Хүүхдэд ямар нэгэн эм өгөхөөсөө өмнө эмчийн заавар зөвлөгөө заавал авах шаардлагатай. Ялангуяа анх удаа эм өгөх гэж байгаа бол энэ нь чухал ач холбогдолтой. Бага насны хүүхэд насанд хүрсэн хүмүүсийг бодвол эмийн бодист сөрөг урвал өгөх магадлал илүү өндөр байдаг. Иймд жороор болон жоргүй олгодог эмүүд, ноцтой бизнес болтлоо хөгжсөн ургамалын гаралтай гэх бэлдмэлүүдэд анхааралтай хандаарай. Хэрэв эм уулгасны дараа таны хүүхэд огиулах эсвэл биеэр нь тууралт гарах шинж илэрвэл эмчид яаралтай үзүүлээрэй. Мөн зарим үед бага насны хүүхэд эмийг өөрөө уусан байж магадгүй эргэлзээтэй үе тохиолддог. Хэрэв танд ийм асуудал үүсвэл цаг алдалгүй эмчид хандах хэрэгтэй. Энд хүүхдэд хэзээ ч өгч болохгүй зарим эмийн тухай орууллаа.
Аспирин: Хүүхдийн эмчийн зөвлөсөнөөс бусад нөхцөлд хүүхдэд аспирин болон найрлагандаа аспирин агуулсан ямар нэгэн эм өгч огт болохгүй. Аспирин нь зарим үед хүүхдэд Reye-ийн хам шинжтэй төстэй шинж тэмдэг үүсгэж болдог бөгөөд энэ нь оношлоход түвэгтэй байдалд хүргэж болох талтай. Мөн аспириныг удаан хугацаагаар хэрэглэхэд цус бүлэгнэлтийг удаашруулдаг. Эмийн сангаас эм худалдан авахдаа аспирин агуулсан эсэхийг тодруулаарай. Аспирин нь зарим эмийн заавар дээр "salicylate" эсвэл "acetylsalicylic acid" гэсэн нэрээр байдаг тул эргэлзээтэй санагдвал эмийн санчаас тодруулж асуугаарай. Хүүхдийг халуурах эсвэл бусад нөхцөлийн үед ацетаминофен эсвэл ибупрофен хэрэглэж болох талаар эмчээс асуугаарай. Зургаан сараас бага насны хүүхдэд ибупрофен хэрхэвч өгч болохгүй гэдгийг санаарай.
Жоргүй худалдаалдаг ханиалга намдаах болон ханиадны эмүүд
Америкийн хүүхдийн эмч нарын академи жоргүй олгодог ханиадны эмүүдийг хүүхдэд өгөхийг эсэргүүцдэг. Энэ төрлийн эмүүд бага насны хүүхдийн ханиадын шинж тэмдэгүүдийг бууруулахад нэмэр болж чаддаггүй гэж судлаачид үздэг. Харин ч тунг нь хэтрүүлэх болон удаан хугацаагаар өгвөл хор хүргэдэг байна.
Мөн нэмж хэлэхэд эдгээр эмүүдийг хэрэглэх үед дагалдах нөлөө болох хүүхдийг унтаа байдалд оруулах, нойргүйдүүлэх, ходоодыг хямраах, биеэр чонон хөрвөс болон улаан тууралт гарах зэрэгээс гадна зүрхний цохилт олшрох, таталт үүсэх зэрэг амь насанд аюултай байдал үүсгэж болно.
Бөөлжилтийн эсрэг үйлчилгээтэй эмүүд
Эмчийн тусгай зааваргүйгээр бөөлжилтийн эсрэг үйлчилгээтэй эмийг хүүхдэдээ өгч болохгүй. Бөөлжилтөнд хүргэж байгаа ихэнх нөхцөл байдлууд удаан үргэлжилдэггүй бөгөөд ихэвчлэн ямар нэгэн эм хэрэглэлгүйгээр бөөлжихөө больдог. Харин бөөлжилт намдаах үйлчилгээтэй эмүүдийг дур мэдэн хэрэглэвэл хүндрэлд хүргэх аюултай.
Насанд хүрэгчдийн эм
Насанд хүрэгчдийн эмийн багахан тунг хүүхдэд өгөх нь аюултай. Нярай болон бага насны хүүхдийн тун сургуулийн насны хүүхдэд өгөх тунгаас ялгаатай байдаг. Иймд хүүхдэд эм өгөхдөө туйлын болгоомжтой хандаарай. Хэрэв хүүхдэдээ өгөх гэж байгаа эмийн тун хүүхдийн жин болон насанд тохирсон эсэх нь тодорхой биш байвал өгч болохгүй.
Өөр хэн нэгэнд эмчийн бичиж өгсөн эм эсвэл өөр нөхцөлд бичиж өгсөн эм
Өөр хэн нэгэн хүүхдэд бичиж өгсөн эм эсвэл өөр өвчний үед өгч байсан эмийг таамагаар өгөх нь үр дүнгүй төдийгүй ноцтой байдалд хүргэж болзошгүй. Зөвхөн түүнд зориулж тухайн өвчний үед бичиж өгсөн эмийг өгөх хэрэгтэй.
Хугацаа нь дууссан эм
Жороор олгодог болон жоргүй худалдаалдаг ямар ч эм байсан хугацаа нь дууссан бол хэрэглэхээс татгалзаарай. Мөн анх байснаасаа өнгө нь өөрчлөгдсөн, бутрамхай болж зөөлөрсөн эсвэл сав боодол нь гэмтэж битүүмжлэл нь алдагдсан эмийг хэрэглэж болохгүй.
Илүүдэл хэмжээний ацетаминофен
Зарим эмүүд нь халуун бууруулах болон өвдөлт намдаах үйлчилгээтэй ацетаминофен агуулсан байдаг. Иймд хүүхэддээ эм өгөхдөө хамт өгч байгаа бусад эмүүд ацетаминофен агуулсан эсэхийг сайтар шалгаарай. Хэрэв та өгч байгаа эмнийхээ найрлагад эргэлзэж байвал эм зүйч эмчээс асууж лавлаарай.
Зажладаг болон чихэрлэг сироп хэлбэрийн эмүүд
Зажладаг таблет эсвэл бусад төрлийн эмүүд бага насны хүүхдэд онцгой аюул үүсгэдэг. Таны жирэмсэн байхдаа ууж байсан төмрийн бэлдмэл, жирэмсний витаминыг хүүхэд авч чадахааргүй газар хадгалаарай. Ямарч эмийг ихээр хэрэглэвэл хор болдог гэдгийг мартаж болохгүй.
Мөн чихэрлэг сироп, эмульс хэлбэрийн эмүүд хүүхдийн дуртай иогурт, сок зэрэгтэй ойролцоо амттай тул хүүхэд ихээр уух эрсдэлтэй тул танай гэрт ийм төрлийн эм байгаа бол хадгалалтанд онцгой анхаараарай.