Буянт гол нь Монгол Алтайн нурууны Мөнххайрхан уулын хойт төгсгөлөөс эх авч Баян-Өлгий аймгийн Дэлүүн сум, Ховд аймгийн Дуут, Жаргалант, Ховд, Буянт, Мянгад сумдын нутгийг дайран өндөр уулын, уулт хээрийн, цөлөрхөг хээрийн зэрэг байгалийн хэд хэдэн бүсийг дамжин, 8366.9 км3 талбайг хамран, 171.8 км орчим урссаар Их Нууруудын хотгорын ай савд ирдэг. Энэ голын эх нь Монгол Алтайн нурууны ар хажуу 3400 метрийн үнэмлэхүй өндөрт орших бөгөөд эндээс олон жижиг гол горхиноос усждагийн дотор Чигэртэй, Дэлүүн голууд нь үндсэн цутгалууд болох ба жилийн урсацын бүрэлдэхүүний 63 хувийг хайлсан цас, мөсний ус, 33 хувийг ул хөрсний ус, 4 хувийг хур борооны ус эзэлдэг.
Буянт голын сав дагуу аймгийн төв болон газар тариалангийн бүсэд усны ашиглалт илүүтэй явагддаг бөгөөд Ховд аймгийн төвийн хойд талаар дайран өнгөрөх Буянт гол нь газар тариалангийн бүс эхлэхээс өмнө хуучин услалтын системийн толгойн барилга “Жанжин боолт”-оос Ховд сум (10, 8, дээд, доод 7-ийн газар), Жаргалант, Буянт сумын (4-ийн газар, Буянт сумын ард талын тариалангийн талбай) газар тариалангийн талбай руу 2 салаалан хуваагддаг. Ховд аймгийн Жаргалант, Ховд, Буянт сумдын 500 гаруй хувь хүн, гэр бүл, аж ахуйн нэгж, хоршоо нөхөрлөлийн 2000 гаруй га талбайг Буянт голын усаар усалгаа хийж, төмс хүнсний ногоо, малын тэжээл, жимсний ургамал тариалж байна.
2013 оны дүнгээр Буянт сум нь 3712 тн төмс, 6007.2т хүнсний ногоо, Ховд сум нь 4450 тн төмс, 5738.4 тн хүнсний ногоо тус тус хурааж Ховд аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногооны ургацаар эхний 2-т жагсаж байна. Эндээс харахад Ховд аймгийн 7147 өрхийн 26342 хүн ам, Буянт сумын 790 өрхийн 2871 хүн ам, Ховд сумын 739 өрхийн 3290 хүн ам Буянт голын сав газрын газар тариалангийн бүтээгдэхүүн-төмс, хүнсний ногоог хэрэглэж байна.
Буянт голын усны нөөцөд газар тариалангийн усны зохисгүй хэрэглээ нөлөөлж байгаа бол Буянт голын усны чанар, эко системд цаашилбал, Ховдын ард түмний хүнсний аюулгүй байдал, эрүүл аж төрөхөд Ховд аймгийн төвөөс доош 5 орчим км-т орших “Шим ус” ХХК-ны бохир ус цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа ихээхэн нөлөөлж байна.
Буянт голын усны урсгалын дагуух 2013 онд хийгдсэн химийн судалгааны үр дүнгээс харахад стадионы хойд талаас авсан дээжинд усны ерөнхий эрдэсжилт 128.50 мг/дм3, Буянт голын бага гүүрийн доороос авсан дээжинд усны ерөнхий эрдэсжилт 133.7 мг/дм3 тус тус байна. Эдгээр цэгүүдэд бохирдолтын үндсэн үзүүлэлт болох ПИЧ 1.8-2.1 мгО/дм3, био идэвхт элементүүдийн агуулга нь гадаргын усны цэврийн зэргийн нормоос хэтрээгүй байна.
Халдварт өвчний голомт үүсгэж байна
2014 оны 2-р сарын 13-д Ховд аймгийн төвөөс доош 5 км орчим Дөрөвийн газарт орших Буянт голд нийлж буй бохир усны дээж авч химийн найрлагыг судлахад Буянт голд нийлж буй цэвэрлэгдсэн бохир усны ерөнхий эрдэсжилт нь 670.99 мг/дм3 буюу Буянт голын уснаас бараг 6 дахин их эрдэсжилттэй ус Буянт голд цутгаж байна. Энэхүү цэвэрлэгдсэн бохир усны ПИЧ нь 30.6 мгО/дм3 буюу Буянт голын уснаас З0 дахин их, БХХ5-20мгО/дм3, нитрит- 0.312 мг/дм3, нитрат-0.63мг/дм3, эрдэс фосфор-2.606 мг/дм3 тус тус агуулгатай байна. Буянт голд нийлж буй цэвэрлэгдсэн бохир усанд аммони-26.8 мг/дм3 агуулгатай байна. Аммоний ион буюу аммиак нь уурагт бодисын задралын эцсийн бүтээгдэхүүн бөгөөд хүн, амьтны ялгадсын гаралтай бохирдлыг илтгэх гол үзүүлэлт болж, усны өнгө, үнэр, амтыг өөрчилдөг байна.
Усны чанарын биологийн аюулгүй байдлыг шалгах үндсэн арга бол бичил амь судлалын үзүүлэлтийн хяналт бөгөөд үүнд флора, фауна, паразит, бактери, вирус гэх мэт бүх төрлийн нөхцөлт болон эмгэг төрөгч бичил биетэн хамаарна. Ховд аймгийн бохир ус цэвэрлэх байгууламжаас Буянт голд нийлж буй усны нянгийн тоо 1мл усанд 100-аас их, 100мл усанд “Escherichia coli” бактери тоолох боломжгүй шигүү ургалттай байна. Escherichia coli бактери нь хүн, амьтны ялгадсаар бохирлогдсон усанд илрэх ба хүн, амьтны бүдүүн гэдсэнд амьдардаг, гэдэсний бүлгийн халуун даадаг нян юм. Энэ нян нь ус ба хүнсээр дамжин амьтанд, улмаар хүнээс хүнд гэсэн замаар маш хурдан халдварлан тархдаг онцлогтой.
“Усны чанар, хүрээлэн буй орчинд нийлүүлэх цэвэршүүлсэн бохир усны: Ерөнхий шаардлага MNS 4943:2011” стандарттай харьцуулахад Буянт голд нийлж буй цэвэрлэгдсэн бохир усны ПИЧ нь1.6 дахин их, аммони 8.99 дахин их, нийт фосфор 1.74 дахин их байна. Энэхүү стандарт болон ДЭМБ, Европын орны стандартанд гэдэсний бүлгийн эмгэг төрөгч нян 1мл-т илрэхгүй байхаар заасан байна.
Хэдийгээр гол мөрөнд өөрөө цэвэрших процесс явагддаг ч бохир усны хэмжээ нэмэгдэн концентраци нь ихсэх тутам энэхүү өөрөө цэвэрших процесс цэвэршүүлэх чадвараа алдаж эхэлдэг. 1м3 бохир ус 40-60м3 цэвэр усыг бохирдуулдаг. Усаар дамжих халдварт өвчнүүдэд холери, балнад, гепатит А, дизентери, суулгалт өвчнүүд, усанд суурилсан өвчинд: туузан хорхой, хялгасан хорхойн гаралтай халдварт өвчин орох ба усны гаралтай халдварт тархалтын гол онцлог нь нэг эх булгаас ус авдаг хүмүүс олноор өвчилдөгт оршино. Цэвэр цэнгэг усаа дагаад хүн амын төвлөрөл, хот, тосгоны тоо олширдог боловч энэ нь эргээд байгаль экологитоо сөргөөр нөлөөлж, идэш-тэжээлийн гинжин хэлхээгээр эргээд хүнд сөрөг нөлөө үзүүлдэг байна. Ховд аймгийн бохир ус цэвэрлэх байгууламжаас гарч буй ус нь зөвхөн гадаргын усаа бохирдуулаад зогсохгүй, газар тариалангийн бүсийн хөрсөнд шингэж, төмс, хүнсний ногоогоор хүнд дамжих халдварт өвчний голомтыг үүсгэж байна.
Технологийн шинэчлэлийг хүлээсээр байх уу?
Ховд аймгийн ахуйн бохир усны одоо байгаа цэвэрлэх байгууламж нь 1987 онд ашиглалтанд орсон бөгөөд 2000 онд Шведийн байгалийн хөрсний шүүлтүүртэй технологийг нэвтрүүлсэн байна. Бохир ус цэвэрлэх байгууламж нь бохир ус төвлөрүүлэх дамжлагын 2 худаг, бохир усан дахь уусаагүй, уснаас хүнд жинтэй бодисуудыг зайлуулах зориулалтын 97.5м3 эзэлхүүнтэй 2 тунгаагуур, бохир ус шүүрүүлэх 2203.87 м2талбай, 881 м3 эзэлхүүнтэй 8 тагттай, хоногт 5760 м3 ус зайлуулах хүчин чадалтайгаар анх ашиглалтанд орсон байна. Буянт голын усны бохирдолтын судалгаа, гарах экологийн үр дагаварыг бид олон жил судлан, өөрсдийн бүтээлдээ тусгасан байдаг. Тухайлбал, 2004-2009 оны сарын горимын судалгааны үр дүнгээс харахад зуны улиралд цэвэршилт нь 38-56%-д хэлбэлзэж, өвлийн улиралд цэвэрлэх байгууламжийн бохир усны цэвэрлэгээний чанар 30%-иас доош байсан байна. Энэ нь агаарын болон хөрсний температурын бууралт, хөрсөнд эрдэс, лагийн ханалт үүссэнтэй холбоотойгоор тагт болон тунгаагуурын ус хөлдөж Буянт голын ай савд халилтүүсэн, бохир ус Дөрөвийн газрын ногооны талбайд тэлж хөлдөн, хавар болоход агаарт ууршиж, хатуу үлдэгдэл нь хөрсөнд шингэж, бусад нь хайлж Буянт голд нийлж байсан бөгөөд Шведийн байгалийн хөрсний шүүлтүүртэй технологи манайд тохирохгүй гэдэг нь батлагдсан.
2009-2010 онд “Ховд, Буянт голын сав газрын зөвлөл”-тэй хамтран Ховд аймгийн ИТХ-д дээрх асуудлыг дэвшүүлж, асуудлыг шийдвэрлүүлсэн ба Ховд аймгийн “Шим ус” ХХК дахин өөр технологийг нэвтрүүлсэн байна. Энэ ажлын үр дүнд тус аймгийн төвийн цэвэрлэх байгууламжаас Буянт голд нийлж буй усны урсгалын чиглэлийг өөрчилж газар доогуур 6 км орчим суваг татан, энэ сувгаар урсан ирэх усыг 10 га орчим ойжуулалтын талбайг услах зорилгоор ашиглахаар төлөвлөж хийгдсэн ба энэ нь цаг үеэ олсон хамгийн оновчтой зөв ажил байсан.
Засмал замын урд талд дэлгэсэн бохир ус
(Ойжуулалтын талбайг услах зориулалтаар хийсэн шинэ технологи)
Дөрөвийн газрын засмал замын урд талд их хэмжээний хөрсний эвдрэл үүсгэж, засмал зам руу хальж, газар гэсэж, дулаарах үед зам идэгдэж, эвдрэх аюул тулгараад байна. Ховд аймгийн бохир ус цэвэрлэх байгууламж ашиглалтанд орсноос хойш бараг 30 шахам жил болж байгаа ба технологийн шинэчлэлийг зөв сонгон, оновчтой хийх нь өмнөх ажлуудын үр дүнгээс харагдаж байна. Сүүлийн үед Ховд аймгийн бохир ус цэвэрлэх байгууламжийн технологийг биологийн цэвэрлэгээтэй цэвэрлэх байгууламжийн технологиор сайжруулах ажил яригдаж байгаа ба анхнаасаа энэхүү шинэ технологийн давуу болон сул талыг сайн судалж, зөв шийдэлд хүрэх нь зүйтэй юм. Энэ технологи нь Ховд аймгийн хувьд шинэ технологи мэтээр яригдаж байгаа боловч ус цэвэрлэх байгууламжийн биологийн цэвэрлэгээний технологи Монгол улсад эртнээс хийгдэж, алдаа оноотой олон асуудлыг дагуулж байгаа билээ. Энэ талыг сайтар нягтлан судалж, цаг хугацаатай уралдан гүйцэтгэх нь Ховд аймгийн хувьд хамгийн тулгамдсан асуудал болоод байна.
Бид том төрөөс ухаалаг төрлүү шилжихдээ Ховдын ард түмний хөгжлийн асуудлыг Буянт голын усны экологийн асуудлаас салангид авч үзэж яавч болохгүй. Орон сууц, албан байгууллагын хэрэглэсэн бохир ус хүрээлэн буй орчинд нийлүүлэх цэвэршүүлсэн бохир усны стандартын шаардлагыг хангахгүйгээр шууд Буянт голд цутгаж байгаа нь бидний эрүүл аюулгүй орчинд амьдрах баталгааг булааж байна.
ХИС-ийн БШТС-ийн химийн тэнхимийн эрхлэгч, доктор (Ph.D) З.Бурмаа