m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.05.20 02:35
942
Шөнийн амьдрал буюу нийслэлийн “ягааны гудамж”

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр   хороо бидний нэрлэж заншсанаар нэгдүгээр хорооллын арын зам дагуу байрлах буудал  гэх нэр зүүсэн газруудыг манай сайтын хамт олон онцолж байна. Тэр хавийг дэн буудлын бөөгнөрөл болсныг бид олон жилийн өмнөөс мэднэ. Одоо бүр ч олон болж. Зай талбайгүй болохоор орон сууцны хонгил, орц, нэг давхрын орон сууц хүртэл ''Hotel'', ''Motel''-уудаар дүүрчээ. Бараг л орц хонгил бүрийн үүдэнд хадсан дэн буудал гэсэн хаягууд нүд эрээлжлүүлнэ. Манай улсын хэмжээнд 300 гаруй  зочид буудал бүртгэлтэй байдаг аж. Түүний 60 гаруй нь 1-5 одны зэрэглэлд хамрагдсан байдаг гэнэ. 'Тэрэлж", "Улаанбаатар" зочид буудан таван одтой бол, "Палас", "Чингис", "Баянгол" дөрвөн одтой зэрэглэлтэй. Гурван одны зэрэглэл хангасан 20 гаруйхан. Харин бусад нь том нэр зүүсэн дэн буудлууд аж.

Тэнд юу болдог вэ ?

Нэгдүгээр хорооллын арын зам дагуу байрлах “дэн буудал”-уудын цэгцлэх хэрэгтэй байгааг иргэд хэлдэг. Нээрээ ч нэг шөнө ажиглаж, сурвалжлага хийгээд ийм санал гаргасан иргэдтэй санал нийлсэн. Эдгээр буудланцруудын хаяг , тавьсан зар нь хүртэл замбараагүй. Хоногийн арван мянга, цагаар бол таван мянга гэх мэтээр бичсэн нь садар самууныг өөхшүүлээд байх шиг. Яагаад энд буудлууд олширсон, үйлчлүүлэгчид олон байдгийг буудлын хүлээн авагчаас тодруулахад "Хотын төв хэсэгт биеэ үнэлэгчид Саппорогийн орчимд цуглардаг болсоноос үүдэлтэй" гэв. Шөнийн амьдралыг сонгосон бүсгүйчүүдийн ихэнх нь 18-25 насныхан. 16,17 настнууд ч бий гэнэ. Зам даган байрлах буудлууд хаалгаа томоос том онгойлгон үнээ хүний нүдэнд харагдахаар өлгөжээ. Бусдаас хямд гэдгээ үйлчлүүлэгчдэд харуулахыг хичээж буй нь илт. Өдөртөө нам жим байх энэ гудамж 18.00 цагаас “амь орж” эхэлсэн. Энэ байдлыг хэсэг ажиглалаа. Хоёр гурваараа залуус хээв нэг алхаж байгаад л өнөөх дэн буудал руу орчихно. Энэ газруудын үүд хэзээд нээллттэй юм билээ. Төд удалгүй араас нь мөн тооны охид орж, хамт нэг өрөөнд орох аж. Хэсэг залуусын ярьж байхыг сонсоход, энэ хавийг “ягааны гудамж”  гэж нэрлэдгийг мэдэж авлаа. Хэн нэгнийг хүлээж байгаа байдалтай алхах охид, бүсгүйчүүд болоод залуус бүгд л энэ буудлаар үйлчлүүлэгсэд бололтой. Дунд сургуулийн ахлах ангийн гэмээр хүүхдүүд ч цөөнгүй үйлчлүүлдэг талаар буудлын үйлчлэгч чихэнд шивнэв.

Зах нь харагдахгүй шахуу үргэлжлэх оготоны нүх адил олон буудлаар үйлчлүүлэх хүн олон байдаг бололтой. Нэг залуу маргалдаж, арван минут дутуу байхад гаргалаа хэмээн хүлээн авагч эмэгтэйтэй маргаж харагдав. Дараагийн хүн орох гээд яараад байна гэсэн тайлбарыг өнөөх залууд хэлээд үлдсэн минутын мөнгөө авах санал тавьж байх нь сонсогдож байлаа. Хөл дээрээ тогтож ядан буй бүсгүйчүүд ирээдүйн ээж нар. Тэд яагаад ийм замыг сонгоно вэ. Охид, бүсгүйчүүд садарлавал улс орон мөхөхийн шинж гэдэг дээ. Харамсмаар юм. Эмэгтэйчүүдээс гадна мөн  насны залуус шөнийн амьдралыг сонгосон байх юм. Залуу насаа юунд зориулж, ямар алхам хийж буйгаа  ухаардаг болов уу. Тэдний өмнөөс харамсаад барахгүй юм. Ахимаг насны таксины жолооч ахтай таарч харихаар боллоо. “За хаа хүрэх вэ?”  хэмээн ёозгүй  асуусан ах намайг тэдний нэг гэж бодсон болотой. Шөнийн сурвалжлага хийж яваагаа хэлтэл “Миний дүү сайн бичээд өгөөрэй. Энэ арай ч дэндүү байх юм. Хүүхэд хөгшидгүй энд цугларч, архидах юм. Өөрийн охин шигээ хүүхдүүдийг хараад үнэхээр их харамсах юм” гэв. Ягааны хэмээн нэрлэсэн энэ хэсэгт хуулийн талаар ямар ч ойлголтгүй, стандарт гэдгийг мэддэггүй, хэрэгжүүлдэггүй хэсэг хүмүүс, буудлууд байсаар байна.

Тоо баримт сөхөхөд ....

Манай улс анх 1998 онд зочид буудлын стандартыг боловсруулжээ. Ингэхдээ Европын стандартыг хуулсан гэнэ. Гэтэл энэ стандартыг биeлүүлэх ганц ч зочид буудал байгаагүй учраас 2008 онд дахин шинэчилж, Азийн загварыг хуулжээ. Шинэчилсэн стандартаар бол зочид буудлууд өөрийн гэсэн ус цэвэрлэх байгууламжтай байхаас гадна цахилгаан хангамжийн 30 хувийг шийдвэрлэх сэргээгдэх эрчим хүчний технологиор тоноглогдсон байх ёстой аж. Мөн өрөөний үйлчилгээ, цагаан хэрэглэл, алчуур, ариун цэврийн хэрэглэл гээд олон зүйлийг хангасан байх ёстой гэнэ. Тэгвэл энэ зочид буудлууд стандарт хангасан болоод л одны зэрэглэл авсан уу гэвэл үгүй хэмээн  мэргэжлийнхэн хэлж байгаа юм. Дээд зэрэглэлийн том зочид буудал нэмэгдэж буй нь нэг талаар нийгэм хөгжиж байгаагийн илрэл гэдэг ч манайд буруу зам руу хэлбийж байгааг хүн бүр мэдэж байгаа биз. Тодруулбал, Нийслэлийн хэмжээнд 273 зочид буудал, цэнгээний газар 1214, саун массаж 178 байгаа гэсэн судалгаа гаргажээ. Нийслэлд бие үнэлдэг 280 эмэгтэй байдаг. Эдгээрийн 10-22  хувь нь 15-19 нас, 75-85 хувь нь 29-39 насныхан байна.   Цагдаагийн байгууллага мэдээлж буйгаар бие үнэлсэн 68 хувь нь гэр бүлээ тэжээх зорилгоор, 11 хувь нь сургалтын төлбөр гэсэн шалгтгааныг хэлдэг байна. Сүүлийн үед зочид буудлуудад үйлдэгдэх гэмт хэргийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа аж.

Архидан согтуурч нэгнээ хөнөөх, бүлэглэн мансуурах явдал ч газар авч байгаа билээ. Буудлууд ихсэх тусам гэмт хэргийн тоо нэмэгдээд байх шиг.  Энд л тэр аймшигт хэргүүд ар араасаа гарч байна. Бага насны хүүхдүүд дэн буудалд байрлаж байгаад газ үнэртэж нас барсан хэд хэдэн тоо баримт байна. Өнгөрсөн сард гэхэд л Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд байрлах “Zet” зочид буудлын нэгэн өрөөнд 21 настай эмэгтэй Х нь согтуурсан үедээ зүүн гарынхаа судсыг ханасан байдалтай олдсон байна. Түүнчлэн буудлуудад мөрийтэй тоглох нь элбэг байдаг.  Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Саппорогийн автобусны буудлын ойролцоо байрлах “Өгөөмөр Алтай” зочид буудалд энэ сарын 25-ны өдөр хүн амины ноцтой хэрэг гарчээ. Нэгэн залуу салсан эхнэрийнхээ амь насанд хүрсэн  гээд олон аймшигт тоо баримт шил шилээ дагана. Бид нийслэлийн шөнийн амьдарлын нэгээхэн хэсгийг онцоллоо. Энэ мэт дүр зураг, дэн буудал нийслэлд олон бий. Дэлхийн хөгжилтэй хөл нийлэн алхаж буй монголчууд бидний амарч буй газарт нь караокетой, дэн буудлууд шавсан байх нь дэндүү хүний эрхийг зөрчсөн хэрэг биш үү. Дэлхийн бусад оронд зугаа цэнгээний газар нь төв суурин газраас зайдуу төвлөрсөн нэг газар байдгийг бид хэрэгжүүлэх цаг аль эрт болжээ. Хаалга бүхэнд шахуу байх буудалд өдөр хоногийг өнгөрөөгч, садар амьдралд толгойгоо мэдүүлсэн охид бүсгүйчүүд олон байгааг сануулахад илүүдэхгүй биз ээ.