m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.01.18 06:35
12023
Хойлог хэмээх ховор шувууны тухай

Хотын уугуул иргэд бид хойлог хэмээх ховор шувууны барааг хараагүй төдийгүй дунд сургуулийн хичээлд үзсэнээс хэтрэхгүй нь олон байх болов уу. Хэзээ хойно хойлог хэмээх шувуу яагаад ховордсон болохыг мэдэж хайрлан хамгаалахсан гэх бодол тархинаас огт салахаа болилоо. 

Гэрэл зургийг Ц.Пүрэвсүрэн Өмнөговь аймгийн Говьгурвансайхан уул- Алтайн хойлог

Энэ шувууны талаар хийсэн судалгаа, эрдэмтдийн бичиж үлдээсэн баримтаас иш татан эхлээд товч танилцуулъя. Хойлог шувуу нь Алтайн, Каспийн, Кавказын, Төвдийн, Гималайн гэх төрөл зүйл байдаг бөгөөд тоо толгой нь эдгээр нэр дурдсан газруудад ялгаагүй онц ихээр хорогдоод байгаа аж. Монгол Улсын Хархираа, Түргэн, Цагаан шувуут, Монгол-Алтай, Говь-Алтай, Хангай Хөвсгөлийн уулс, Тагнын нуруугаар оршино. Түүнчлэн Ховд аймгйин нутаг дэвсгэрт тэр дундаа Чандмань, Дуут гэх мэт цөөн хэдэн суманд байдаг аж. Хүссэн хүн бүхэнд үл үзэгдэх энэ жигүүртэн хад бутан доор ноос үс дэвсэн үүр засаж 5-12 хүртэл өндөг гаргадаг.  Биеийн ерөнхий өнгө нь газрынхтай адил учир хүнд тэр бүр харагдаж анхаарлыг нь татдаггүй зохицолтой аж. 

Алтайн хойлог нь тахианы баг гургуулын овогт багтдаг. 30-40 сантиметр өндөртэй, 2.5-3 килограмм жинтэй. Хөх бордуу зүстэй, зоо нуруундаа хар судалтай, элгэн биеэрээ цагаан толботой. Сүргээрээ бэлчээрлэх бөгөөд 1-2 нь харуулд гарна. Хүн амьтны бараа харагдмагц тэр харуул нь исгэрэн дохио өгөх бөгөөд бусад нь сүргээрээ явгалан газрын өөд гүйж одно. Нисэхдээ муу, харин газрын өөд гүйж чаддаг гэж ажиглалт хийсэн судлаачид тэмдэглэжээ. Ерөнхий мэдээлэл ийм байна.

Шинжлэх ухаан хөгжөөгүй ч монголчууд хэзээнээс аливаа зүйлд уужуу ухаанаар ханддаг учир бага насны охид, нас биед хүрсэн бүсгүйчүүдэд амсуулдаггүй байж

Харин анагаах увдис нь энэхүү шувууг эрс цөөрөхөд нөлөөлж байгаа юм. Хойлог ургамлын үндэс, үрээр хооллодог. Гэхдээ нам доор газар ургадаг өвс, эмийн ургамал огт биш. Цавчим өндөр уул хадан дунд ургадаг тэрхүү шим тэжээлт өвс ургамлыг хойлог л олж иднэ. Тиймдээ ч түүний махыг нь идэн, ясыг  нь буцалгаж уусан хүн үхдэггүй гэх яриа монголчуудын дунд амнаас ам дамжин явсаар. Хүний биеийн дархлааг хэд дахин нэмэгдүүлж, орлуулж барашгүй олон амин дэм хүнд өгч чаддаг гайхалтай аж. Шинжлэх ухаан хөгжөөгүй ч монголчууд хэзээнээс аливаа зүйлд уужуу ухаанаар ханддаг учир бага насны охид, нас биед хүрсэн бүсгүйчүүдэд амсуулдаггүй байж. Учир нь хожмын өдөр төрөх тэдний яс бэхжин төрөхөд хүндэрлтэй байдал үүсдэгтэй холбоотой гэнэ. энэ мэт амнаас ам дамжин яригддаг өвгөдийн үг ор хоосон зүйл огт биш, үнэний ортой, бодит байдлаас үлдсэн яриа юм.

Эрт эдүгээгээс эхлээд өнөөг хүртэл хойлгийг хайрлан хамгаалж дархан цаазтай амьтанд багтаасан ч бас л учир дутагдалтай хэвээр байна. Гэмтэж бэртсэн хүнд гойд нөлөө үзүүлэх энэ шувууг Чингис хааны цэрэг эрс байлдаанд орохын өмнө иддэг байсан түүх бий. Хэрэв олж идээгүй аваас  хойлогны мах идсэн нэгнээ тулааны өмнө "хойлогтдог"байсан гэж тэмдэглэн үлдээжээ. Тиймээс цэрэг эрс хойлогны мах идсэн тухайгаа  хэнд ч хэлдэггүй байсан гэдэг. Айдастай мэт энэ мэдээллийн цаана амь гарах гэсэн хүсэл байгаа нь хэнд ч ойлгомжтой. Одоо цагт бид хэн нэгэнтэй тулалдаагүй /амь дүйсэн зүйлд оролцохгүй/ учир энэ шувууг хамгаалах бүрэн боломжтой мэт санах юм. 

Өвчин зовлонгоосоо салахыг хүн илүүд үзэх нь зүйн хэрэг. Гэхдээ өөрийн хар амины төлөө Алтайн хэмээх тодотголтой эх орныхоо нэгэн жигүүртнийг үгүй хийх эрх бидэнд үгүй.

Хүнд өвчтэй нэгэнд хэрэг болохыг үгүйсгэх аргагүй. Гэхдээ буу агсаж байдгаа барсаар байх уу. Хуульчилж, бодлогоор хандвал хүндээ хийгээд байгаль орчиндоо ээлтэй байдлаар шийдэх гарц хүмүүс бидэнд байна. Өвчин зовлонгоосоо салахыг хүн илүүд үзэх нь зүйн хэрэг. Гэхдээ өөрийн хар амины төлөө Алтайн хэмээх тодотголтой эх орныхоо нэгэн жигүүртнийг үгүй хийх эрх бидэнд үгүй.