m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.01.18 03:02
190
Ч.Даваабаяр:Төр болон нийгмийн итгэлийг хүлээсэн болохоор бидэнд ухрах зам байхгүй

Монголын үйлдвэрлэгчдийн тархай бутархай байдлыг соргогоор олж харж, тэдний сурталчилгаанд дэмжлэг үзүүлж ганцхан жилийн дотор монголын хүчирхэг холбоо болтлоо өргөжсөн баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Чимиддоржийн Даваабаяртай ярилцлаа. Бид Аж үйлдвэрийн яам, Ерөнхийлөгчийн тамгын газар хамтран зохион байгуулсан “Дотоодын үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих төр, үйлдвэрлэгчдийн зөвлөгөөн”-ий үеэр уулзаж жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжил, алдаа оноо, түүний хийж яваа, хийхээр төлөвлөсөн ажлууд болон улс орны эдийн засгийн асуудлаар ярилцсан юм.

- Сайн байна уу. Аж үйлдвэрийн яам, Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газар хамтарч 250 гаруй үйлдвэрлэгчид, төрийн байгууллагыг хамруулсан “Дотоодын үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих төр үйлдвэрлэгчдийн зөвлөгөөн” зохион байгууллаа. Зөвлөгөөний ерөнхий уур амьсгал ямар байна. Таны харж байгаагаар ямар үр дүн гарах бол?

- Юуны өмнө төрөөс үйлдвэрлэгчдээ анхаарч эхэлж байгаад баяртай байна. МУ-ын Засгийн газар 2016 оныг хэрэглэгчийн жил болгон зарлалаа. МУ-ын Ерөнхийлөгч дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжихийг анхнаасаа уриалж ирсэн. Аж үйлдвэрийн яамнаас 2016 оныг үндэсний үйлдвэрлэгчдийнхээ борлуулалтыг дэмжих жил болгон зарлалаа. Энэ бол үйлдвэрлэгчдийн болоод хэрэглэгчдийн хувьд оны эхний хамгийн сайхан мэдээ. Цаашлаад мэргэжлийн холбоодын зөвлөл, хамгийн том худалдан авагч төрийн яам агентлагууд, НЗДТГ-тай хамтарч үндэсний үйлдвэрлэлээ дэмжие гэсэн санамж бичигт Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат гарын үсэг зурлаа. Ялангуяа Батлан хамгаалах яам, БСШУЯ, НЗДТГ худалдан авалтаа үндэснийх болгох дээр нэгдэж байгаад талархалтай байна.  “Дотоодын үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих төр үйлдвэрлэгчдийн зөвлөгөөн” өргөн хүрээг хамарсан, ач холбогдлынхоо хувьд бодлогоор хийх ёстой байсан нэг том ажлыг хийсэн үйл явдал болж байна. Одоо зөвлөгөөн хийгээд өнгөрөх биш, бодит байдал дээр яаж хэрэгжүүлэх вэ гэдэг хамгийн чухал. Дотоодын үйлдвэрлэгчдээс төр худалдан авалтаа хийгээд эхэлвэл түүнийг дагасан эдийн засгийн өсөлт тодорхой хэмжээгээр бий болно. Ажлын байр нэмэгдэх олон давуу талтай.

Дотоодын үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих төр үйлдвэрлэгчдийн зөвлөгөөн 

 

- Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо төрийн энэ худалдан авалтанд яаж хамтарч оролцох вэ?

- Манай холбоо одоогоор 30 мянга гаруй гишүүнтэй. Үүний цаана мөн хэдэн мянган дэмжигчид байна. Эдгээр гишүүд дэмжигчдийн маань дотор жижиг дунд болон өрхийн үйлдвэрлэгчид олон байна. Өнөөдөр манай нийгэмд үндэсний томоохон компаниуд, бондын санхүүжилт, томоохон төсөл хөтөлбөрт хамгийн түрүүнд хамрагддаг байдал бий. Нэгэнт үндэсний үйлдвэрлэлийг дэмжие гэсэн шийдэл гаргаж байгаа бол дараагийн удаад Ерөнхийлөгч маань, Аж үйлдвэрийн сайд маань жижиг дундынхан руугаа илүү анхаарсан зөвлөгөөнийг тусгайлан хийнэ гэдэгт найдаж байна. Хэрвээ ингэхгүй бол ЖДҮ маань бас л хаягдчих гээд байна даа. Бидний харж байгаагаар бол зөвхөн ББДХ ч гэхгүй бүх үйлдвэрлэгч нар одоо төрөөс олгож байгаа боломжийг ашиглаж, төрийн худалдан авалтанд оролцохоос гадна, зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулахын тулд чанар үйлчилгээн дээрээ илүү анхаармаар юм шиг санагддаг.  Хүчтэй брэндингийг олноор бий болгомоор байгаа юм.  Тэгээд тендер сонгон шалгаруулалтын стандарт, шаардлагыг хангахын төлөө хичээж ажиллаад зогсохгүй эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ нэмэгдүүлж ажиллах шаардлагатай байна. Дараа нь зах зээлд санал болгож байгаа үнэ боломжийн байх ёстой. Энэ бүхэнд л анхаарчихвал заавал импортын бараа гэж хошуураад байхгүй худалдан авалт аяндаа сайжирна. бид энэ хавартаа багтааж жижиг дунд үйлдвэрлэгчдийн үндэсний хэмжээний зөвлөгөөнийг хийхээр төлөвлөж байна. Үүнд өрхийн үйлдвэрлэгч нар ч гэсэн оролцоод өөрсдийнхөө эдийн засагт эзлэх байр сууриа ахиулах тал дээр хамтран ярилцаж, шийдэлд хүрэх нь чухал байгаа юм.

- ББДХ анх төслөөс гараагаа эхэлж богино хугацаанд их олон ажил амжууллаа. Судалгаа сурталчилгааны тал дээр үйлдвэрлэгчдэд нүдээ олсон тусламж байлаа. Тэд цаашдаа юуг хүсч байна. Та бүхэн яаж ажиллах вэ?

- Жижиг дундынхан болон өрхийн үйлдвэрлэл бол ний нуугүй хэлэхэд хаягдсан, орхигдсон эмзэг салбар. Дэмжлэг огт байхгүй гэж хэлэхгүй. Гэхдээ гол нь 20 гаруй жил зээлээр, санхүүгээр дэмжихээс өөрөөр дэмжсэн зүйл байхгүй яваад өдийг хүрчихлээ. Энэ салбар ирээдүйд Монгол улсын ачааг үүрэлцэнэ гэдгийг засгийн газраас анхаарч эхэлж, бодлогын яамтай болсон нь нэг том олз. Жижиг дундынхан, өрхийн үйлдвэрлэгч нарт борлуулалтын зах зээл, барьцаа хөрөнгийн дутагдал, зээлийн хүүгийн дарамт, боловсон хүчний нөөц, бэлтгэл, сургалт, сурталчилгаа гээд олон дарамт, хүндрэл байдаг. Энэ тал дээр бодлогын хүрээний ажлуудыг хийх хэрэгтэй гэдгийг бид Баялаг бүтээгчдийг дэмжих холбоогоор дамжуулаад олж харсан. Одоо энэ чиглэлд л илүү анхаарч ажиллана. Ажиллаад ч явж байгаа. Манай холбоо Засгийн газраас хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүд зорилтот бүлэгтээ хүрч байна уу, үгүй юу гэдэг рүү илүү анхаарч тэдний дуу хоолой болон ажиллаж байна. Зорилтот сегментдээ зорьсон ажил хүрч байгаа эсэх дээр бид өөрсдийгөө хяналт тавьж, гүүр нь болж идэвхжүүлэлт хийх ёстой гэсэн зарчмаар ажиллаж байна.

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Бага хурлын гишүүдийн хамт 

- Таны яриад байгаа төрдөө хаягдсан жижиг дунд болон өрхийн үйлдвэрлэгчдийн хүсэл зорилго, хэрэгцээ шаардлагын улмаас танай холбоо байгуулагджээ гэж харж болох уу? Жижиг дундынхан, өрхийн үйлдвэрлэгчид, малчид  эзэнтэй боллоо гэж талархаж байгаа нь мэдрэгддэг.

- Тэгж хэлж болно. Бид баялаг бүтээгчдийг сурталчлах явцдаа эзэнгүйдсэн хүмүүс бол жижиг дундынхан, өрхийн үйлдвэрлэгчид байна гэдгийг олж харсан. Орон нутгаас ч нийслэлээс ч үндэсний үйлдвэрлэлийг дэмжих ажлаа улам цаашаа үргэлжлүүлэх урам зоригийг ихээр өгч байсан учраас тууштай ажиллахын тулд нийгмийн захиалга, хэрэгцээн дээр Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо байгуулагдсан. Үндэсний томоохон корпораци, компаниуд маань өөрсдийн гэсэн зар сурталчилгааны төсөвтэй, маркетинг менежментийн багтай ажилладаг. Харин эгэл жирийн нэг үйлдвэрлэгч, жижиг дундынханд тийм боломж байдаггүй. Тийм ч учраас бид энэ салбарыг дэмжсэн. 800 мянга гаруй хүмүүс энэ салбарт ажиллаж өөрсдийнхөө амьдралыг авч явахаас гадна 10, 20-оор зогсохгүй тус бүртээ ажлын байрыг бий болгож,  улсдаа татвараа төлж байна.  Эдийн засгийн 70 хувийг хувийн хэвшил нуруундаа үүрч байгаа гэдэг тоон дотор 30 гаруй хувь нь яг ийм жижиг бичил үйлдвэрлэгч нар байдаг. Өөрөө өөрсдийгөө ажилтай орлоготой байлгаж, улсад татвар төлж байгаа энэ хүмүүсийг дэмжих нь төрийн үүрэг. Гэтэл тэд шоовдорлогдоод дор дороо өөрсдийгөө болгоод яваад байгааг олж хараад нэгтгэх, дуугарах ёстой гэсэн ажлыг эхлүүлсэн нь 2015 онд бидний хийсэн хамгийн том ажил байсан юм.

- Танай холбоо тэгвэл төрийн шийдвэрийг жижиг дундын, өрхийн үйлдвэрлэлийн салбар луу чиглүүлэх ажлуудыг хийхэд ямар оролцоотой байх вэ? Хараад байхад маш олон салбар нэгдээд холбоо болчихоор тэр салбар бүрт ажиллах шаардлагатай болчихоод байх шиг...

- Тиймээ. Манай холбоо бол монголын анхны солонгорсон холбоо гэдгээрээ яах аргагүй шинэхэн, соньхон, бас хүмүүсийн анхаарлын төвд яах нь вэ? гэсэн хүлээлтийг үүсгэж байгаа нь үнэн. Жижиг байна уу, том байна уу, өрхийн байна уу хамаагүй бүх үйлдвэрлэгч нар бол Монголын баялаг бүтээгчид юм, тэднийг төр дэмжих ёстой юм гэдгийг ойлгуулж өгсөн нь манай холбооны 2015 оны гол ажил байсан. Олон арван мянган хүмүүс манай холбоог дэмжиж байна. “Баялаг бүтээгч” гэдэг үг 2015 онд брэнд үг болж чадлаа. Нийгэм даяараа үндэсний үйлдвэрлэлээ дэмжих гэдэг эерэг хандлагатай болсон байна. Энэ хандлагыг бий болгоход бидний үүрэг их байсан. Цаашдаа ч бид нийгэмд нөлөөлөх нийгмийн хандлагыг өөрчлөхөд хамгийн түрүүнд анхаарч ажиллана. Хэрэглэгчиддээ Монгол бүтээгдэхүүнээ гэсэн чин сэтгэлтэй болгочихвол том, жижиг гэлтгүй бүх үйлдвэрлэгчид баталгаатай зах зээлтэй болж байна гэсэн үг. Энэ бол бидний энэ олон үйлдвэрлэгчдийн төлөө хийх ажлын зөвхөн нэг хэсэг нь .

- 2015 оны эдийн засгийн хүндрэлийг баялаг бүтээгчид хэрхэн даван туулсан бэ? Ойрын жилүүдэд жижиг дунд үйлдвэрлэлийн салбар сэргэх хандлага бий юу?

- 2015 он эдийн засгийн хүндрэлтэй жил байсан гэж ярьж байгаа боловч нөгөө талаас нь харвал бид бодит хөрсөн дээрээ буусан жил байсан. Зөвхөн уул уурхайгаас ашиг хүртээд улс хөгждөггүйг  харсан. Уул уурхайн бус салбаруудыг хөгжүүлж, улсын эдийн засаг солонгорсон байх ёстой гэдгийг хаа хаанаа ухаарлаа.  Иргэн баян бол улс баян. Улсын хөгжил сумаас гэдэг лоозон өнөөдөр бодит ажил болж эхэлж байна.  Сумандаа баялаг бүтээж сайхан амьдарч байгаа цөөнгүй жишээ байгаа 2015 онд төслийн явцад харлаа. Цаашдаа “Start up” компаниудаа дэмжмээр байна. Манай холбоо ч дэмжинэ. Гадаад зах зээл рүү бараа бүтээгдэхүүн гаргаад эхэлвэл өрхийн үйлдвэрлэгч нар жижиг дундын салбартаа орж ирэх, томоохон компаниудад ханган нийлүүлэгч, туслан гүйцэтгэгч байдлаар хамтран ажиллаад эхэлвэл жижиг үйлдвэрүүд хүрээгээ тэлэх асуудал яригдана. Ийм замаар хөгжлийн стратегиэ зөв боловсруулж чадвал мега төслүүдийг хэрэгжүүлж Аж үйлдвэрийн томоохон паркууд байгуулах гээд хөгжил рүү бид хамтдаа алхана гэж харж байна. Олон яаманд хуваагдаж явж ирсэн үйлдвэрлэлийн салбар өнөөдөр бодлогын яамтай болсноор ажлууд ид өрнөж байна. Мөн төрөөс зээл санхүүгээр дэмжих бодлогыг сумаас эхлээд орон нутагт, дүүрэгт хэрэгжүүлж, барьцаа хөрөнгийн дутагдалтай аж ахуй нэгж, өрхийн үйлдвэрлэгчдийг Зээлийн батлан даалтын сангийн тухай хууль батлан дэмжиж байна. Өөрөөр хэлбэл барьцаа хөрөнгөгүй үйлдвэрлэгч 80 хүртэлх хувийн баталгааг Зээлийн батлан даалтын сангаар дамжуулан гаргуулж болно. Энэ мэт зөв зохицуулалт хийгдээд эхэлсэн юм чинь цаашдаа тал тал тийшээ харж суух биш нэгдээд зүтгэчихвэл  хөгжил ойрхон байгаа.

- Жижиг дундынхан бас хариуцлага хүлээх ёстой юм шиг санагддаг.

- Тийм. Ард түмэн худалдан авалт дээр, төр бодлого, зээл тусламж дээр дэмжиж байгаагийн хариуд стандартын шаардлага хангасан чанартай бүтээгдэхүүнээр л хариу барих нь тэдний хийх ажил. Яг адилхан бүтээгдэхүүн хийж байгаа ч нэгдсэн стандарт гээд байх юм алга. Энэ тал дээр нэгдсэн шийдэл, чанар яригдах болчихоод байгаа юм. Цаг нь ч болсон.

- Таны яриад байгаа кластерыг хөгжүүлэхэд одоо ямар боломж байна?

- Баялаг бүтээгчдийг дэмжинэ төслийг хэрэгжүүлж байх явцад жижиг дундынхантай холилдохгүй гээд бидний төсөлд хамрагдаагүй том үйлдвэрлэгч нар байсан. Нөгөө талд хамтдаа хөгжинө гээд идэвхитэй оролцсон томоохон үйлдвэрүүд ч олон байсан. Том жижиг гэхгүй бид нэгдэх цаг нь болсон. Ах нь дүүгээ чирж явдаг шиг үндэсний  том үйлдвэрлэгч компаниуд жижиг дунд, өрхийн үйлдвэрлэгч нараа чирж явах, тэдэнд ажил өгөx худалдан авах хэрэгтэй. Цаана нь жижиг дундынхан, өрхийн үйлдвэрийнхэн ажилтай, орлоготой байх болно. Энэ бол энгийндээ кластер юм. Хараад байхад манайхан их олон юм руу туйлшрах юм. Томоохон үйлдвэрлэгч нар ч ялгаа байхгүй. “Бойнг” компани “үзэг” үйлдвэрлэвэл ямар байх вэ. Яг түүнтэй адил компаниуд юм юмруу орж бүх зах зээлийг өөрсдийнх болгох гэж зүтгэх юм. Ингэхгүйгээр төрөөс ажил авч байгаа бол түүнийгээ бусад жижигтээ түгээж өгөх хэрэгтэй. Хоёрдугаарт дотоодынхоо зах зээлийг хамгаалсан бодлогыг хэрэгжүүлмээр байна. Импортын бараанд дотоодтой ижил төстэй бол 15 хувийн татвар тогтоолоо.  Энэ бол зөвхөн татварын л нэмэгдэл. Гэтэл орон нутгийнхан дотоод бизнесээ хамгаалах эрх зүйн орчин гэж алга. Жишээ нь биднийг хөдөө орон нутагт ажиллаж байхад импортын барааг орон нутагт бөөнөөр нь аваачаад зарахаар түүнтэй ижил төстэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа орон нутгийн үйлдвэрлэгч нарт боломж хомс болж байгаа явдал нийтлэг харагдсан. Мөн томоохон компаниуд өөрсдийнхөө салбар борлуулалтын цэгүүдээрээ дамжуулан аймагт, сумд борлуулалт хийчихээр нөгөө л  орон нутгийн үйлдвэрлэгч нар борлуулалтгүй болох эрсдэл үүсч, зарим нэг нь хаалгаа барьдаг. Цаад талыг нь аваад үзвэл нэг төсөл бичээд зээл авчихсан, борлуулалтын зах зээлгүйгээсээ болоод өртэй үлдэж байгаа үйлдвэрлэгч нар олшрох шалтгаан энэ байгаа. Тэгэхээр орон нутгийн болон дотоодын зах зээлийг хамгаалах асуудал бол яаравчлан хийх нэн шаардлагатай зохицуулалтуудын нэг юм. Цаашлаад төрөөс гаргасан бодлогыг замд нь завхруулахгүй шат шатанд хамгаалах шаардлагатай. Нэг үеэ бодвол үйлдвэрлэгч нар төрөөс юм нэхээд байдаг биш, хийе бүтээе, гагцхүү хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгож, нэгдсэн бодлогоор энэ салбарыг зангидах ёстой гэдэгтэй одоо санал нийлдэг болсон.

- Таныхаар борлуулалтыг яаж дэмжих вэ? Өөр тулгамдаж байгаа ямар асуудал байна вэ?

- Сургалт мэдээлэл бол орон нутгийн үйлдвэрлэгч нарт хүндрэлтэй асуудлуудын нэг байдаг. Хөдөлмөрийн сайдын зөвлөхийнхөө хувиар ч би үүнийг мэдэрсэн. Мэргэжилтэн боловсон хүчин бэлтгэх ажилд Хөдөлмөрийн яам илүү анхаарч байгаа. Энэ ажил тууштай хэрэгжээд явбал үйлдвэрлэлийн салбарт мэргэжилтэн бэлтгэх асуудал шийдэгдэнэ гэж хардаг. Холбооны хувьд бол сургалт, туршлага солилцох асуудал дээр өөрсдийнхөө төлөвлөгөөг гаргаад мэдээлэл түгээх ажлаас эхлээд шат дараатай ажлуудыг хэрэгжүүлээд явж байна. Харин борлуулалтыг дэмжихийн тулд бүсчилсэн худалдааны төвүүдийг байгуулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Манай холбооны удирдах зөвлөлийнхөн яг энэ тал дээр судалгааныхаа ажилд орчихсон байна.

- Монголын хөдөө аж ахуй гэсэн том салбар яах вэ? Малчид баялаг бүтээгчид мөн үү?

- Малчид баялаг бүтээгчид мөн. Бүр голлох баялаг бүтээгчид бол малчид шүү дээ. Малчидын өмнө ялангуяа энэ жил маш их асуудал тулгамдаж байна. бид нар очсон газар бүртээ малчидтайгаа байнга уулзаж тэдний зовлон жаргалыг сонсож ажилдаа тусгаж байгаа. Өнөөдөр монголын мал сүргийн тоо 57 саяд хүрсэн сайн мэдээ байгаа боловч ноос, ноолуур, мах, арьс шир, сүү цагаан идээний үнэ хятадын зах зээлийн үнийн уналтаас шалтгаалаад манайд шууд нөлөөлж эхэлсэн явдал. Малын тоо улсын хэмжээнд өсөх нь яг өнөөдрийн тухайд малчдад үнэхээр сонин биш болсон гэдгийг хаа сайгүй хэлж байгаа. Малаа өсгөж үйлдвэрлэл явуулж байсан малчид төлөө аваад тоогоо өсгөж баярладаг байсан бол одоо эсрэгээрээ малаа өсгөх сонирхолгүй болж эхэлж байна. Малчдын хөдөлмөр үнэгүйдэж байна ш дээ. Бүх юм нь ченжийн дамжлаганд орчихсон байна. Гадны өндөр хөгжилтэй болон хөгжингүй улсуудын хөгжлийн туршлагаас бидэнд суралцах зүйл их байна. Малчдынхаа хөдөлмөрийг үнэ цэнэтэй байлгахын тулд тухайн салбарт чиглэгдсэн бодлогыг тодорхойлохдоо боловсруулах үйлдвэрүүдийг байгуулах асуудлыг авч үзэх хэрэгтэй байна. Ингэвэл монголын баялаг мал сүргийг өсгөж үржүүлж байгаа малчдын маань идэвх, амьдрал сайжрах, үүнийг дагаад ХАА-н салбарын үйлдвэрлэл, ашиг орлого нэмэгдэх юм. Хөдөлмөрийн яамнаас залуу малчдыг дэмжих, залуучуудыг малжуулах үндэсний хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаа. 40 хүртэлх насны  хоёроос дээш ам бүлтэй айлуудыг туслах малчинаар ажиллуулах, эсвэл тав хүртэлх сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлж малжуулах зэрэг хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж дөрвөн мянган залуу малчин өрхийг хөдөө рүү илгээсэн. Тэднийг бид  малаа өсгөж үржүүлэх сэтгэлгээтэй нь хамт услаж, тордохын тулд яах аргагүй орон нутагт боловсруулах үйлдвэрээ барих шаардлагатай байгаа юм. Энэ бүгдийг хийж байж эдийн засгийг тэлнэ. Эдийн засгийн агшилтыг бид ХАА гэсэн энэ том салбар дээр анхаарч тэлэх ёстой.

Залуу малчдын хамт

 

- Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ хэрэглэхийг уриалж байгаа уриалга эдийн засагт ямар хэмжээний хувь нэмэр болох бол. Хүмүүсийн хүлээж авч байгаа уур амьсгал ямаршуухан байна вэ?

- Бид МУ-ын ерөнхийлөгчөөс эхлээд бүх шатны удирдах албан тушаалтнууд, яам агентлагийн сайд дарга нар, аймаг сумдын засаг дарга нарт үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнээ сонгож хэрэглэж, хэвших уриалгыг илгээсэн. Бүх аймаг сумдын ББДХ-ны салбар хороодоор дамжуулаад энэ уриалгуудаа орон нутагт ч бас хүргээд байгаа. Төрөөс дотоодын худалдан авалтыг дэмжих энэ уриалгыг гаргаж байгаа нь ч манай холбооны ажлыг нэг талаар дэмжиж байгаа асуудал гэж бид харж байна. Яамдаас гадна өнгөрсөн онд Дорнод, Дорноговь, Дундговь гээд хэд хэдэн аймаг Баялаг бүтээгчдийг дэмжих жил болгон зарласан нь баялаг бүтээгчдийг дэмжих хэрэгтэйг орон нутгийн удирдлагууд ч таатай хүлээн авч байгаагийн нэг жишээ.

Уриалга 

- Энэ олон шийдвэрүүд эргээд үйлдвэрлэгчдэд ямар байдлаар хүрч байгаа юм бэ? Бодит үр дүн юу байна?

- Азаар энэ удаагийн Засгийн газар болон УИХ-ын дарга З.Энхболд энэ салбарыг маш сайн дэмжиж ажиллаж байгаа. Үйлдвэрлэгч нартай байнга уулзаж хаваржин, зунжин үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаатай танилцлаа. Чингис, Самурай бондоос санхүүжсэн төслүүд ямархуу шатанд явж байна, цаашдаа үйлдвэрлэгчдэд юу хэрэгтэй байна гэдгийг судалсан, харсан, төрийн бодлого шийдвэрт тусгахаар явсан гэж ойлгож байгаа.

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Анхдугаар Их хурал 

2015 оны эцэст манай холбооны бүтэн жил уйгагүй зүтгэсний үр дүн гарсан. Энэ бол Засгийн газрын хуралдааны шийдвэр байлаа. Сум хөгжүүлэх сангийн зээл гэж олгож байгаа орон даяар хэрэгждэг энэ төслийн, төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн хяналтын зөвлөлд ББДХ-ны төлөөллийг заавал оруулна гэдгийг зааж өгч, тогтоол гаргасан. Ингэснээр 334 суманд манай холбооны гишүүн сум хөгжүүлэх сангаар дамжуулан олгогдож байгаа зээлд сонгон шалгаруулалт, хяналтанд оролцоод явна гэсэн үг. Энэ бол Засгийн газраас биднийг өргөн утгаар дэмжсэн бодит дэмжлэг байлаа. Үүнийг төрийн хүлээлгэж байгаа итгэл, том хариуцлага гэж ойлгож хүлээн авч байгаа. Улсын хэмжээнд 7000 орчим ТББ өнөөдөр үйл ажиллагаа явуулдаг ч гэсэн манай байгууллагыг онцолж ийм өргөн утгатай шийдвэрийг гаргаж өгсөн нь улам итгэлтэй, хариуцлагатай ажиллаарай гэсэн төрийн итгэл найдвар, захиас байлаа. Нийгмийн болоод төрийн итгэлийг ингэж хүлээсэн учраас бидэнд ухрах зам байхгүй. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд бидний сурталчилсан үйлдвэрлэгчдэд маш олон боломж нээгдсэн гэдгийг  хэлж байгаа . Энэ мэтээр ажлын үр дүн муугүй байна. Манай холбоо “Монголд үйлдвэрлэв-Миний хэрэглээ” гэсэн үндэсний хэмжээний аяныг эхлүүлээд явж байна. Энэ бол цаад утгаараа бүх монголчуудыгаа үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх, дэмжихэд уриалсан уриалга юм. Мөн өнгөрөгч оны 6 сарын 27-нд анхны их хурлаа хийж 6 сарын 27-ны өдрийг жил бүр баялаг бүтээгчдийн талархалын өдөр гэж тэмдэглэж  байхаар тогтсон гэхчлэнгээр бид ямар ч байсан 5 жилийн төлөвлөгөөгөө макро түвшинд гаргаад ажиллаж байгаа. 2015 онд Монголчууд юу хийж чаддагийг таниулсан, 2016 онд хэрэглээгээ монгол болгохыг бид уриалж байгаа. Харин 2017 онд экспортыг дэмжсэн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлд илүү анхаарна гэх мэтээр төлөвлөгөө гарсан, удирдах зөвлөлөөрөө үүнийгээ батлуулаад ажил болгоод явж байна.

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Анхдугаар Их хурлын гишүүдийн хамт  2015.06.27 

- Таньд баярлалаа. Таньд амжилт хүсье.

- Баярлалаа. Үндэсний томоохон баяр сар шинэ дөхөж байна. Монголчуудынхаа үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг дэмжиж гадагшаа урсах мөнгөө эх орондоо үлдээж, “Монголд үйлдвэрлэв-Миний хэрэглээ” аянд бүх Монголчуудыгаа нэгдэхийг танай сониноор дамжуулан уншигчиддаа уриалмаар байна.

                    

                                                                                                   Эх сурвалж: Өдрийн сонин