m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.12.24 05:57
216
С.Дашзэвэг: Нисдэг тэрэгний осолд орсон хоёр албан хаагчийн бие хүнд байна

Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн нисдэг тэрэг өчигдөр орой 21:00 цагийн үед Налайх дүүрэгт осолдсон. Энэ талаар ЗХЖШ-ын ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа С.Дашзэвэг, ЗХЖШ-ын АУГ-ын иргэн-цэргийн харилцааны хэлтсийн дарга, хурандаа Ц.Батсайхан нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.  МИ-8 нисдэг тэрэг осолдох үед  албан хаагчид төлөвлөгөөний дагуу шөнийн дадлага, сургуулилт хийж байсан бөгөөд онгоцонд 11 албан хаагч байснаас нэг нь нас барж, арван албан хаагч гэмтэж Батлан хамгаалах, хууль сахиулагчдын эмнэлэгт яаралтай хагалгаанд орсон байна.  Хоёр албан хаагчийн биеийн байдал хүндэвтэр хагалгааны дараах байдалтай байгаа бол дөрвөн албан хаагч доод мөчийн хугаралтай, нэг албан хаагч хавирга хугарсан, гурван албан хаагч арьсны гуужилттай байгаа гэнэ. Энэ талаар ЗХЖШ-ын ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа С.Дашзэвэг,”Ослын шалтгааныг тодруулахаар хуулийн байгууллагуудын ажлын хэсэг ажиллаж байна. Албан хаагчдын эмчилгээний зардал, ар гэрийхэнд БХЯ, ЗХЖШ-аас бүх талаар нь дэмжиж ажиллаж байгаа. Ар гэрийнхэнд нь эмгэнэл илэрхийлж байна” гэлээ. Амиа алдсан ахмад н.Батбаяр нь зэвсэгт хүчинд 17 жил ажилласан хүн байжээ.