ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл Нацагдоржийн номын санд шинээр шинэчлэн батлагдсан Соёлын өвийн тухай хуулийн талаар өнөөдөр илтгэл тавихаар болжээ.
Соёлын өвийг хамгаалах тухай хууль 2001 онд батлагдсанаас хойш уг хуульд 2001, 2003, 2004, 2005 онуудад нийт дөрвөн удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.
Гэвч Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенци /ЮНЕСКО-гийн “Дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах тухай конвенци”, “Соёлын үнэт зүйлсийг хууль бусаар хилээр гаргах, оруулах, түүнчлэн өмчлөх эрхийг шилжүүлэхийг хориглох, урдчилан сэргийлэх арга хэмжээний тухай конвенци”, "Биет бус соёлын өвийн конвенци”, “Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих тухай конвенци”-иудын үзэл санаа, үндсэн зарчимд нийцүүлэн энэхүү хуулийг өөрчлөх зайлшгүй шаардлага бий болжээ.
2001 оны “Соёлын өвийг хамгаалах тухай” хуулийн зохицуулалт соёлын өвийг бүрэн хамгаалах шаардлагыг хангаж чадахгүй, тухайлбал, эртний булш, хиргисүүрийг шунахайн зорилгоор ухаж сүйтгэх, тонон дээрэмдэх, музей, сүм хийдийн үзмэр, эд зүйлсийг хулгайлах, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх зөрчил нэмэгдсээр байгаа аж. Соёлын өвийг үрэгдүүлж устгасан этгээдэд тооцох хариуцлага, хяналтын тогтолцоо сул, бүрэн төлөвшөөгүй, биет бус өвийг өвлөн уламжлагчийн үнэлэмж доогуур, төрийн дэмжлэг дутмаг байгаа юм.