Энэ оны отгон Баянзүрх хайрханы хишиг барилдаан Монгол бөхийн өргөөнд болж өнгөрлөө. Барилдаанд улсын арслан Н.Батсуурь, Э.Оюунболд, улсын гарьд Б.Гончигдамба, улсын заан Ч.Санжаадамба, Б.Батмөнх, М.Өсөхбаяр, Б.Соронзонболд, улсын харцага Ө.Бат-Орших, Д.Батболд, Б.Пүрэвсайхан тэргүүтэй бөхчүүд зодогложээ.
Энэхүү барилдаанд Ховд аймгийн арслан О.Хангай түрүүлж, залуу арслан Э.Оюунболд үзүүрлэлээ. Түрүү булаалдах барилдаан удаагүй бөгөөд Оюунболд хоёр талд нь ээлжлэн мордоод түрж хөөхөд Хангай дагуулж мушгиад давсан билээ.
Хөлний гэмтлийн улмаас хэсэг хугацаанд зодоглож амжаагүй Оюунболд арслан энэ өдөр бяртай, хийгүй сайхан барилдлаа. Бараг даваа бүрийнхээ учрааг шуудагнаас шахаж татангуутаа л мордож давж түрүү булаалдахаар үлдсэн. Их шөвөгт гарьд Б.Гончигдамба харцага Ө.Даваабаатар нар шалгарлаа.