m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.01.29 01:33
1233
Сар шинэ хаяанд ирлээ, сайхан баярлахад та бэлэн үү

Хаврын тэргүүн сарын шинийн 1-ний баяр дөхсөөр байна. Эдийн засаг сайнгүй, иргэдийн худалдан авах чадвар тааруу байгаа ч билэгдлийг дээдэлдэг ард түмэн сар шинэдээ чадах чинээгээрээ бэлтгэж байна. MASS.MN сайтын хамт олон сар шинийн баярын эргэн тойронд сурвалжлагаа бэлтгэн хүргэж байна.

Цагаан сарын хүндтэй идээ ууц болон бусад хүнсний зүйл ямар үнэ ханштай байгааг хамгийн түрүүнд сонирхлоо.

Монголчууд бид сар шинийн баярын ширээнээс тэр жилийнхээ өнгийг тодорхойлдог. Удахгүй тохиох баярын бэлтгэлээ иргэд базааж эхэлсэн бөгөөд  томоохон худалдааны төв, үзэсгэлэн худалдаа, зах, дэлгүүрүүд хөл хөдөлгөөн ихтэй байна. Цагаан сарын баярын ширээний гол хүнс болох ууц, хэвийн боов бусад хүнсний бүтээгдэхүүний үнийг сурвалжлахаар “Хүчит шонхор” худалдааны төвийг зорилоо. Тус төвд очиход иргэдийн хөл хөдөлгөөн их байсан юм. Хүнсний бүтээгдэхүүний үнэ өмнөх жилийнхтэй харьцуулахад багагүй нэмэгдсэн ч гол хэрэглээ болох махны үнэ тогтвортой байв. 

 

Хүчит шонхор захад борлуулагдаж буй хүнсний бүтээгдэхүүнийг үнийг танилцуулъя.

  • Ууц том жижгээсээ шалтгаалж 100-280 мянган төгрөг
  • Үхрийн өвчүү нэг кг нь 7500 төгрөг
  • “Талх чихэр”-ийн хэвийн боов 2000 төгрөг
  • “Өгөөж”-ийн хэвийн боов 2100 төгрөг
  • Гандангийн хэвийн боов 2500 төгрөг
  • Бурхны тахилын хэвийн боов7500 төгрөг
  •  

 

  • Үхрийн цул мах 7500 төгрөг
  • Адууны цул мах 4500 төгрөг
  • Хонины цул мах 5100 төгрөг
  • Ямааны цул мах 4200 төгрөг
  • Хонины сүүл нэг кг нь 7500 төгрөг
  •  

 

  • Монгол шар тос 9000 төгрөг
  • Ааруул 9000-12000 төгрөг
  •  Сүүн ааруул 20000 төгрөг
  • Тогооны өрөм 9000 төгрөгөөр тус тус худалдаалж байна.

Хүнсний бүтээгдэхүүний үнэ өмнөх жилийнхтэй харьцуулахад багагүй нэмэгдсэн ч гол хэрэглээ болох махны үнэ тогтвортой байв. 

Худалдаачдын хэлж буйгаар иргэдийн худалдан авах чадвар өмнөх жилийнхээс буурсан бөгөөд энэ нь эдийн засгийн хямралтай салшгүй холбоотой хэмээн тайлбарлаж байлаа. Иргэд ч үүнд санал нийлж байгаагаа илэрхийлсэн юм. Гэвч жилд нэг удаа тохиодог уламжлалт үндэсний баяраараа айл өрх бүр элбэг дэлбэг тэмдэглэхийг зорьдог учир бэлтгэлээ хэрэндээ базааж байна. 

Үндэсний үйлдвэрийн бэлгээ иргэд түлхүү сонгож байна

Сар шинийн баяраар бие биедээ гарын бэлэг өгдөг уламжлал гарын алга дээш харуулах билэгдлийг эрхэмлэсэн ёсноос улбаатай. . Бид энэ жилийн бэлэг ямар үнэ ханштай байгааг судлахаар цагаан сард зориулсан үзэсгэлэн худалдааг зорилоо.

Иргэд, буурлууд маань өмнөх жилүүдээ бодвол харьцангуй үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнээ сонгодог болсон ч үнэ хямд Хятадын барааг сонгох нь бас л их байгаа харагдсан.

Иргэд гарын бэлгэндээ ихэвчлэн үнэ багатай ч овор ихтэй зүйл худалдан авч байна.

1500-10000 төгрөгийн бэлгүүд

Худалдаа эрхлэгчдийн хэлснээр эдийн засаг хүнд байгаа гэж байгаа ч иргэд сар шинийн бэлгээ их авч байгаа гэдгийг онцолж байсан. Худалдан авагчид цамц, пудволк, ороолт, аяганы ком, түрийвч, шаазан эдлэл түлхүү авч, сайн зарагдаж байгааг хүмүүс онцлов.

Үзэсгэлэнгээс гараад хэд хэдэн хямдрал зарласан III,  IV хорооллын дэлгүүрээр орж ямар бараа байгаа, хэдэн төгрөгийн үнэтэй байгааг сонирхлоо.

Сар шинийн баярын салшгүй нэгэн хэсэг үндэсний дээл хувцас мөнөөсөө мөн. Үндэсний уламжлалаа хадгалан жилдээ ганцхан тохиох энэ баяраараа гэр бүл, үр хүүхдүүдээ шинэ хувцас өмсүүлэн угтдаг сайхан уламжлалтай ард түмэн. Тэгвэл жилээс жилд үндэсний дээл, хувцас маань загвар, материалаа өөрчилсөөр байгаа. Энэ жилийн хувьд материал нь нимгэн, загварын хувьд ч даруухан дээл зонхилж байна. Үнийн хувьд хүүхдийн дээл 30-70, салоных 150-300, том хүнийх 80-150 , салоных хамгийн багадаа 350 мянгаас  эхэлж байна.

Хүүхдийн насанд хүрэгчдийн жинсэн монгол дээл цамц хүүхэд, залуусын сонирхлыг ихэд татсан шийдэл болж чадсан юм.

Энэ жилийн сар шинийн бас нэгэн гоёл бол үндэсний үйлдвэрлэгч Urban jeans компанийн үйлдвэрлэж буй жинсэн дээл хувцас юм. Үнэ нь боломжийн, загвар сайтай учир борлуулалт ч сайн байгаа аж.

  

Хүүхдийн насанд хүрэгчдийн жинсэн монгол дээл цамц хүүхэд, залуусын сонирхлыг ихэд татсан шийдэл болж чадсан юм.

Сар шинийн баяраа хэрхэн бэлтгэж байгаа талаар иргэдийн санал бодлыг хуваалцлаа.

Төв аймгийн Эрдэнэ сумын малчин С.Мандах

-Сайхан өвөлжиж байна уу. Удахгүй монгол түмний сар шинийн баяр болох гэж байна. Бэлтгэл ажлаа хэр базааж байна вэ?

-Сайхан өвөлжиж байна. Сар шинийн баяраар хэрэглэх зүйлсээ цуглуулахаар хотод ирээд явж байна. Их хөлийн газар гэдэг утгаар нь Нарантуул, Хархорин захуудаар явж хүний гар цайлгах бэлгээ бэлдлээ.

-Танайх сар шинийн бэлтгэл хийхэд хичнээн төгрөг зарцуулах төлөвтэй байна?

-Эхнээс нь хэрэглэх зүйлсээ цуглуулаад явж байна. Ойролцоогоор хоёр сая орчим төгрөг орох байх. Хоттой ойр учраас хэдэн малаа зарж борлуулаад мөнгө болгосон. Махны үнэ хямд байгаа учраас малчдын хувьд бага зэргийн хүндрэлтэй байна.

-Сар шинээр хэрэглэх бараа, бүтээгдэхүүний үнэ өнгөрөгч жилийнхээс өссөн байна уу?

-Өмнөх жилийнхтэй адилхан л байх шиг байна. Харин зах болон бусад худалдааны төвүүдэд төрөл бүрийн үзэсгэлэн гарч байгаа нь нэг дороос бүх юмаа цуглуулахад хялбар болсон байна.

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны иргэн Х.Дорж

-Сайн байна уу. Сар шинийн баяр удахгүй болх гэж байна. Бэлтгэл ажлаа хэр базааж байна даа?

-Бэлтгэл ажил ихтэй л байна. Хэвийн боов, чихэр жимс, цагаан идээгээ авах санаатай явж байна. Нэг үеэ бодвол манайхан цагаан идээгээ түлхүү хэрэглэх шинжтэй болж. Хэд хэдэн цагаан идээ зарж байгаа газруудаар орлоо. Хөл хөдөлгөөн ихтэй байна.

-Сар шинэ тэмдэглэхэд танайх хэдэн төгрөг зарцуулж байна вэ?

-Сая гаруй төгрөг зарцуулах шинжтэй байна. Тэтгэврийн улс бид зээл авч л сар шинээ угтдаг. Гэхдээ хүүхдүүдээс хэдэн төгрөг ирээд тэгээд болгох юм даа.

-Энэ жилийн хувьд дотоодын үйлдвэрлэгчдийн сар шинийн үзэсгэлэн худалдаа олноор гарч байгаа шүү дээ?

-Зурагтаар үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн гарч байгаа тухай мэдсэн. Хүүхдүүд очоод хүний гар цайлгах бэлэг сэлт авчирсан байсан. Их аятайхан бүтээгдэхүүн харагдаж байсан шүү.

-Сар шинийн баярзарим иргэдэд дарамт болдог. Зардал багатай тэмдэглэн өнгөрүүлэх боломж байгаа болов уу?

-Жилдээ ганц болдог баяр учраас аль болох элбэг дэлбэг тэмдэглэх нь зүйн хэрэг. Энэ бол монгол үндэстний хамгийн том баяр шүү дээ. Дарамт багатай тэмдэглэнэ гэвэл хүн бүрт бэлэг өгөх гээд байсны хэрэггүй. Хүүхдүүдэд л бэлэг өгвөл болох юм шиг санагддаг.

Хан-Уул дүүргийн иргэн М.Бадарч

-Сар шинийн баяр удахгүй болох гэж байна. Танайх хэдэн төгрөгөөр бэлтгэл ажлаа базааж байна даа?

?Баяр болох гээд гадуур хөл хөдөлгөөн ихтэй л байна. Хүүхдүүд маань гадаадад амьдардаг юм. Хүүхдүүдээс хэдэн төгрөг ирдэг болохоор хөгшин бид хоёр учрах хүндрэл бага л байна. Хөгширч байгаа болохоор гадуур гарч юм цуглуулна гэдэг хэцүү болжээ.

Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс хүний гар цайлгах бэлэг бэлдэхэд нүүр улайхааргүй болсон нь харагдлаа.

-Гадуур бараа бүтээгдэхүүний үнэ ямар байна. Хэр сонголттой байх шиг байна?

-Манайд жил ирэх тусам л үнэ өсөж байдаг. Харин сонголтын хувьд хүн бүрт түрүүвчнийхээ хэмжээгээр сонгоод авах боломжтой байна. Манайхан нэг үеэ бодвол эх орондоо үйлдвэрлэл явуулаад эхэлсэн нь харагдаж байна. Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс хүний гар цайлгах бэлэг бэлдэхэд нүүр улайхааргүй болсон нь харагдлаа.

-Сар шинийн баярыг дарамт багатай тэмдэглэн өнгөрүүлэх боломж байгаа болов уу?

-Миний бодлоор бэлэг өгдөгөө зогсоовол дарамт багатай тэмдэглэж болно гэж боддог. Бэлгэнд л ихэнх мөнгө яваад байна. Түүний оронд хүүхдүүдийн гар цайлгаад болно шүү дээ. Ганцаараа бэлэг өгөхгүй гээд байх бас хэцүү. Олныхоо жишгийг дагаад л явж байна даа.

Иргэд ийм баяр суурьтай байна.Монгол түмний их баяраа өргөн дэлгэр, элбэг дэлбэг тэмдэглэх нь зүйн хэрэг. Олон иргэнтэй уулзаж ярилцахад "Болно доо, бүх зүйл сайхан болно" гэсэн сайхан үгээр угтаж байсан. Амны билгээс ашдын билэг гэдэг учир монголчууд сайхан үг хэлэлцэн, ерөөж баяраа угтдаг заншлаа хэвээр авч үлдэхийг хичээж буй нь илт. Та бүхэн сайхан баярлаарай.