болсон. Шинэч­лэлийн гэгдэж байгаа гоё нэртэй  энэ Засгийн газар бол монгол төрийн түүхэнд байгаагүй, бидний ярьж заншсанаар олигархи засаг юм. 19 сайдын 14 нь компанийн захирал  байна шүү дээ. Ийм учраас Монгол Улсын Засгийн газар Монголын ард түмний эрх ашгийн төлөө зүтгэдэг Засгийн газар болж  өөрчлөгдөх ёстой. Түүнээс биш хэдэн компанийн түрийвчийг түнтийлгэх зорилгоор компанийн эзэн, боссууд орж суудаг газар биш. Наад зах нь л гэхэд үнэ тогтворжуулах гурван тэрбум төгрөгөөс эхлээд хувийн компанидаа боломж олгодог  байж болохгүй. Энэ байдлыг халах цаг болсон.

-Танай нам  давхар дээлийг тайлуулахын төлөө тайван жагсаал хийнэ гэлээ. Нөхцөл байдлаас хамаарч тэмцлийн өөр хэлбэр сонгох  талаар ярьсан уу?

-Шаардлагатай бол тэмцлийн өөр хэлбэр сонгож, дараагийн алхмыг хийнэ. Үүнд бид бэлэн байгаа.

-МАН сөрөг хүчний зүгээс давхар дээлийг тайлуулахыг шаардаж байна. Олон жил төр барьж байхдаа танай нам шийдэж яагаад болоогүй юм бэ?

-Давхар дээлний асуудлыг өнөөдөр яагаад хүчтэй сөхөж, Ерөнхийлөгч хүртэл хуулийн төсөл оруулж ирж байна вэ гэвэл, энэ асуудал аюул дагуулах эрсдийн хэмжээнд ирсэн байна. МАН төр барьж байхад дээд тал нь 11 сайдтай , түүний найм нь давхар дээлтэй байсан. Найман хүн 76 гишүүнтэй парламентад нөлөөлөх хувь хэмжээ бага байжээ. Өнөөдөр 19 сайдтай, түүний 17 нь давхар дээлтэй. Би түрүүн хэлсэн, нэг сайд нэг гишүүнд нөлөөлөхөд УИХ-д  олонх болох  боломжтой. Энэ нь өөрөө шийдвэр гаргах төвшинд аюул дагуулж, данхгар том гэсэн ойлголтыг бий болгож  байна. Давхар дээлийг тайлах явдал бол ухаалаг төр лүү алхах эхний алхам мөн. Эрх баригчид ухаалаг төр рүү алхая гэвэл Засгийн газрын бүтцийг эргэж харж, давхар дээлийг дан болгох ёстой. Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс дээш  хувь нь давхар дээлтэй байж болохгүй. Болоод эхэлбэл, аюул дагуулна. Тиймээс МАН эрх барьж байхад найман сайд давхар дээлтэй байсан бол АН Засгийн газарт олуулаа болсон үед түүнээс гурав дахин нэмэгдсэн байна. Ийм  асуудал үүссэн учраас бид шаардлага тавьж байгаа юм.

-Давхар дээлийг тайлах асуудлаар заавал олон нийтийн санал асуулга явуулах ёстой юу. Өөр гарц байна уу?

-Бид өнгөрсөн онд  орон нутагт ажиллахдаа энэ асуудлаар 21 аймагт санал асуулга явуулсан. Эдийн засагт эрсдэл дагуулж, төсөв мөнгийг хүндрүүлж байгаа, олон бүтээн байгуулалтыг царцааж байгаа хүмүүстэй хариуцлага тооц гэж шаардсан. МАН сөрөг хүчний хувьд тэдэнд ажиллах боломж олгосон шүү дээ. Хоёр жил Засгийн газрын тухайд асуудал хөндөлгүй  харлаа, хүлээлээ.  Зөвхөн хоёр сайдтайгаа хариуцлага тооц гэж шаардаад удсан. Гэтэл олонхиороо хүч түрж хоёр сайдаа авч үлдчихээд хэрхэн ажиллаж байгааг нь хангалттай харлаа. Энэ засагт ичих булчирхай алга. Гэхээ ичдэг хүн АН-д бий. “Би ичиж байна, энэ засаг, манай нам болохгүй байна. Би өмнөөс нь сайн дураараа огцоръё” гэж Р.Амаржаргал гишүүн өргөдлөө өгөхөд АН олонхиороо “Чи ичиж болохгүй” гээд аваад үлдсэн. Энэ хүмүүс өөрсдийн хариуцлагын ёс зүйг ухамсарлахгүй байна шүү дээ. Үнэхээр хариуцлагаа ухамсарлаж, Засгийн газартаа хариуцлагаа тооцдог юм уу, сайд нарынхаа давхар дээлийг тайлах юм бол болж байна. Гэтэл бүх зүйлийг цээжээрээ хамгаалж, ямар ч хууль зөрчсөн, улс орон яаж ч дампуурсан , ард түмэн яаж өлсч туйлдсан хамаагүй, зөвхөн бид дарга байхын тулд бүхнийг хүч түрж хийнэ гэх юм бол бид дараагийн алхам руу орохоос аргагүй.

-Ингэхэд МАН ир­­гэ­ний нийгмийн байгууллагуудтай ямар харилцаатай байгаа вэ. Тэдний ард танай намыг байна гэсэн хардлага байна?

-Бид сөрөг хүчний хувьд байр сууриа илэр­хийлж байгаа. Биднийг дэмжиж байгаа иргэний нийгмийн байгууллагууд байх юм бол жагсаал, цуглаанд оролцон үгээ хэлэх  эрх нь нээлттэй. Түүнээс бид тэднийг зохион байгуулж, турхирч байгаа юм байхгүй. Үүнийг нэгэнт ярьсных хэлэх нь зүйтэй гэж бодож байна. Аливаа жагсаал, цуглаан хийхэд ард нь МАН байгаа гэх юм уу, мушгих маягаар зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд бичих юм. Тиймээс тэдний ард МАН байхгүй  гэдгийг албан ёсоор  хэлье. Эсэргүүцлийн жагсаалыг МАН дангаараа зохион байгуулж байгаа. Харин тэнд оролцож, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь  хэнд ч нээлттэй. Улс төрийн намуудын тухайд бид хэд хэдэн намтай зөвшилцөл байгуулсан. Тэд давхар дээлний асуудлаар биднийг дэмжиж  байр сууриа илэрхийлж байгаа.

-Гэхдээ МАН ир­гэ­ний нийгмийн бай­гуул­лагуудтай уулзсан байх аа?

-Өчигдөр /уржигдар/ иргэний нийгмийн байгууллагууд  манай нам дээр ирж уулзалт хийсэн.  Тэд нэг зүйлийг хэлж байна лээ. УИХ-д сууж байгаа нөхдүүд бидэн дээр ирээд гуйдаг байсан. АН-ынхан ирээд  жагсаад өгөөч гээд гуйдаг байлаа.Одоо тэр тухай бид  нээлттэй ярихад  бэлэн байна. Тэр хүмүүс тэгж явснаа өнөөдөр мартсан юм шиг, иргэний нийгмийн байгууллагуудыг ашиглан улс төрд орж суугаагүй юм шиг авирлаж байгаад эгдүүцэж, бухимдаж байна гэцгээж байсан. Би түрүүнд хэлсэн, маргааш   / өнөөдөр/ хийх  жагсаалыг бол МАН дангаараа зохион байгуулна. Тэнд хэн ч үгээ хэлэх эрх нээлт­тэй гэдгийг дахин хэлье.